зөвлөгөө

“Гарьд магнай” киноны жүжигчин Далайцэрэн буюу Д.Батдорж: “Би архи их уусан. Кинонд тоглосны дараахан хүн бүр л архи бариад ирдэг байсан юм” – Хадгалаад аваарай

“Би а.р.х.и их уусан. Кинонд тоглосны дараахан хүн бүр л а.р.х.и бариад ирдэг байсан юм”

“Гарьд магнай” кинонд гүдэсхэн, эр бяр нь тэгширсэн бөхийн дүрийг бүтээж монголчуудын бахархал болж хайрлагдсаар яваа нэгэн бол Далайцэрэн буюу Д.Батдорж юм. Түүний бүтээсэн дүр өнөөг хүртэл монголчуудын нүд, чих, сэтгэлийг баясгасаар өдөр бүр үнэ цэн нь нэмэгдэж байна. Далайцэрэн хэмээх дүрийг мартаж чадахгүй болтол мөнхөлж чадсан түүнд эрчүүд атаархаж, хүүхнүүд сэтгэл алдарч явсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 1982 онд цэргийн алба хаахаар яваад тамирчин, жүжигчин болж “Гарьд магнай” киноны Далайцэрэн, “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээж цэргийн албаа хаасан арвин түүхтэй нэгэн. Булган аймгийн Сайхан сумын харьяат тэрбээр эцэг, эхээс есүүлээ.

Таван ах, хоёр эгч, нэг эмэгтэй дүүтэй. Зургадугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан түүнийг ах, эгч нар нь гар, хөлийн үзүүрт зарж, түлээ, мод, ус, чулуу, хадлан тариалан зөөж, хөдөөгийн хүүхдийн хийж болох бүхнийг амжуулдаг байсан гэдэг. Тийм учраас түүний бие бялдар хөгжиж, үеийнхнээсээ том биетэй болж, барилдах сонирхолтой болсон гэдэг. Барилдах сонирхолтой болсноосоо хойш ангийнхан болон гудамжинд барилдах сонирхолтой хэн бүхэнтэй “ноцолдож” дээл, өмд, цамц, гутлаа салбайтал урчихаад шөнө дөлөөр гэртээ орж ирдэг байжээ. Түүний энэ байдалд аав, ээж нь дургүйцдэггүй байж. Харин ч ээж нь “Манай бага хүү бөх болох нь” хэмээн баярлаж, ханзарч, урагдсан хувцсыг нь урмын үгтэй хамт нэг нэггүй оёж өгдөг байсан тухай бага насны дурсамжаа хуваалцсан юм. Бидний яриа ийнхүү түүний ажил амьдрал, Далайцэрэнгийн дүрийг хэрхэн бүтээсэн талаар ийнхүү үргэлжилсэн билээ.

-Таны аавыг Аймгийн заан цолтой гэж сонссон. Танд бөхийн удам бий юү?

-Миний аавыг Шаравын Даваа гэдэг. Барилддаг сайхан биетэй эр байсан. Миний өвөө, өвөөгийн дүү хоёрыг тухайн үед “Буутай бослогод хөдөлгөөн хийсэн” гээд буудаж хөнөөсөн юм билээ. Тэгээд манай аавыг төрсөн дүүгийнхээ нэр рүү шилжүүлсэн гэдэг. Аавыг минь улсын баяр наадамд дөрвийн даваанд барилдаж байхад нь хүмүүс баривчлахаар ирэхэд нь аав наадмаа орхиод зугтсан юм билээ. Харин ээжийн талд бөхий удам бий. Тухайлбал, Улсын арслан Д.Азжаргал, Улсын харцага Д.Пүрэвдорж нар миний ээжийн ойрын хамаатан.

-Та хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ. Багаасаа барилдах сонирхолтой байсан юм байна?

-1979 онд Ш.Батсуурь аварга, Г.Пүрэв-Очир начин тэргүүтэй хүмүүс 18 аймгаар том биетэй хүүхэд хайж яваад, намайг олсон юм билээ. Тухайн үед Өвөрхангай аймгийн Тогтоол бид хоёр тэнцсэн гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод улсын шигшээ багт авчирч бэлтгэл хийлгэсэн юм. Тэр үед би албан ёсоор бэлтгэл хийж үзсэн юм. Надтай хамт ирсэн Тогтоол удалгүй буцаж, би хоёр, гурван сар дараа гэрээ санаад харьж байсан юм. 1982 онд цэрэгт явахдаа Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай Сүхбаатар аймгийн 152 дугаар ангид орсон юм.

-Цэрэгт яваад удалгүй Алдарт спорт хорооны тамирчин болж, Далайцэрэнгийн дүрд шалгарч байсан гэдэг байх аа?

-Том биетэй байсныг хэлэх үү, цэргийн албанд очоод удалгүй “Алдарт спорт хороонд тамирчнаар ирж байсан. Тухайн үед би Үндэсний бөхөөс гадна жүдо, чөлөөт бөхөөр барилддаг, 110 кг орчим жинтэй байсан. Удалгүй манай спорт хорооноос “Гарьд магнай” киноны багийнхан болох найруулагч Ж.Бунтар, Б.Чимэддорж нар Далайцэрэнг сонгохоор очсон юм билээ. Тэгээд Алдарт спорт хорооны ихэнх тамирчин Кино үйлдвэрт очиж шалгаруулалтад орж байсан. Хэдхэн хоногийн дараа Улаанбаатар зочид буудалд хоол идээд байж байтал Насаа багш “Нааш ир миний хүү, Чи кинонд тоглохоор болсон” гэлээ. Тэгэхээр нь би “Багшаа би ёстой тоглож чадахгүй” гэтэл “Чи заавал тоглох ёстой гээд “24” автомашинд суулгаж Ж.Бунтар найруулагч, Тавхай хурандаатай хамт Ёндон генералтай уулзаж, надад жилийн чөлөө авч, кинонд тоглохоор хөдөө явж байлаа.

-“Гарьд магнай” кинонд тоглох үеийн хөгжилтэй, хөгтэй олон дурсамж бий байх. Сэтгэлд хамгийн ойр байдаг хэсгээсээ ярьж өгвөл?

-Хамгийн анх тэмээн жингийн цуваатай өвлийн зураг авсан. Төв аймгийн Бүрэн суманд кино зураг авсан тэр хэсэгт би Очир ахаас “Нэхий нударгатай, зайдан морьтой хүн авсан гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” гэж асуух ёстой байсан юм. Намайг үгээ цээжилж, бэлдэж байхад хүн бүр “Болж байна” гээд байсан гэтэл зураг авах дохио өгөхөөр нь сандарч, айгаад үгээ шүлэг уншиж байгаа юм шиг уншаад, хэлж чадахгүй дөрөв хоносон. Нэг орой найруулагч дуудаж байна гэхээр нь гэрт орох гэтэл “Энэ тэнэг гэхэд арай тэнэг хүн байна. Биднийг энэ жил яаж зовоох юм бол доо” гэж ярихыг нь санамсаргүй сонсоод дотор сонин болоод эхэлсэн. Тэгээд гэрт ортол Ж.Бунтар найруулагч

“Миний хүү дээшээ суу. Гэрээ санаж байна уу, хоолондоо цадаж байна уу. Манай мундаг жүжигчид анх кинонд тоглохдоо чамаас дор байсан. Чи тэднийг бодвол сайн тоглож байна” гэлээ. Тэгэхээр нь би “Би хүний өмнө шүлэг ч уншиж үзээгүй. Би кинонд тоглож чадахгүй юм байна. Би та нарын миний тухай ярьж байгааг сонссон” гэтэл найруулагч босож ирээд “Чи цэргийн үүрэг даалгавар биелүүлэх гэж ирсэн болохоос биш эрхлэх гэж ирээгүй. Чи тоглож чадахгүй гэвэл шоронд орно” гээд гэрээс хөөгдөөд гарч байсан. Шоронд орохоос айгаад удалгүй иргэж ороод “Би тоглоё” гэсэн юм. Тэгээд маргааш нь амжилттай үгээ хэлж,. Далайцэрэнд дараагийн алхам бий болсон юм. Далайцэрэнгийн дүрийг бүтээхдээ би жүжиглэх гэхээс илүү өөрийнхөөрөө тоглосон гэж боддог. Тийм болохоор өнөөдрийг хүртэл үзэгчдийн сэтгэлд хүрч, мартагдаагүй байх.

-Та Далайцэрэнгийн дүрийг бүтээчихээд өөрөөрөө бахархаж байв уу?

-Өнөө цагт барилдаж байгаа мундаг бөхчүүд надтай уулзаж ярихдаа “Би таны киног үзээд Далайцэрэн шиг болно гэх мөрөөдөж, бэлтгэлээ хийдэг байсан” гэж ярьдаг. Тэдний яриаг сонсохоор өөрийн эрхгүй өөрөө бахархах мэдрэмж төрдөг юм.

-Тэгвэл Далайцэрэнгийн дүр олон аваргыг төрүүлсэн байх нь ээ?

-Бөхчүүдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж, тэдний хүсэл мөрөөдлийг бадрааж байсан юм болов уу гэж боддог.

-40 жилийн дараа киногоо үзэхэд ямар санагддаг вэ. Чамлах зүйл бишгүй байдаг уу?

-Киноныхоо бүх хэсэгт хайртай. Хөгширсөн хойноо өөрийнхөө тоглосон киног үзэх сайхан юм байна. Залуу насаа санахаараа киногоо зорьж үздэг. Залуудаа киногоо үзэхээр засаж, залруулах зүйл байгаа юм шиг санагддаг байсан. Нас ахихаар түүнийг ч мэдэрдэггүй юм байна. Ж.Бунтар найруулагч надад “Хоёр туулай хөөх хэрэггүй. Чи бөх, жүжигчин хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй. Ер нь жүжигчин болсон нь дээр дээ. Настай болсон ч, бурхан болсон ч чи залуу хэвээрээ байж л байна. Кино гэдэг мөнх юм шүү” гэж байсан. Тухайн үед надад кино драмын ангид сурах, самбо бөхөөр хичээллэх боломж байсан. Би алийг нь ч сонгоогүй.

-Хожим танд аль нэгийг нь сонгодог байжээ гэх бодол, харуусал төрж байв уу?

-Би өөрөөсөө болж бүхнийг орхисон. Кинонд тогло, кино драмын ангид сур, бөх бол гэхэд алинд нь ч очоогүй. Өөрийнхөө хэмжээнд л чадахаараа барилдсан. Цэрэгт явж, кинонд тоглосон гурван жилдээ бэлтгэл хийгээгүй учир үеийн залуучуудаасаа хоцорсон байсан. Хэрвээ кинонд тоглоогүй бол өөр байх байсан гэж боддог. Гэхдээ кинонд тоглоод буруудсан зүйл байхгүй. Би улсын наадамд хоёр, гурван удаа барилдаж байлаа. Намайг хүүхэд байхад аав минь үлгэр домог, монгол ёс заншил, бөхийн тухай их ярьдаг байсан. Аавынхаа яриаг сонсоод бөх болох юм сан гэж мөрөөддөг байж билээ. Би лагерын бөх байлаа. Лагер дээр очиж хүүхдүүдтэй барилдаж, давахаар настай хүмүүс нэг ширхэг чихэр, ёотонгоор шагнадаг байсан. Түүнд нь урамшиж бүр илүү барилдах хүсэлтэй болдог байж билээ.

-Орчин үед таны зүрх сэтгэлийг юу хамгийн их эмзэглүүлж байна вэ?

-Хэдийгээр улс орон хөгжиж байгаа боловч нөгөө талаар сүйрч байгаа юм шиг санагддаг. Хүссэн бүхэн нь гадаад яваад сайхан болж бидний үед сайн бөхчүүд тэмцээнд оролцохоор гадаад явдаг байсан. Монголчууд ёс заншил, соёлоо мартаж байгаад харамсаж байна. Сүүлийн үеийн кинонд ямар ч соёл, хүнд үлдэх зүйл байхгүй болсон байна лээ. Үүнд их харамсдаг. Кино бол өв соёл, ёс заншил тээгч байх ёстой гэж боддог.

-Цэрэгт байх хугацаандаа хоёр кинонд тоглочихоод ирэхэд нь аав, ээж нь их баярласан байх. Та аав, ээжийгээ хэзээ баярлуулсан гэж боддог вэ?

-Намайг Алдарт спорт хороо руу бэлтгэлдээ явж байтал нутгийн ах ирчихсэн, байхаар нь долоо хоногийн чөлөө аваад гэр рүүгээ явсан юм. Би шөнө харьсан таарсан юм. Гэтэл аав эмнэлэгт хэвтчихсэн ээж минь ганцаараа хонож байсан юм. Гэртээ ороод гэрлээ асаатал намайг ороод ирнэ чинээ санаагүй ээж минь мэл гайхаад намайг тэвэрч, үнсээд жигтэйхэн их баярласан. Тэгээд л ээжийнхээ өвөрт наалдаад л унтаж билээ. Маргааш нь ах нартай хамт аавтайгаа очиж уулзсан. Аавын бие тааруу байсан болоод ч тэр үү надтай уулзах юм сан гэж их ярьдаг байсан юм билээ.

Тэр үед аав минь намайг хараад мэгштэл уйлж, намайг харж хөөрөөд, “Эмнэлгээс гаръя. Би зүгээр болчихлоо” гээд гарч байсан. Тэр үед л аав, ээж минь надад их баярлаж байсан болов уу гэж боддог. Долоо хоногийн чөлөөтэй ирчихээд гэрийнхэндээ 14 хоногийн чөлөөтэй гэж худлаа хэлж байсан. Аав минь намайг кинонд тоглосон гэдгийг мэддэг байсан ч үзэж чадаагүй бурхан болсон доо. Харин ээж минь хачин их баярлаж үзсэн сурагтай байсан. Тухайн үед одоогийн олны танил залуучууд шиг “од” болчихсон байсан юм билээ. Түүнийгээ ч мэдэхгүй явдаг байж дээ. -Би наадмын түрүү байнд 16 даага, 20-аад медаль авч байсан юм билээ

-Та ээждээ хэр их наадам үзүүлж чадсан бэ. Ээж нь таны барилдааныг үздэг байв уу?

-Аавыг бурхан болсноос хойш би наадам болгонд ээжийгээ дагуулж явдаг байсан. Барилдаад заримдаа унахаар ээж “Унаад байхдаа яадаг юм” гээд уурладаг байсан. Нэг намар ээж “Миний хүү, гэрээ дулаалах хэрэгтэй байна” гэхээр нь би “Булганы Бүрэн, Сайхан сумын наадам болно гэнэ. Барилдаж ирээд дулаалъя” гэж хэлээд явсан юм. Хоёр наадамдаа түрүүлчихээд хэд хоног үеийнхэнтэйгээ айраг ууж, хуруудаад Орхон суманд очиж барилдаад дөрөвт үлдсэн юм. Ийнхүү наадам хэссээр байтал сарын хугацаа болчихсон байсан. Тэгээд гэртээ иртэл ээж намайг шанагаар цохиж хөөгөөд, наадамд явна гээд дэмий тэнэлээ гэж уурлаж байсан юм.

-Тухайн үед түрүү бөхийн байнд юу өгдөг байсан юм бэ?

-Тухайн үед түрүү бөхөд халуун сав, нугастай толь, хоргой, цай өгдөг байсан. Би наадмын түрүү байнд 16 даага, 20-аад медаль авч байсан юм билээ.

-Таны үндсэн мэх юу байв?

-Миний үеийн бөхчүүд ихэвчлэн угсраа мэх хийдэг байсан. Давхар хамах, мордох, тонгорох, суулих мэх мэт. Тэд жин багатай байсан болохоор уран барилдаан их хийдэг байсан юм. Би ихэвчлэн хавирдаг байсан даа.

-“Гарьд магнай” кинонд Далайцэрэнгийн бие нь задарч, бяр ордог хэсэг гардаг шүү дээ. Бодит амьдрал дээр таны бяр амтагдаж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Бяр орохоор барилдмаар санагдаад нойргүй хонох үе ч бий. Яг л уяа сойлго нь таарсан морь шиг байдаг юм. Тэгээд маргааш нь наадамд түрүүлэх ямар сайхан гээч.

-“Гарьд магнай” кинонд та хэдэн кг ачаа үүрсэн бэ?

-Архангай аймгийн Шивэртийн амралтад тэр кино зургийг авсан юм. 150-160 метр газар даалин даавуунд ороосон 160 кг элс, чулуу үүрсэн. Би тэр хэсэгт нүүрээ чинэрүүлж, улайлгаж жүжиглэх байсан. Зуны халуунд хүнд ачаа үүрэх амаргүй байсан даа. Кино үүгээр эхэлдэг болохоос биш. Зураг авалт дуусах дөхсөн үед авсан болохоор хүнээс үг сонсож, дээрдсэн байсан үе.

-Та а.р.х.и уудаг байв уу?

-Би цэргээс ирснээс хойш архи их уусан. 10-аад жилийн өмнөөс уухаа больсон. Кинонд тоглосны дараахан хүн бүр л архи бариад ирдэг байсан юм.

-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

-Манай эхнэрийг В.Батдэлгэр гэдэг. Амгаа зааны эгчийнх нь хүүхэд. Түүний ах Алдарт спорт хорооны гүйдэг цэрэг байсан юм. Тэгээд бид танилцаж байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Эхнэр минь хувьдаа эмнэлэгтэй.Түүндээ ажилладаг.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!