“XЭЦҮҮ БАЙСАН БОЛООД Л ӨЛГИЙTЭЙ XҮҮXДЭЭ ГУДMAHД XAЯCAH БAЙЛГҮЙ”

“АМЬДРАЛ ГЭДЭГ БАЯН”
Thank you for reading this post, don't forget to subscribe!О.ӨНӨРЦЭЦЭГ
Өлгийтэй хүүхдээ гудамжинд xaячихаад өрөвдөх сэтгэлгүй гудамжаар алхаж явах сэтгэлтэй тэр эх одоо хаана байгаа бол? Бяцхан охин мээмээ эрэн өмөлзөн нойрсоно. Одоохондоо тэрээр эхээсээ үүрд хагацсанаа мэдээгүй бололтой. Намрын навчис хэн нэгний хөлийн чимээнээр шаржигнан бутрах чимээнээр охин сая л нүдээ нээн орчиноо эргүүлэн тойруулан харлаа. “Би хаана байна ээжээ” гэх шиг бүлтэгнэн харах түүний дэргэд хэн ч байхгүйг мэдээд гэнэт охин час хийтэл орилов.
Гэсэн ч түүний тэнхээ мэдэн хашгирахыг хэн ч сонссонгүй. Үдийн хойно хичээлээ тараад нэг л жимээр гэрлүүгээ явдаг нэгдүгээр ангийн сурагч Хулан охин л нялх хүүхдийн уйлах чимээг сонсоод түүн дээр гүйн ирлээ. – Эвий дээ, хөөрхий дөө, ээж нь хаана байгаа юм бэ, алив миний дүү эгч нь авъя гэж бяцхан охиныг тэргэн дээрээс нь өргөн авч өвөр дээрээ хэвтүүлэн бүүвэйлэхэд охин сая л тайвширч түүнрүү харан инээмсэглэлээ. – Эгчийгээ таньж байна, алив хоёулаа манайд очиноо, удахгүй нар жаргаж, харанхуй болох нь, хоёулаа хурдхан шиг гэрлүүгээ явъя гэж охин ардаа цүнхээ урдаа хүүхэд тэвэрсээр гэрлүүгээ явлаа.
Хаалгаар орж ирүүтээ л -Ээжээ би хүүхэд оллоо. Энийг хараач гэж цангинатал дуу хадаахад нь – Хүүеэ юун хүүхэд вэ, чи чинь хэний хүүхдийг аваад ирэв ээ, хаанаас авч ирсэн юм бэ, эцэг эх нь хайгаад сүйд болж байгаа даа, алив буцаад явъя, хаана байсан юм бэ гэж ээж нь тэвдэн сандарч, бушуухан хувцсаа өмсөн бяцхан охиныг тэврэн хүүхэд олсон гэх газар руу яаран алхлаа. Тэгээд тэд үдэш болтол хэн нэгэн ирэхийг хүлээн ийш тийш харуулдан суусан ч хэн ч ирсэнгүй. Охиныг бүүвэйлэн аргацаах зуур бяцхан амьтан мээмээ хайн өмөлзөн байхыг хараад тэсэлгүй гэрлүүгээ явлаа.
-Ямар хүйтэн сэтгэлтэн нь хүүхдээ хаячихдаг байнаа хэмээн өлгийг нь тайлан хуурайлах зуураа бүсгүй бодлогшрон зогсоход нь хажууд Хулан ирээд бяцхан амьтныг сониучирхан харж байлаа. -За за ингээд хоёр охинтой болчихлоо. Манайх хүн амьтны хөлөөс зайдуу байдаг юм чинь хэн л мэдээ аж гэж бүсгүй зоримог бодоод охиныг жимбийтэл хуурайлаад энгэртээ тэврэн угж xөxүүлэхэд бяцхан охины хацар нь бумбалзан шуналтайяа сорж байв. Удалгүй гэдэс нь цадаад унтаад өгөхөд түүнийг тэврэн энхрийлж, хаясан эхийг нь бодон нулимсаа арчин суулаа. Хэцүү байсан болоод л хүүхдээ хаяа биз дээ, харин ч бурхан тэнгэр надад бэлгээ хайрлалаа.
Дахиад хүүхэд гаргаж болохгүй гэж эмч хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ охин надад өгсөн тэнгэрийн бэлэг байж таарна гэж ихэд нандигнан тэвэрлээ. Тэр тосгоны айлууд бүгд бүсгүйд хүүхдээ даатган өгч харуулах дуртай болооор тэрээр байшингийнхаа хоёр өрөөг хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулжээ. Багшийн мэргэжилтэй түүнд энэ ажил нь их таалагддаг байлаа. Эр нөхөр нь хүнд өвчинөөр шаналж байгаад жилийн өмнө өөд болсон болохоор хүүхдүүдэд буян хийж ганц охиноо л олны хэл амаас холхон байлгаж хүн шиг хүн болгочих юмсан гэж хичээнэ.
Учир нь Хулан охин ayтизмтай учир энгийн хүүхдүүдээс арай л өөр аж. Цаг хугацаа явсаар бяцхан охин нь хөлд орж, элдэв юм ярин шулагнан ярьж ёстой л тэр гэрийн ганц нар нь болж хувирав. Хулан охин дүүдээ хайртай гэж жигтэйхэн. Тэгсээр олон намар, олон хавар өнгөрөхөд Хулан охин өсөж том болж, үеийнхнээсээ дутуугүй царайлаг, нуруулаг нэгэн болжээ. Хэдий тэр өвчтэй ч өөрийн хичээл зүтгэл, ээжийнхээ уйгагүй хөдөлмөрөөр төгөлдөр хуурыг гарамгай тоглож сурчээ. Хуланд элдэв зүйл тохиолдчихвий гэж эх нь сэтгэл зовнин, гэрээсээ хол явахгүй байхыг байнга захидаг байсан ч охин нэг л өдөр хөл хүнд болчихсон хэмээн найз залуугаа дагуулан иржээ.
Удам залгах үр нь гарсанд эхийн сэтгэл хязгааргүй баярлаж, охины хадмууд ч түшигтэй сайн улсууд байж таарчээ. Тэд охин хүү хоёроо дэргэдээ байлгаж, харж хандахыг хүсчээ. Ингээд ээж нь аргагүйн эрхэнд охиноо явуулжээ. Ингээд ээжийнхээ ажил төрөлд туслах ганц хүн нь Алтанзул охин боллоо. Гэрт минь гэгээ болж ирсэн юм гэж тэр өдөр олдсон охиндоо ийм нэр хайрлажээ. Гэтэл бохь зажлан тал тал тийш янзага шиг харцаар гүйлгэн харж аальгүйтэх болсон охин нь элдвийн залуустай уулзаад харуй бүрийд гадаа зогсоод байхаар нь ээжийнх нь санаа зовж олон өдөр ингэж болохгүй гэж үглэж дуулж болиулахыг оролджээ. Энэ явдал олон удаа давтагдаж нэгэн үдэш орой болсон хойно Алтанзулыг гэрээс гарах гэхэд нь ээж нь гаргахгүй хэмээгээд – Миний охин яасан ч олон найзтай юм бэ дээ, ингэж болохгүй шүү дээ, нэг л хүнтэйгээ хайрлан дотнос, олон хүн дэмий байдаг юм гэж хэлтэл
– Ээжээ би тэрийг мэдэлгүй яахав дээ, гэхдээ хүмүүс намайг таны охин биш гэж ярьдгийг би бас мэднэ ээ, та надаас нуух гэж цаашид шаналсны хэрэггүй гэж хэлээд өрөөрүүгээ гүйн ороод хаалгаа дотроос нь түгжихийг сонссон ээжийнх нь сэтгэл өвдөн хөөрхий охин минь энэ үгийг хэлэх гэж ямар их олон хоног тэвчсэн бол гэж зүрх нь эмтрэн, – Юу гэсэн үг вэ, Алтанзулаа чи бол миний охин гэж араас нь гүйн очиж хаалганых нь бариулаас зууран уйлан доош суугаад – Чи тэгээд намайг ээжээ гэж бодохгүй байгаа юм уу гэж цээжин дээрээ даран нулимсаа арчихад дотор хэсэг чимээгүй байснаа хаалга аяархан онгойж, Алтанзул охин гарч ирэн ээжийгээ тэвэрч авав.
– Би таныг ээжээ гэж бодолгүй яахав дээ, зүгээр л уурлаад л ингээд хэлчихлээ, уучлаарай ээжээ гэж энгэрт нь эгшин уйлахад – Тэгэлгүй яахав дээ охин минь, чи бол миний охин, өөр хэнийх ч биш, би чамайг ямар их хайрлаж өсгөлөө дөө гэж үсийг нь илбэн, эх үрийн сэтгэл сая л нэг онгойв. – Та намайг хэнээс ч илүү хайрлан өсгөснийг охин нь мэдэлгүй яахав дээ ээж минь, гэхдээ та надад санаа зовсоны хэрэггүй ээ, би одоо том болсон, таны ачыг заавал хариулах болно гэж хэлэхэд – Миний охин ухаантай шүү гэж энхрийлэн хоёр хацар дээр нь духан дээр нь ээлжлэн үнслээ. Тэр цагаас хойш охин гадуур дотуур дэмий тэнэхээ больж, ээжийнхээ үгэнд орон гэрээ цэвэрлэн, хоол хийхэд нь тусалж урьдын адил тосгоны бяцхан жаалуудыг гэртээ авчиран хичээл зааж хөгжилтэй завгүй хоногууд үргэлжлэх болов.
Элбэрэл бүсгүй охиноо олдсон ойн дундах бяцхан модон сандлын дэргэдүүр өнгөрөх бүртээ амьдралын эхлэл төгсгөл хоёр тэр л сандал дээр зэрэгцэн орших шиг санагахад сууж төвдөлгүй хажуугаар нь зөрөн өнгөрнө. Алтан дэлхийд хүн ирнэ гэдэг хэчнээн том хувь зохиол билээ дээ. Гэтэл тэрхүү учрал ерөөлийг өөрийн гараар таслан зогсоох гэж оролдох нь хүн гэдэг ямар аймар араатнаас ч долоон дор сэтгэлтэй байж болдгийг тэр сандал харсан. Харин дараа нь ачлал энэрэлт сайхан сэтгэлтэй нэгэн ирж аврахыг тэр сандал бас л харсан шүү дээ.
Алтанзул охин дунд сургуулиа төгсөж эрдмийн баяраа тэмдэглэн хүссэн мэргэжлээ эзэмшихээр хүсэл тэмүүлэл дүүрэн энгэр дэхь мөнгөн хонхоо жингинүүлэн инээд хөөртэй байхад нь ээж эгч хоёр нь ирэн түүний хоёр хацар дээр ээлжлэн үнсээд сургуулиа амжилттай төгссөнд нь баяр хүргэе гэхэд – Та хоёрын минь л ач шүү дээ, хэрвээ охин чинь та хоёртойгоо учраагүй бол өдийд яаж ч яваа юм билээ. Би та нарынхаа агуу ачыг хэзээ ч мартахгүй ээ гээд ээж эгч хоёроо тэврээд – Эгчээ танай хүү чинь ямар том болоо вэ гэж бяцхан хүүг тэргэн дээрээс нь өргөн авахад ангийн хөвгүүн нь гүйж ирэн “Танай гэр бүлийн зургийг дараад өгөх үү” гэхэд тэд дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Ингээд тэд зургаа авахуулан баяр хөөртэйгөөр тэр нэгэн өдрийн дурсамжыг зургийн хуудаснаа мөнхөллөө…
…Уулс цэнхэртсэн цэцэгс найгасан хөдөө талд аялах дуртай Алтанзул охин геологич болжээ. Нэгэн удаа тэрээр найзуудтайгаа хүчээ сорин Цамбагарав хайрханд өвлийн эхэн сард авирахаар төлөвлөжээ. Өөртэй нь адил адал явдалд дуртай нөхдийн хамт хээр гарч майхнаа барингаа алсыг дурандан, байгалийн зураг авч хээрийн цай уун, баяр хөөртэйгөөр алхаж явна. Алтанзул нэг өдөр найзуудаасаа зайдуухан нар хүүшлэх энгэрт гарч ирэн зураг дарахаар зогсож байтал гэнэт ард нь нэг юм архирах шиг болов.
Гайхан эргэн харвал эрээн цоохор ирвэс урт сүүлээ цасан дундуур чирэн түүнрүү ширтээд гэтэн зогсож байх нь тэр. Түүний харц нь аймаар харагдана. Тэд хэдэн хором бие биеэ ажиглан хөших мэт болов. Охин хөдөлж ч чадсангүй. Гэнэт ирвэс охин руу ухасхийхэд, – Алтанзул яахаа мэдэхгүй орилон доош суутал ард нь бyyн дуу тасхийх чимээ гарч, ирвэс зугтан хадны араар цойлон одоход тэрээр сая л босон эргэн тойрноо харлаа. Түүний амь насыг хэн нэгэн аварчээ.
Алтанзул тэрхүү аврагчийг хайн ийш тийш харан, нүдэндээ нулимстай зогсож байтал тэртээх хадан дээрээс нэгэн дах дэгтий болсон залуу гараараа даллан – Би энд байнаа хэмээн орилон бууж ирж яваа нь харагдав. Тэр гартаа бyyгаа барьжээ. – Алтанзул “Баярлалаа” гэж хэлэхээр яаран цасан дунд бүдчин түүний урдаас алхахад зүрх нь түг түгхийн хүчтэй цохилж байлаа. Залуу өөдөөс нь хүрч ирээд зузаан үстэй дээлнийхээ ханцуйны цаанаас гараа сунгаад – За та чинь aмиа aлдах дөхлөө шүү дээ, ганцаараа юу хийж энд яваа юм бэ, ёстой азаар аврагдлаа шүү та гэхэд нь
– Танд хязгааргүй их баярлалаа, яаж талархахаа ч мэдэхгүй байна гэж сэтгэл нь хөдөлсөндөө гарыг нь чанга атган нүд рүү нь харахад түүний харцнаас нэг л дулаахан, дотно мөртлөө хормын өмнө харц тулгарсан ирвэсийн нүдэн дэхь гал цог шиг эр зориг түүнд нуугдан буйг мэдрээд сэтгэл нь баяраар гийгээд ирэв. Тэд бие биетэйгээ танилцан мөнх цаст уулын бэл уруудан хамт алхав. Түүний нэрийг Чинбат гэдэг ажээ. Aнчин хүн бөгөөд энэ нутгийн уугуул иргэн нь ажээ. Харин Алтанзул өөрийгөө саяхан сургуулиа төгссөн.
Тэгээд анхны уулын авиралтаа хийхээр энэхүү ууланд нөхдийн хамт ирсэн гэж танилцууллаа. Залуу эр түүний эр зоригийг бахдангаа гоо үзэсгэлэнд нь татагдан холын бодолд ээрэгдэн алхахдаа – Би ч гэсэн ууланд дуртай, анхны цас орохоор ямар гоё гээч, ууланд гарахад амьтдын мөр зурайгаад л ёстой л нэг эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үг л биелнэ шүү дээ, чи манай нутгийн ямар сайхныг дөнгөж зах зухаас нь л харж байна. Би чамд бүгдийг нь үзүүлнэ ээ гээд Цамбагарав хайрхан маань баруун талаасаа ямар сайхан сүрлэг харагддаг гээч, хэрвээ чи зургийг нь авъя гэж бодож байгаа бол тэр талаас нь авбал зүгээр дээ гэж зааж зөвлөхөд – Тийм үү, тэгвэл би тийшээ явж үзэх юмсан, гэхдээ одоо найзууд дээрээ очихгүй бол болохгүй. Намайг хааччихав гээд санаа нь зовж байгаа гэж Алтанзулыг бyyдалласан газарлуугаа яарахад – Хамт явъя, би та бүхэнд тус болж юуны магад, та нарт туршлагатай хөтөч бий юу, хэрвээ байхгүй бол уул руу гарна гэж ярилтгүй шүү дээ гэхэд – Байхгүй ээ, бид чинь бор зүрхээрээ л яваа улс, харин тантай таардаг нь бидний аз боллоо.
Хэрвээ таныг бидэнд зам зааж өгнө гэвэл бид баярлах болно гэхэд залуу дуртай нь аргагүй зөвшөөрч түүнийг даган явлаа. Ингээд тэднийг байрласан газраа ирэхэд тогоон дээрх цай боргилон буцалж, тэд цайлахад бэлэн болоод сууж байлаа. Юун сайхан залууг хаанаас дагуулаад ирэв гэж охидууд бие биерүүгээ ирмэцгээхэд Алтанзул түүнийг танилцуулан болсон явдлыг ярьж өглөө. – Тэгвэл тэр ирвэс чинь бидэн рүү дайрвал яах билээ, та бидний хөтөч болоод өгөөч, газар мэддэг хүнтэй, бас бyy барьсан анчинтай явбал айх юм байхгүй сэтгэл амар байхсан гэхэд – Өнөөдөр би нэг сайхан ангийн шөл ууя гэж гарч ирсэн юм.
Гэтэл ирвэстэй тулгарсан зоригт бүсгүйтэй таарчихлаа. Одоо түүнийг аюулгүй гэрт нь хүргэхгүй бол азын тэнгэр минь гээх биз гэж Алтанзул руу нүднийхээ булангаар харахад тэр ч бас ичингүйрэн доош харав. Ингээд тэд өглөөн нарнаар юм хумаа эвхэн бүгд уул руу гарахад бэлэн боллоо. Ардаа үүргэвчээ үүрцгээн бүгд нэгэн цуваа болон цасан дундуур дээш алхацгаалаа. Чинбаа замын туршид Алтанзулаас жаахан ч холдсонгүй ойрхон явав. Түүнийг ачаандаа түүртэж, явж чадах тэнхэлгүй болоход нь ачааг нь авч үүрэн гараас нь хөтлөн дээш мацна. Тэд нэлээн явж байгаад түр зогсон амарцгаалаа. Аялагчдын амнаас уур цан савсан, тэртээ доор ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа гэцгээн бүгд ууланд явахын амтыг зүрх сэтгэлдээ мэдрэн баярлан хөөрцгөөнө.
Уулын оргил руу гарна гэдэг тийм ч амар ажил биш шүү, өнөөдөртөө амжиж гарч чадахгүй юм шиг байна. Манайх энүүхэнд бий. Та нар ер нь манайд очиж хоноглоод маргааш эрт гарвал яасан юм бэ гэж Чинбааг хэлэхэд тэд ч үxтлээ ядарч сульдсан байсан болохоор зөвшөөрцгөөн, -Тэгье тэгье гэцгээв. Удалгүй тэд хот айлын гадаа ирлээ. Хоточ банхар хөв хөвхийн хуцаж, тэднийг ойртон очиход залуугийн ээж нь бололтой хижээл насны авгай гарч ирэн юун олон хүмүүс вэ гэсэн шиг саравчлан харж байгаад хүү нь цуг ирж явааг харан гэрлүүгээ буцан гүйн орлоо.
– Хүүш өвгөөн, хүү чинь баахан хотын хүмүүс дагуулаад ирж явна гэж галынхаа амыг яаран онгойлгож хэдэн аргал нэмэрлэхэд өвгөн ч өндөлзөн дээл хувцсаа засан хөөрөг даалингаа ойртуулан тавилаа. Эмгэн цайгаа тавих зуураа “охидууд голдуу юм байна лээ” гэж өвгөндөө дуулгахад тэрээр – Гал голомтыг минь залгах ганц хүү минь юмсан. Ойрд зүүд нэг л сайхан байсан юм, хүү минь хань ижлээ дагуулаад ирж байгаа юм биш байгаа гэж өвгөн догдлон баярлах нь тоймгүй болж, – Алив цай хоол хурдхан бэлд гэж шавдуулан байхад нь хүү нь тэднийг дагуулан орж ирлээ.
Таван ханатай дугуй гэрийн дотор пүнхийгээд, дулаахан тухтай гэж жигтэйхэн. Даарч явсан аялагчид гэрийн баруун талаар сууж хоёр хөгшний амар мэндийг мэдээд гэрийг тойруулан харцгаана. – Байр байдлыг чинь ажвал та нар хотын хүүхдүүд юм аа даа гэж өвгөн хөөрөгнийхөө толгойг суллан тэдэнд барин яриа өрнүүлэхэд эмгэн гал дээр даргилан буцлах цайгаа султган тогоо тавин ус хийх зуур Чинбаа гадагшаа гаран амбаараас мах оруулж ирлээ. – Ийм орой болсон юм чинь хүүхдүүд хоноод явна биз дээ, эмээ нь сайхан хоол хийгээдэхье гэхэд – Ээжээ та яарах хэрэггүй ээ, эд нар холын улс, хоноод явна.
Маргааш манай хойд хайрхан руу гарах гэж байгаа юмаа гэж хүүгээ хэлэхэд – Еэ тосоор гоож, энэ том хайрхан руу мацаж яваа улс уу, залуу хүүхдүүд байж зоригтой юмаа гэж хэлээд, та хэд чинь замч хөтөч гэж байгаа юм уу, урьд нь гарч байсан юм уу гэж тэдэн рүү гайхан харж галынхаа хайчаар зуухныхаа амыг таглахад – Байхгүй ээ эмээ, харин танай хүүтэй чинь таарч манай энэ охин ирвэснээс аврагдсан. Танай энд ирвэс байдаг юм байна лээ шүү дээ гэж нэг нь хэлэхэд – Байлгүй яахав хүүхдүүд минь, хамаагүй явбал аюултай шүү, аль охин ирвэстэй таарсан гэнээ гэж ахиулан харахад – Энэ, энэ охин Алтанзул гэж бүгд түүнрүү заалаа.
– Эмгэн охиныг гярхай гэгч нь ажаад, манай эндхийн ирвэс хүнд бараг харагддаггүй юм, харагдах хүндээ л харагддаг гэж эртнээс ярьж ирсэн домогтой. Тэгээд бас уулын нам дор явж байхыг бодоход охин минь чамайг манай нутгийн уул ус таалж, ивээлдээ авчээ. Еээ буянт хайрхан минь гэж эмгэн толгой дээрээ гараа өргөн залбираад галруугаа өөх тос нэмэхэд, – Нээрэн бэлгэдэлтэй юм болсон байна шүү гэж найзууд нь Алтанзул руу харан, уул ус нь хүлээгээд авчихсан юм чинь энэ нутаг усны бэр болох л үлдэж дээ гэж цаашлуулан инээлдэцгээхэд – Өвгөн эмгэн хоёр ч духныхаа үрчлээсийг тэнийтэл мишээн дэмнэн баясаж байлаа. Харин Чинбаа л тэднээс ичин Алтанзулыг яаж байгаа бол гэсэн шиг харахад тэр ч бас ичингүйрэн хацар нь улайн доош харан суугаа нь үзэгдэв. Ингэж л тэдний амьдралын зам нийлсэн юм даа…
…Намрын сайхан налгар өдөр, дашням балжинням давхацсан буянтай сайхан өдөр Элбэрэл гэрээ бэлдэн, биеэ тольдон нааш цааш тогтож сууж чадахгүй холхино. Учир нь удахгүй бэр гуйхаар холын баруун хязгаараас худ ураг болох хүмүүс нь ирнэ. Алтанзул охин ч хайртай залуугаа ирэхийг хүлээн байн байн цонхоороо харан алсыг ширтэнэ. Түүний гэдэс нь цондойн өнөө маргаашгүй төрөх дөхжээ. Элбэрэл энэ л цаг мөчид охинтойгоо анх учирч байсан өдрөө нэхэн санагалзлаа. Тэгэхэд бас өнөөдрийнх шиг навчис шаргалтсан намар цаг байсан. Шувууд буцан ганганалдах уйтай намраар Алтанзул охин гэрийг нь гийгүүлэн ирсэн. Тэр цагас хойш хорин намар өнгөрч хойморт нь дэрвэх хоёр дахь зээ нь гарах гэж байна.
Энэ охин ирсэн цагаасаа л гэрт минь гэрэл болж, баяр хөөр бүхнийг авчирч, Хулан охиныг нь өвчнөө мартахад нь тус дэм болсныг санан дурслаа. Ердөө ч зовлон шаналал, муу муухай юм дагуулаагүй харин тэдний гэрт зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг тэтгэж өгөөд өнөөдөр ингээд айлын бэр болох гээд өд сөд нь гүйцэн, үүрээ орхин нисэх гэж байгаад нь ээж нь догдлон сууна. Тиймээ, хүний амьдрал гэдэг ийм л сайхан учрал бүрээр түүчээлэн хоорондоо нэгэн цогц болдог аж. Элбэрлийг ийнхүү дурсан баярын нулимсаа арчин суутал, -Ээжээ, ээжээ гэх охиных нь баярлан хөөрөх дуу гарч, -Эгч ирлээ, хүргэн ах, хөөрхөн дүү минь бас ирж байна. Удахгүй хайртай хань минь ингээд аав ээжийгээ дагуулан ороод ирнэ дээ гэж жаахан хүүхэд шиг эгчийгээ тосохоор гүйн гарахад нь ээж нь санаа зовон, – Аяар аяар миний охин, хөл хүнд байж битгий гүйгээд байгаач гээд том охиноо тосон авахаар яарлаа.
Хулангийн нөхөр машинаасаа боодол савтай баахан юм буулгахад – Яах нь вэ дээ, ийм их юмаар гэж ээж нь үглэнгээ охиноо очин зулай дээр нь үнэрлээд, өвөр дээр нь дэрвэлзэх төрөөд удаагүй байгаа зээ хүүгээ тэврэн авлаа. – Ээжээ хүргэний тал ирээгүй л байна уу, бид хоёр хоцорчихвий гэж айж байлаа шүү гэж хүргэнээ инээмсэглэн хүрч ирэхэд ээж нь түүнийг бас хацар дээр нь үнэрлээд – Миний алт шиг сайхан хүргэн шүү, алив гэрт орцгоо, бид хоёр хэрдээ л юмаа бэлдсэн. Ийм сайхан өдөр гэж байдагаа, түрүүнээс хойш сэтгэл догдлоод сууж чадахгүй байсан юм гэж ээжийгээ хэлэхэд Хулан ээжийгээ араас нь тэвэрч, – Та минь өнгөрсөн хугацаанд их хичээсэн шүү гэж хоолой нь зангирахад
– Тиймээ охин минь, өнөөдөр шүү дээ, тэр өдөр чинь өнөөдөр, чиний анх өлгийтэй бяцхан хүүхэд тэвэрч ирсэн өдөр чинь өнөөдөр шүү дээ, тэгэхэд би ямар их айсан гээч, гэтэл одоо тэр маань хадамд гарах гэж байдаг, цаг хугацаа гэж мөн ч амархан юм даа гэхэд Хулан охин дуу алдаж, – Өнөөдөр юм уу ээжээ, ямар сонин учрал тохиол вэ гэж Алтанзулд хэлэхэд тэрээр хүрч ирэн тэр хоёрыг тэврэхэд – Энэ өдөр би чамайг олоод энэ байшингийн босгоор алхан орж ирж байсан гэнээ, би бүр мартчихаж, ээж сая тэгж хэллээ гэж эгчийгээ догдлон нулимсаа арчихад нь – Тийм шүү, та хоёр минь миний анхны аврагчид бол нөхөр маань миний хоёр дахь аврагч. Тэр өдөр тэр минь гарч ирээгүй бол би одоо ингээд эсэн мэнд зогсож чадахгүй байсан гэж Алтанзул догдлон хэлэхэд хүргэн нь, – Хүүе ирлээ шүү, тэндээс баахан машинтай хүмүүс ирж явна гэхэд тэд ч цонхны зүг яаран ухасхийлээ…