УНШААД НУЛИМСАА БАРЬЖ ДИЙЛСЭНГҮЙ ЭЭ

Тэр их царайлаг охин байсан гэсэн. Царай төрхөөрөө нутагтаа шагшигдсан. Урт үстэй, тэрийгээ хоёр хуваагаад сүлжчихдэг. Аав түүнд анхны харцаар л дурласан гэсэн. Аав ч нутагтаа сайхан залуу байсан юм шиг байна лээ. Том ах нарынхаа гоё гоё моринуудыг гуйж унаад ээж рүү давхидаг байсан гэсэн. Шөнө болохоор гэрээс нь нэлээн зайтай морио уячихаад сэмээрхэн ээжийн байдаг илүү гэр лүү алхаж очоод хаалгыг нь тогшдог. Хөдөөгийн залуус голцуу морьтой болзоцгооно. Дунд сургуулиа төгсөөд л тэр хоёр мал дээр гарцгаасан. Хорин насандаа сууцгаагаад, таван жилийн дараа аавын 25- ны жил дээр эгч маань, дараа жил нь би хорвоод мэндэллээ. Намайг 3 хүрдэг жил бид зуднаар хамаг малаа алдсанаас болоод амьдрах ямар ч аргагүй болж хотод ирсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хөдөө хамаг юмаа хийгээд сурчихсан хүмүүст хотын амьдрал шал өөр. Ажил төрөл олдохоос авахуулаад амьдрал нь тэс өөр болчихсон. Аав маань өргөмөл, аавыг өргөж авсан ахын хамаатны хашаанд буусан юм. Тэр айл зах дээр наймаа хийдэг. Тэр шугамаар нь аав зах дээр тэрэг түрдэг байж байгаад яваандаа хүзүүнээсээ цаасан хайрцаг уячихаад жижиглэнгээр наймаа хийдэг боллоо. Шүгэлтэй модон чихэр, Хятадын чавга, Касперны зурагтай сырок гээд л есөн бусын юм зарна. Аавыг ажлаасаа ирэхийг эгч бид хоёр тэсэн ядан хүлээнэ, гоё чихэрнүүд авчирдаг болохоор нь. Тэр шүгэлтэй модон чихэр, каспертай сырокыг л идэж өссөн бид хоёр. Сүүлдээ аав танидаг ахтайгаа хамт жолооны курст суугаад тэрнээс хойш дандаа машин тэрэгтэй холбоотой ажил хийдэг болсон юм.
Хотод автобус баазад ажиллаж байгаад нэг инженер ахыгаа дагаад уурхайд том тэрэг барьж эхэллээ. Их л зориг гаргаж явсан байх, хоёр хүүхэд эхнэрээ үлдээчихээд олон хоногоор Чойрт хийх ажил. Тэр хойгуур ээж эгч бид хоёрыг чадах чинээгээрээ л өсгөөд явж байлаа. Их сайн санадаг юм, ээж ажилд ороод удалгүй 1 сар болоод ч юм уу гарчихдаг. Тэгээд дандаа гэрийнхээ ойролцоох газруудаар ажил хайна. Дээд боловсролгүй болохоор олдсон хар бор ажлуудыг хийнэ. Цайны газар угаагч, цэвэрлэгч гээд л. Огт ажил хийхгүй байя гэхээр аав удаж ирдэг болохоор гэрт хэрэглээний мөнгө хэрэг болно. Бид хоёр жаахан байсан болохоор тогтвортой ажиллаж чадахгүй байсан юм шиг санагддаг юм. Аав Чойрт уурхайд ажилд ороод жил гаран болчихсон байлаа.
Би найман настай, эгч 9-тэй л байсан. Нэг өдөр эгч бид хоёр гэртээ хичээлээ хийгээд сууж байтал гаднаас ээж дүүтэйгээ ороод ирлээ. Явж аавтай нь уулзая гэв, бид хоёр бөөн баяр олон сар аавыгаа хараагүй хүүхдүүд. Намрын сүүл сар, өвөл болох гээд сэрүү орчихсон болохоор бид хоёрыг дулаан хувцаслана. Вагоноос буугаад цаашаагаа машин хөлслөөд яваад л байсан, яваад л байсан. Манай аав ийм л хол газар ажилладаг юм байхдаа гэж би дотроо бодно. Аав гарч ирээд барьж авч үнсээд бид хоёрыг хөтлөөд дотогш орууллаа. Бид хоёр аавынхаа өрөөнд ороод ирчихсэн бөөн баяр. Хоёр давхар ортой. Аав нь хоёр давхарт нь унтдаг гээд л аав өрөөгөө сонирхуулж байгаад яг цонхоор хартал бид хоёрыг авч ирсэн машин шууд яваад өгсөн.
Ээж буухгүй явчихлаа гээд бид хоёр хэлсэн чинь аав юу ч дуугардаггүй. Тэгэхээр нь бид хоёр ээж орхиод явчихлаа, ээжийг авчир гээд баахан уйлсан. Аав зайлуул бид хоёрыг аргадах гээд цуйван барьж гүйж ирээд л. Тэр цуйванг ёстой мартдаггүй юм. Манай аав ногоо иддэггүй байхгүй юу, тэгсэн ажлынх нь газрын тогооч ганцхан манай аавд зориулж ногоогүй хоол хийж өгдөг гээд тэрийгээ хөөрхөн хэлж өгөөд л. Дан махтай, гурилтай цуйван бариад ирчихсэн. Бид хоёр тэр шөнөжингөө ааваас ээжийг нэхэж уйлсан даа. Маргааш өглөө болоод аав шууд ажлаасаа гарчихсан. Яагаад ингээд харьчих байсан юм бол ээж түрүүлээд явчихаж байгаа юм, өчигдөр яагаад ээжтэй хамт яваагүй юм гээд бид хоёр асууна.
Бид гурав гэртээ ирлээ. Ээж өөрийн гэх бүх юмаа аваад явчихсан байсан. Ээжийн гэх юу ч байхгүй. Хоёр, гурван өдөр галлаагүй гэр цэв хүйтэн, хүйт даагаад хөндий оргино. Бид хоёр гэрээ хараад бүхнийг ойлгосон, ээж дахиж ирэхгүй юм байна гэдгийг. Одооноос гурвуулаа амьдрана аа гэж хэлээд аав инээсэн. Тэрнээс хойш бид гурав хоол ундгүй хэсэг байлаа. Хоёр охиноо хаяад хөдөө явж болохгүй болохоор түрээсийн машин авсан. Тэр үед чинь хүнтэй гэрээ хийгээд өдөрт 15 мянгын түрээс төлөөд машиныг нь унадаг байсан юм. Өдөр болгон төлсөөр байгаад хоёр жилийн дараа машин нь өөрийнх нь болдог. Аав нэг ахаас Элентра гэдэг машин аваад хотод таксинд явдаг боллоо. Оройдоо бид хоёрыг үлдээж болохгүй болохоор хоёр жижигхэн юмыг урдаа суулгаад бүсийг нь бүсэлчихнэ. Гурвуулаа оройжин таксинд явна.
Бид хоёр аавд хань болсон ч юм байхгүй 10 гээд л унтаад өгнө. Шөнө 3,4 хүртэл таксинд явна. Гадуур хүн муу байвал өдрийн түрээсийнхээ мөнгийг л өгөөд таарна. Тийм үедээ бид гурав дулаан хөнжилдөө ороод тэврэлдээд л унтчихаж байгаа юм чинь. Гүрийнэ. Түлээ нүүрс байхгүй үед ус буцалгагчиндаа хоол хийж иднэ. Тэр үеийн ус буцалгагч дотроо мушгиа төмөртэй, тэр төмөрнийх нь голоор будаа орчихно.
Ус буцалгагчин дотор амьдрал явдаг байлаа. Аавын машин заримдаа эвдэрчихнэ. Эвдэрсэн үед нь бид гурав огтоос юу ч үгүй хононо. Сайхан өлссөн чигээрээ тэврэлдэж унтаад өглөө нь аав эрт босоод энд тэндээс мөнгө гуйж аваад машинаа засуулна. Тэгээд л халтуурандаа дахиад гарна. Бид гурав газраар ор засч унтдаг, аав хамгийн захад нь би дунд нь гээд зэрэгцээд унтдаг байсан. Шөнө бид хоёрыг унтчихсан гэж бодоод цаашаа хараад аавын мэгшитлээ уйлж хоносон шөнүүдийг нь би санадаг.
Амьдралд шантраад л уйлдаг байсан байх. Би сонссон ч сонсоогүй юм шиг хөдлөхгүй хэвтэнэ. Хэрэв ааваа та уйлаад байгаа юмуу гээд асуучихвал энэ хүн улам шантрах байх, хоёр охиндоо нулимсаа харуулчихвал өөртөө итгэх итгэл, бардам сэтгэл нь алга болчих байх гэж бодоод гүрийгээд хажууд нь унтсан дүр эсгэн хэвтэнэ. Олон шөнө сонссон доо. Нэг өдөр Чойрт хамт ажиллаж байсан хамаатны дүү нь шинэ ажилд орсноо аавд хэллээ.
“Та бас энэ ажилд орчихооч Болдоо ахаа, цалин нь өндөр хүүхдүүдэд чинь хэрэгтэй. Таксигаар амьдралаа залгуулна гэж байхгүй. Хоёулаа хамт энэ ажилд явая гэлээ. 24 хоног гараад, 14 хоног ажилладаг ажил. Бид хоёр чинь бүр томроод 14,15-тай болчихсон байсан юм. Аав ч зориг гаргаад дүүгээ дагаад ажиллахаар боллоо. Өмнөговь руу. Бид хоёрт хамаг юмаа захиж захиж л явсан. Такси барьдаг үеэс хамаагүй амьдрал дээшилж байгаа юм чинь, хоосон хонодог өдрүүд байхгүй болж хэрэглээнээсээ хэтрэхгүй ч ямар ч л байсан түлээ, хоолоороо тасрахаа болив. Дэвтэр ном, хувцас хунараар ч дутахгүй.
Ингэмээр байна тэгмээр байна гэхээр мөнгө төгрөг нь болохгүй байсан ч аав нь бүтээнээ гээд л дэмжинэ. Аав бид гурав бүх юмаа л ярилцдаг. Сарын тэмдэг, xөx ургалт, үерхэл нөхөрлөл. Аав ч бас бидэнд ямар эмэгтэйтэй уулзаж байгаагаа нээлттэй ярина. Аав нь тийм эмэгтэйтэй тэгж уулзаад гээд бид хоёрт ярьж зургийг нь үзүүлдэг, эсвэл гадуур бид хоёрыг дагуулж явж уулзаж байгаа эмэгтэйтэйгээ хамт хоолонд ордог, тэгсэн хэрнээ огтоосоо гэртээ дагуулж ирэхгүй. Бид хоёр нэг удаа хэлсэн юм “Ааваа бид хоёр том болчихлоо. Одоо бид хоёр ойлгоно шдээ. Та сайхан эхнэр аваач гэж.
Аав тэгэхээр өөдөөс “Миний хоёр охин Орхидос гээд киног үзээгүй юу? Тэрэн дээр хойд эх нь охиноо бүр аймар 3oдоод хайрч майраад байдаг юм байна лээ. Намайг хөдөө явсан хойгуур миний хоёр охиныг 3oдож нvдээд, тaмлаж зoвоогоод байвал яах юм. Та хоёрыг тэгж 3овоож байснаас эхнэргүй явсан нь дээр” гэнэ. Хоёр жаахан охинтой гээд гэртээ эмэгтэй хүн битгий хэл, найз нөхдөө ч огт авчрахгүй. Намайг 18 хүрдэг жил, ээж аавтай холбоо бариад хоёр охиноо хэр том болсныг хармаар байна гэсэн юм шиг байгаа юм. Бид хоёр аавыг эхнэр авахгүй юм уу гээд ярьж байсан чинь гэнэт “Хүнд ер нь ээж хэрэгтэй байдаг гээд гэнэт ээжийг яриад эхэлсэн.
“Ер нь ээжтэйгээ нэг удаа уулзаж үзсэн нь дээр. Ээж чинь над шиг л хөгширчихсөн байгаа. Эх хүн юм чинь хоёр үрээ санаад сэтгэл нь эмтэрч л байгаа. Нэг удаа л уулзчих” гэсэн. Тэгээд л бид хоёр аавыг нухацтай яриад байгааг ойлгосон. Бид хоёр болохоор уулзах нэг их дуртай биш, найман наснаасаа хойш ээж гэдэг үгийг ашиглахаа больчихсон, ээжийн талын хамаатнууд ч салснаас нь хойш ор сураггүй холбоо тасарсан болохоор тэрэнд нь жаахан дургүй. Аав бид хоёрыг ээжтэйгээ уулзчих гээд шантрахгүй бараг нэг сар гаруй ятгалаа. Нэг тоглоом хийхдээ хүртэл Ээжтэйгээ уулзчихаач гээд инээнэ
Бид хоёр гүрийж гүрийж байгаад аавыг гуйгаад байхаар нь Заза аав ингэж байгаа бол ганц уулзахад яахав дээ гээд Эрдэнэт рүү явахаар боллоо. Манай ээж салаад Эрдэнэт рүү явчихсан юм байна лээ, дүү нь тэнд байдаг. Нөгөө бид хоёрыг Чойр луу хүргэж өгөхөөр ирдэг дүү нь шүү дээ. Эрдэнэтэд очсон чинь ээж биш тэр дүү нь тосож аваад тэднийд очлоо. Ээж нөхөр хоёр хүүхэдтэй болчихсон, гэрээсээ хүрч ирж уулзах байлаа. Сууж байсан чинь гаднаас нэг эгч ороод ирсэн. Сайн байна уу гэснээ манай эгчийг үнсээд байхаар нь би эгчийн таньдаг хүн юм байх гэж бодсон чинь ээж байсан. Би ээжийг хараад таниагүй.