“ӨНЧНӨӨС ДОР ӨНЧИН” УХААРЧ УНШЛАА – БОДИТ АМЬДРАЛААС

“ӨНЧНӨӨС ДОР ӨНЧИН” БОДИТ АМЬДРАЛААС
Thank you for reading this post, don't forget to subscribe!БИЧСЭН: СВЕТА
ӨНЧНӨӨС ДОР ӨНЧИН… Энэ үг аймаар байгаа биз. Яагаад ингэж бичив… Бидний дунд эцэг эхтэй мөртлөө өнчин хүнээс дор гуниг шаналал дунд өсөж, хүүхэд нас нь хар бараан дурсамжаар дүүрсэн, азгүй ч гэмээр хувь тавиландаа цөхөрсөн хүмүүс олон байдаг… Намайг арван жилийн сурагч байхад ангид маань Б гэдэг охин байлаа. Гоё дуулдаг, сурлагаар тэргүүний бас маш хөөрхөн.
Даанч их зожиг, ааш муутай юмуу ч гэмээр. Гэвч тэр ааш муутай ч биш, зожиг ч биш байсан юм. Зүгээр л өөртөө итгэлгүй нэгэн байсан. Гэнэтхэн л хичээлээ таслаад алга болчихоно. Тэгсэн мөртлөө хичээлээ хэнээс ч илүү мэднэ. Гэртээ байхдаа үзээгүй шинэ хичээлүүдээ өөрөө үзээд мэдчихдэг байсан гэдэг. Харин маш гунигтай харцтай. Түүнийг нь бид хүүхэд болохоор ууртай, зожиг охин гэж боддог байж билээ.
6-р ангиас бид хоёр гэрийн зүг нэг болохоор, бас би нэг муу ангийн дарга ухаантай болохоор, багшийн заавраар олон удаа зам нийлж явсанаар нэлээд дотно найз боллоо. Миний түүнтэй найзлах хамгийн том шалтгаан нь түүнийг маш их өрөвдсөн нэг явдал тохиолдсон юм. Яагаад тэр найзыгаа өрөвдөх болсон бэ гэхээр: Ээж нь хааяа нэг сургууль дээр ирнэ. Түүнээс багш сурагчгүй бүр эрхлэгч захиралгүй айна.
Өндөр туранхай их ганган эгч. Одоо ч түүний сургууль дээр ирэхдээ өмссөн, цав цагаан пиджак доогуураа дэрэвгэр юпкатай (нэг тийм хар эрээн өнгөтэй) аймаар өндөр өсгийтэй туфли, химитэй буржгар үсээ задгай тавьсан нь одоо ч нүдэнд харагдах шиг, ер нь л харсан хүн эр эм, хүүхэд хөгшидгүй эргэж хармаар, дурлаж хайрламаар сайхан хүүхэн байсаан.
Би бас дотроо том болоод энэ эгч шиг ганган болох юмсаан гэж бодохын хажуугаар энэ одоо манай ээж ингээд гангарчихгүй юм байх даа. Дандаа цэрэг хувцастай, гэртээ байх нь ховор гээд л бодно. Тэгээд бас манай ээж тэр эгч шиг гоё нүүрээ будаасай. Миний ээж тэгвэл эдний ээжээс илүү хөөрхөн юм чинь гэж бодно кк.
Эсвэл манай ээж угаасаа цэргийн дарга юм чинь эдний ээжийг айлгаж чадна даа. Манай ээж ерөөсөө илүү гоё ч юмуу гэх мэт хөөрхөн хөөрхөн бодолд ордог байж. За энэ ч яахав. Сэдвээсээ хазайх нь. Ингээд өнөөх эгчийг биширсэн сэтгэл нэг л өдөр нуран унаж, унах унахдаа би бүр айсандаа шоконд орж, тэр эгчийг шуламс ч юм шиг санадаг болсон юм.
Яасан гэхээр анги удирдсан хайртай багшийг минь уйлтал хашгирч загнаад, цаашлаад биеийн тамирын багшийг (эмэгтэй) минь элдвээр загнаж цүнхээрээ цохиж, хичээлийн эрхлэгчийг чанга чангаар заналхийлж, тэр эрчээрээ захирлын өрөөрүү хуй салхи шиг л эрчилж одсонсон. Хэсэг хугацааны дараа захирлын өрөөнөөс тайвширсан янзтай гарч ирсэнээ ангийн хүүхдүүд болон өөр ангийн хүүхдүүдийн дэргэд өөрийнхөө охиныг унатал нь алгадаж, нуруу мөргүй цохиж, өшиглөж зoдонгоо:
– Муу нoвш, чи өмссөнөө хар! Энэ хүүхдүүдийг хар!! Чи детский мир дэлгүүрийн бичгийн бараа өмсөж, юугаар ч дутахгүй байж хичээл тасална гэнээ. (би зарим эвгүй үгийг нь мартаж….) гээд л аймаар загнаад хөөрхөн найз минь өвдсөндөө л лав биш, нүүр нь час улайчихаад гүйгээд гарсан даа.
Тэгээд тэр ээж багшид: Заза уучлана биз. Энэ нoвш худлаа хэлж. Би дахиж ингэж худлаа ярихгүй болтол ойлгуулна ч билүү нэг тийм утгатай үг хэлээд гунхаад, бөгcөө хаяад гараад явж билээ. Миний өнөөх бахархаж хардаг тэнгэрийн дагина гэмээр гоё эгч тэгэхэд үзэшгүй муухай чөтгөp шиг санагдаж, маш их айж, найзыгаа ямар их өрөвдсөн гэж санана аа.
Юун манай ээжийн чимхэлт, тавчикаар цохих, юун манай ээжийн хааяа хардаг харц эд нар. Амьдралдаа мартагдашгүй муухай дурсамж. Надад ийм байхад миний найзад ямар байсан бол доо. Гэртээ хариад яаж зoдуулсан бол доо гэж өдөржин бодогдож, бүр шөнө нь найзыгаа уйлаад над дээр ирлээ гэж зүүдэлж байсан гэхээр ямар аймшигтай авир ааштай, xapгис xэpцгий эмэгтэй байсан нь ойлгомжтой.
Ингээд холоос зочилж ирсэн аавынхаа найзын өгсөн мөнгийг халааслаад, найздаа өгөх чихэртэй, аргадаж хэлэх үгээ бэлдсэн амьтан маргааш нь хичээлдээ явлаа. Даанч тэр ирээгүй. Багшаас асуутал: -Маргаашнаас ирэх байх. Чи ойрхон юм чинь очоод хэзээ ирэхийг нь асуучих гэлээ. Би тэгээд тэднийд очсон юм. Найз маань хаалгаа тайлаад орцонд гарч ирлээ.
Би түүнтэй зөндөө юм ярина гэж бодож байсан ч цагаа тулахаар ам эвлэхгүй: -Багш чамайг хэзээ ирэх вэ гэнээ… мөн хэлэх үгээ оловоо. Дотроо хичнээн их өрөвдөж хайрлаж байсан ч найзынхаа гунигтай харцыг, байр байдлыг нь хараад зүрх vxсэн хэрэг л дээ. Түүнийг амаа нээхийн завсаргүй цаанаас нь: -Хөөе xэн ирсэн юм, үхсэнээ хийгээд байгаан гэсээр ээж нь гараад ирлээ. Намайг харсанаа: -Аан манай охины ангийн дарга уу? Наад чинь өглөө унтаад явж чадаагүй. Маргааш явах биз. Миний охин ор ор гэж наалинхайтав.
Миний зүрх түг түг гээд ямар аймхай гэдгээ тэр өдөр мэдэрч уур их хүрч билээ. Муу аавдаа томроод, ахыгаа дээрэлхэж сурсан, ээжээсээ хэр барагтай айдаггүй эрх дураараа би айлын ээжээс ингэж айна гэж төсөөлж ч байсангүй. Яадаг юм орлоо. Анх удаа л тэднийд орж үзэж байгаа нь тэр. Дөрвөн өрөө ч билүү мангар баян айл. Найз маань өрөөндөө намайг дагуулж орлоо.
Өрөө нь миний муу ахтайгаа байдаг өрөөг бодвол цэв цэвэрхэн, эмх цэгцтэй, гол нь маш гоё гоё тавилгатай. Агаа бид хоёрын өрөө бол яахав дээ. Байнга хэрэлдэж зодолдоод юм хумаа шидэлцээд, чи ч цэвэрлэ, би ч цэвэрлэхгүй гэж бусниулсаар ээжийн их цэвэрлэгээ хийдэг өдөр ихэнхидээ бараг я.лын тогтоол уншуулах хэмжээний арга хэмжээ авахуулдаг хоёр ортой, нэг нэг бичгийн ширээтэй, дундаа ганц шкафтай орны дундуур дэвссэн ганц жижиг хивстэй, тэр дээр нь чернил асгаад хаячихсан толботой кк.
Агаагийн аквариумтай хэдэн загас. Гэхдээ л одоо бодоход хөөрхөн өрөөтэй байж. Харин манай найзын өрөө бол тансаг тансаг. Бүх юм нь манайхаас өөр байсан. За тэр ч яахав. ТАНСАГ АМЬДРАЛ ДУНД ТАМЫН АМЬДРАЛ Ч БАС ӨРНӨДӨГ гэдгийг тэгэхэд би АНХ харж байсан бололтой. Найзаасаа эвийг нь олоод ээждээ юу гэж худлаа хэлсэнийг нь асуулаа.
Тэрээр: -Яагаав биеийн тамирын хичээлд хэдэн охид хувцасгүй ирсэн өдөр багш биднийг шийтгэж галуун цуваагаар заал хэд тойруулсан даа. Тэгээд дараа нь гурван давхарлуу Монгол хэлний кабинет руу явах гэж шатаар өгсөхөд өвдөг захирагдахгүй нурж унаад, шатны бариулаас зуурч дээшээ гарангаа vхтлээ инээлдэж байсаныг гээд тэр ярьсан юм.
Тэгээд найз маань гэртээ ирээд ээжтэйгээ эргээд гадагш гарах болоод гарч л дээ. Шатаар буух үед өнөөх хөл нь бас нугараад унах шахаж. Тэгсэн ээж нь байцаагаад эхэлж. Бүр салахгүй байцаагаад. Тэгээд биеийн тамирын хувцасгүй явсан гэдгээ хэлэлгүй биеийн тамирын хичээл дээр галуун цуваагаар явуулж хичээл хийсэн гэж хэлсэн гэнэ.
Тэгсэн чинь ээж нь: -Аан тиймүү галуун цуваагаар хүүхэд явуулах ёсгүй гэж үглэж байгаад чимээгүй болсон болохоор сургууль дээр ирнэ гэж бодоогүй байж. Ингээд л ээж нь ирж хүүхэд тaмласан энэ тэр гэж эхлээд багштай үзэж тарж. Манай багш ч мөчөөгөө өгөхгүй сэргэлэн цовоо хүн болохоор хэд гурван үг хэлээд уурыг нь шатаагаад орхиж л дээ.
Тэгээд л ээж нь биеийн тамирын багштай үзэлцэж өнөөх нь танай охин хичээл удаа дараа тасалж, миний хичээлийг тоодоггүй гэхээр үнэмшилгүй, эрхлэгч захирал гэж гүйгээд үнэнд гүйцэгдэхээрээ охиноо бусдын нүдэн дээр зoдcoн байж… Тэр тамирын хичээлийг тасалсан нөхдүүд дунд ангийн дарга гуай би хүртэл байдаг юм.
Учир нь хувцасаа мартчихлаа гэхээр тамирын багш хөөчихдөг байсан болохоор мөн тамирын хичээл ихэнхидээ хоёр цаг дараалан ордог болохоор сургуулийн хажууд гэр нь байдаг ангийнхаа бас нэг охиныд орж тоглох гээд, тэднийд төгөлдөр хуур, ятга, шанз, ёочин, морин хуур гээд олон янзын хөгжим байдаг айл байсан юм.
Ээж аав хоёр нь хөгжимчин. Эхний удаа ороод ёстой дураараа бужигнуулж өгсөнөөс хойш амтшаад 5-6 удаа энэ үйлдлээ давтсан байдаг юм. Тэгсэн тэр өдөр биеийн тамирын багш биднийг гаргалгүй заал тойруулж галуун цуваагаар явуулж хашраагаад, дахин хувцастай ирэх ам өчиг авсан юм л даа. Үүнээс л болсон хэрэг. Гэхдээ энэ хэргээс л болж найзынхаа хачирхалтай амьдарлыг мэдэж авсан юм даа. Ийнхүү би тэднийд үе үе очдог ч боллоо.
Аав нь гэж нэг дарга л байсан байх. Ленин багширхуу халзан толгойтой, тарган хүн байсан санагдана. Гэхдээ Ленин багшаас арай илүү үстэй лдээ. Их даруухан дөлгөөн хүн. Сүүлдээ намайг байнга очихоор ээж нь ичиж нэрэлхэхээ ч байж наалихайтдаг худал багаа зүүлгүй, аавыг нь ч загнаж, аавынх нь эцэг болох өвөөг нь ч хөөж туудаг нь мэдэгдсэн бөгөөд найзыг минь аймаар загнаж яг өөрийнхөө хэлсэнээр байлгадаг байлаа.
Бүр хичээл хэдэн цаг орох, хэдээс тараад, хэдэн минут явж гэртээ ирэхийг тооцоолж, илүү хэдхэн минут ч хоцрохгүй ирэхийг тушаадаг. Элдэв хичээлийн бус цугларалтанд заавал багшаас нь зурвас авч байж хааяа л явуулдаг бөгөөд, ер нь л явуулахгүй. Тэдний ээж эрүүл харьцаа гэж ер нь л мэдэхгүй. Тэгсэн мөртлөө гадуур маш их нэр хүндтэй. Олон найз нөхөдтэй. Баян тарган, тусч өгөөмөр юм билээ.
Аавыг нь хэлэх хэлэхгүй аймшигтай үгсээр гутаан дopoмжилдог. Бүр тэднийд орох тоолондоо би шаналдаг байлаа. Бичихээс ч аймаар хараалын үгийг тэр гоёхон эгч хээв нэг ичих ч үгүй хашгираад чарлаад л хэлчихнэ. Энд бичих аргагүй, хүн үнэмшмээргүй хэрүүл, ёс бус үйлдэл тэр гэрт гардаг байлаа. Ингээд нэг өдөр би ээждээ энэ тухай арай ядан хэллээ. Гүйцэд биш ч ямар ч байсан аймаар айл гэдгийг ойлгууллаа.