“ЭP XҮНД ГOЛOГДOOД ЖИPЭMCЭН ХОЦОРНО ГЭЖ БОДОЖ БАЙСАНГҮЙ ЭЭ…”

“ЭP XҮНД ГOЛOГДOOД ЖИPЭMCЭН ХОЦОРНО ГЭЖ БОДОЖ БАЙСАНГҮЙ ЭЭ…”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байцгаана уу. Энэ захиаг уншиж байгаа өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Би одоо 33 настай эмэгтэй. Ихэнх хүний хувьд үр хүүхэдтэй болоод амьдрал гэр бүлээ зохиогоод аль хэдийн хөлөө олчихсон байдаг нас. Зарим нэгний хувьд үр хүүхэдтэй болоогүй ч хэдийн эхнэр, нөхөртэй болчихдог нас.
Харин миний хувьд аль нь ч биш юм шиг. Гэхдээ өнөөдөр би энэ тухай ярих гэсэнгүй ээ. Өөрийн алдааг та бүхэнтэй хуваалцаж зарим нэгэнд сургамж болоосой, харин надад тулгараад байгаа асуудалд чин сэтгэлийн зөвлөмж ирээсэй л гэсэндээ бичиж байна.
Би Улаанбаатар хотод төрж өссөн унаган хотын охин, мэргэжлээрээ хоёр өөр газар зэрэг ажилладаг амьдралдаа, ажилдаа өөрийн байр сууриа олох гэж хичээж буй жирийн л нэгэн бүсгүй. Хамгийн анх 21 настайдаа хүнтэй үерхэх нь битгий хэл хөтлөлцөж ч үзээгүй байхдаа найз охиныхоо ахтай нь үерхэж байлаа.
Зургаан жил үерхсэн. Анхны гэсэн бүх л зүйлээ зориулсан. Маш сайн залуу. Их дуулгавартай, тусархуу, бас сайхан сэтгэлтэй. Би их сургуулиа төгсөөд ажил хийгээд жилийн дараа гэрийнхнээсээ тусдаа гарч өөрөө амьдралаа болгоно гээд байр түрээслэн амьдарч найз залуугаа хажуудаа авчирсан юм.
Эхэндээ миний ажил хийж олдог цалин бид хоёрт хангалттай хүрэлцээтэй, дажгүй байдаг байсан хэдий ч мэргэжил байхгүй түүнийгээ нийгэмд байр суурь эзлүүлэх гэж өөрийнхөө ажиллаж байсан компанид засварчингаар оруулаад гэрээ хөөрхөн тохижуулаад л овоо байдаг байлаа.
Гэтэл хэдэн сарын дараа манай найз залуу ажлынхаа хамгийн хэцүү залуутай нийлж шөнө орой орж ирэх, хонуут өнжүүтээр явах, янз бүрийн хүүхнүүд залгах, утсан дээр нь бас янз бүрийн хүүхнүүдийн зургийг хадгалах зэрэг асуудлууд гаргадаг боллоо.
Асуухлаар би чамайгаа хуураагүй ээ, ажлын газрын тэр л ийм юм хийж байхгүй юу гээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм их ярьдаг болсон. Би ч тэр үедээ юмыг сайн бодож тунгаадаггүй их ч омголон байж дээ.
Уурлаж хэрүүл нэхээд л тэгэх тусмаа найз залуугаа өөрөөсөө түлхэж байгаагаа мэдээгүй. Удалгүй ажлаас нь гаргаж өөр газарт оруулсан ч бас л тэндэхийнхээ эмэгтэйчүүдтэй холбогдож нэгэнтэй нь илт их л дотно байдаг болсон юм.
Нэг орой би залгаад байхлаар нь утсыг нь аваад эхнэртэй хүнээр битгий оролдоод бай гэж их муухай хэлээд хэрэлдсэн. Тэгээд л найз залуугаа чи намайг сонго эсвэл энэ хүүхнээ сонго гэхэд мэдээж чамайг шүү дээ гээд л өнгөрсөн.
Даанч тэр шөнөө нөгөө xүүxнийг coгтуу залгахад, хаа байгаа газар нь очиж гэрт нь хүргэж өгөх ёстой гээд гарч явсан юм. Битгий л дээ гэж уйлаад гуйхад хаяад гарсан.
Тэр шөнөдөө буцаж ирсэн хэдий ч эмэгтэй хүн тийм байдаг юм уу би тийм юм болов уу уучилж чадахгүй гээд тэр шөнө нь хамаг хувцас хунарыг нь боож өгөөд зургаан жилийнхээ үерхэлд цэг тавиад явуулж байлаа.
Гаднаа уучилсан дүр эсгэж хамтын амьдралаа үргэлжлүүлж болох байсан ч зүрх сэтгэл минь хэзээ ч уучилж чадахгүй байх гээд үерхлээс эхлээд эхнэр, нөхөр болж байсан нандин харилцаандаа өөрийн гараар цэг хатгасан.
Тэр шийдвэр маань ч буруу байгаагүй гэж одоо боддог. Хайртай хүнээ өөрөөсөө явуулчихсан, гомдсон, туньсан хүн ажлынхаа бүсгүйтэй гадуур нэг газар сууж байгаад нэг залуутай танилцаад тэр оройноо нэг оронд орж байсан.
Тухайн үеийн өөрийнхөө хийсэн тийм болчимгүй үйлдлийг одоо бол ээ чааваас даа л гэж боддог. Бодвол хөөрхий салсан найз залуугаасаа хариугаа авч байгаа царай нь л тэр юм байсан юм байлгүй. Гэхдээ тэр хамт хоносон залуутайгаа дараа нь дахиж уулзаагүй ээ.
Тэр цагаас хойш эр хүнтэй уулзаж учрахгүй ганц бие явсаар найман сарын өмнө нэг залуутай танилцаад үерхэх, хамтран амьдрах, явалдах гурвын дундуур л холбогдсон.
Хамгийн сонин нь анхны найз залуутайгаа би ирээдүйд хамт амьдарна гэж бодоод л шууд дотно харьцаанд орж үерхэл гэдэг зүйлийг амталж үзээгүй байсан бол энэ залуутай бол үерхэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь амссан юм шиг санагддаг.
Өмнөх залуутайгаа хайр сэтгэлээр биш найзынхаа ятгалагаар хоорондоо үерхсэн бол энэ залуутай жинхэнэ бие биендээ сэтгэлээ өгч нийлсэн. Гадуур болзсон өдөр бүр маань яг л хүүхдүүд шиг тоглох зугаалах зайрмаг идэх гээд л залуу хүүхдүүд яаж үерхдэг шиг тийм л нандин байсан.
Дотно харьцаанд ч орж би сар гарны өмнө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Өмнөх залуутайгаа зургаан жил болоход хүүхэдтэй болоогүй байж энэ залуугаас тэр дороо л хүүхэдтэй болчихсон.
Мэдээж баярлаж хүүхдээ гаргахыг чин сэтгэлээсээ хүссэн. 30 нас гарсан эмэгтэй хүн найзууд нь бүгд хүүхэдтэй болсны дараа хүүхэд хүсэж хүсэж тээх ямар гоё гээч. Харин уулзаж байсан залуудаа жирэмсэн болсон гэдгээ хэлэхэд намайг авахуулчих гэж гуйсан.
Яагаад гэсэн чинь хайртай бүсгүй нь, өмнөх хамтран амьдрагч бараг эхнэр шахуу хүн нь бас жирэмсэн болсон гэнэ. Яагаад хайртай хүнтэй байж надтай дотносож, харилцаагаа энэ хүртэл явуулсан юм гэж асуухад тэр эмэгтэйтэйгээ олон жил үерхсэн, гэр бүл болъё гэхээр даанч жирэмсэн болдоггүй байсан гэнэ.
Тэгээд л аав, ээжийнхээ шахаасаар бас чин сэтгэлээсээ үр хүүхэдтэй болох хэрэгтэй гэж бодоод хайртай эмэгтэйгээсээ зайгаа бариад салсан байсан хугацаандаа надтай танилцсан юм байна лээ.
Харин сүүлд надтай уулздаг байхдаа санамсаргүй тохиолдлоор түүнтэй уулзаад дотно харилцаанд ороход тэр эмэгтэй нь жирэмсэн болж таарсан гэнэ дээ. Тэгээд л одоо ямар ч эргэлзээгүйгээр намайг орхиод хайртай хүнээ сонгож байгаа юм байна.
Би гэж хүн ийм л сонин байдалд орчихоод яахаа мэдэхгүй болохоор энд захиа бичээд сууж байна. Би одоо үр хүүхэд тэгж их хүсчихээд эцэггүй болсон болохоор vp xөндүүлэх дээрээ л тулчихаад байна.
Хэзээ ч өмнө нь өөрийгөө эрэгтэй хүнд гологдоод жирэмсэн хоцроод ийм хэцүү байдалд орно гэж бодож байсангүй ээ. Намайг гээд гэнэт л зориод ирсэн хүүхдээ төрүүлэх үү. Эсвэл эцэггүй хүүхэд төрүүллээ гэсэн хүн амьтны хэл амны бай болохоосоо өмнө ургаа томроогүй байгаа дээр нь авахуулах уу.
Ганц бие ээж байх ямар хэцүү байдаг, эцэггүй хүүхэд төрүүлнэ гэдэг яаж олон хүний амны бай болж муу хэлүүлдэгийг олон жишээн дээр мэддэг болохоор тийм хэцүү зүйлийг туулахвий гэхээс зориг минь хүрдэггүй ээ.