“ОХИН НЬ ХАРЬ ЭЛГИЙН ХҮНИЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН…”

“САХИУС” ӨГҮҮЛЛЭГ
Thank you for reading this post, don't forget to subscribe!МӨНХ-ОЧИРЫН ЦЭЕМАА
Өвлийн илчгүйхэн нар цонхоор тусаад өглөөний ээлжийн хичээл эхэлж самбарт шинэ сэдвийн нэр бичиж дуусаагүй байтал хуучин муу хаалга ёолох шиг чихран онгойж ханцуй дээрээ “ЖА” гэсэн тод улаан бичигтэй өндөр хүү орж ирснээ “Саран багшаа таныг намын дарга дуудаж байна” гээд захиалгын сонинууд ширээн дээр авчирч тавиад гарлаа. Холоос даарч ирсэн хүүхдүүд дулаан байранд орж ирээд бэргээ нь гарч нойр нь хүрч эхлэв бололтой арын ширээнээс уртаар санаа алдах, эвшээх сонсогдов.
Самбар дээрх шинэ гарчигаа алчуураар арчиж орхиод “би хурдан ирнээ. Та нар өмнөх хичээлээ давтаад байж бай. Маргааш бичгийн ажилтай шүү гэсээр цүнх, хүзүүний ороолт хоёроо бариад гараад явлаа. Шатаар өгсөж явахдаа намын гишүүн бус намайг намын дарга дууддаг нь ямар учиртай юм бол хэмээн гайхасхийн явсаар сургуулийн намын үүрийн дарга гэсэн хаягтай өрөөний үүдэнд очоод хувцасаа засаж гутал руугаа харснаа хаалгыг тогшив. Захирал эмэгтэй, намын дарга настайвтар хар хүний хамт нэг л янзгүй байгааг зөвшөөрөл авч хаалгаар орохдоо л мэдрэв.
…Зохисгүй зохисгүй гэхэд арай л хэтэрсэн асуудал болоод байна. Та чинь социалист нийгмийн шилдэг сэхээтэн хүн биз дээ. Төрсөн охин чинь хөрөнгөтөн орны залуутай хувийн харьцаа тогтоож… бүр… гэснээ захирал эмэгтэй бухимдалдаа багтарч байх шиг дуу нь солонгорон хоолой нь сааралтаад ирлээ.
Задгай пальтоны нь энгэрээр өвлийн жихүүн салхи сүүгэн үлээхэд даарснаа сая л мэдэж энгэр заамаа хумьж бусээ хагас дутуу буслээд гэр өөдөө алхаж яваагаа анзаарав. Нүүр халуун оргиж зөрж өнгөрөх ганц нэг хүмүүсээс ичиж эмээгээд, айгаад ч байх шиг. Мэгдэж сандарсан тэрээр хичнээн хугацаанд өнгөрсөн замыг туулаад энэ хүрч яваагаа ч мэдсэнгүй гэвч гэртээ харихаас өөр хаачилтай билээ дээ.
…Миний охион Бүжин минь дээ чи минь юу гээчийг хийгээд хаана явна даа… нулимс хацрыг нь даган урсахад Саран өндийж суугаад хувцсаа тайлж гэрийнхээ хувцсыг өмсөөд гал түлэхээр гарч явлаа. Нүүрс авахаар явахдаа хамар хашааны айлын хүмүүс юу гэх болоо одоо яанаа гэж бодохоор өөрийн эрхгүй “охиндоо гомдоод байв”. Саран их бодлоо… гэвч охиндоо, газар дээр ганц санаж сарвайх охин үрдээ яахин гомдох вэ дээ.
Хажуугаар нь зөрж өнгөрөх танил хоёр эмэгтэй… хартай үсэрч байгаад баригдсан гэнээ… өө яанаа тэр чинь гайгүй л охин байсан ш дээ… үгнүүд Сарангийн чихний хажуугаар амь орон урсан, гүйж зүрхэн тушаа нь очиж эмзэглүүлнэ. Ийм л тавилантай юм байх даа харийн хар элэгтэн гэдэг дээ гэж бодохоор дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу. Хавар болж ус гэсэж урин болохтой зэрэгцэн Бүжин охин хүүхдээ тэврээд ижийдээ Зуунмодондоо ирлээ.
Хэл ам нь загатнасан хэсэг хүмүүс ярьж ярьж л намдав бололтой. Хүмүүсийн хэл ам яах вэ дээ. Нүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн ганц охин нь “бор хүүтэй”-гээ эрүүл саруул л байвал болох нь тэр. Борхон царай тас хар буржгар сэвлэгтэй xөxний сүүний үнэр үнэртүүлэн өдрөөс өдөрт өсөн торниж байгаа зээ хүүгээ харахаар “харийн хар” элэгтэн гэдэг үг сарниж алга болох.
Мэнд устай найртай сайхан байдаг хэдэн багш нар нь ч бэргэж гэрэвшээд байх шиг харин түүхийн багш Дулмаа л …бид биеийг нь төрүүлэх болохоос сэтгэлийг нь ямар төрүүлэх биш дээ. Миний дүү өөдрөг бай хүний зүрх сэтгэлийн асуудалд “нам “ямар хамаатай юм бэ. Цаад дарга нар чинь өөрсдийнх нь хүүхдүүд алдаж асгахгүй юм шиг, мөнхийн л дарга хэвээр байх шиг аашилж л байг цаашаа гэж сэтгэлийг засна.
Зун өнгөрч намар боллоо. Саранг боловсролын газар дээр дууджээ. “Боловсон хүчний дарга”-ын алба хашдаг залуухан эмэгтэй хөдөө Даланжаргалан суманд орос хэлний багшаар явуулахаар болсныг хэлж томилолтыг нь өгөөд баяртай ч гэсэнгүй гараад явчихлаа. Саран би ч “нийгмийн шаар”-уудын нэг болж дээ гэж бодсноо гэнэт шазуурхаж, хүний амьдрал хувь тавилан гэдэг өнгөнөөс хамаардаг болж байна уу даа. Эдэнд миний муу бор хүү ямар гэм хүртээгээд байгаа гэж энэ вэ, шаралхан бодоод томилолтоо барьсаар харив.
Бүжин хүүгээ тэврээд гудамжны үзүүр дээр зогсож байхыг харсан Сарангийн элэг эмтэрч “муу охиныг минь бас яаж орхив доо яасан ч хэцүү хорвоо вэ дээ гэж бодсоор тулж очиход ээж минь миний муугаас болж бас л зэм хүртээд орох байх газраа олж ядаж байгааг чинь сая Байгалмаагаас сонслоо. Бид хоёр ерөөсөө хот руу явъя даа. Өсөхдөө өнчирч аавыгаа нэхэн орилж, аашилж байсан минь багадаад одоо таныг минь гишгих газаргүй болгох гэж, ингэж ч суух гэж дээ.
Артурыг дагаад нутаг руу нь яваад л өгдөг байж. Өнчин ганц таныгаа яаж орхих вэ дээ гээд хүрээд ирсэн ш дээ. Хүмүүс ямар муухай байдаг юм бэ. Миний хүү эд нарт ямар гэм хийсэн юм бэ гэж уйлсаар. Саран охиныхоо толгойг элгэндээ нааж “миний охион чи чинь ижийдээ ирэхгүй өөр хаачих ч билээ дээ. Элгээ эгшээн охиноо аргадаж оройн сэрүүнд божгор бор гар нь даарсан зээ хүүгээ эхийнх нь тэврээс өргөн авч “миний бор хүү чинь мундаг эр болоод ээж эмээ хоёроо хамт өргөөд явна даа тиймээ” гэхэд агаар цалгиан бяцхан хүү ходход инээхэд эх охин хоёр доголон нулимстайгаа инээмсэглэв…
Байна уу эмээ… байна уу эмээ би Боргил байнаа та сайн уу? Хотоор сонин юу байна даа. Хүү нь маргааш дэлхийн аваргын төлөөх тоглолттой өнөө орой дасгалжуулагчаасаа чөлөө аваад ээж та хоёртой ярих гэсэн чинь ээжийн утас холбогдохгүй байна. Саран Боргилынхоо яриаг алс хол европын нэг улсаас ярьж байгааг… саяхан наяад он гэхэд л монгол дотроо захиалга өгчихөөд хоёр гурав хонож байж дөнгөж л мэнд мэдээд өнгөрдөг байсан нь санагдаад … хөгжил гэдэг юм мөн ч сайхан юм даа.
Хаа байсан дэлхийн нөгөө бөөрнөөс шүү дээ яг л хажууд байгаа юм шиг… миний хүүгээр сонин юутай байна даа. Очсон газар нь дулаахан юм уу хэзээ зурагтаар гарах юм бол доо. Ээж нь өдөр надтай ярьсан төслийнхөө ажлаар Вашингтон явах болсон гэнэлэй гэхэд Эмээ… эмээ… би хамаатнаа олоод оо. Яагаав миний хүзүүнд зүүлттэй байдаг сахиус шиг юм байдаг даа. Саран гайхснаа аан… тийм тийм илгэн ууттай нэг тийм хэлбэртэй юм байдаг даа… гараараа агаарт хий зурж хэлбэр гаргах… хүүгийнхээ догдолж байгааг илтэд мэдрэв.
Боргил хүүг дасгалжуулагч Насан дуудаж “… Борхүү минь хамаатан чинь эрээд иржээ. За энэ улстай танилц хэмээн гараа сунгахад ширээний ард сууж байсан залуу босч ирснээ “намайг Родригес Эман гэдэг хэмээн англиар хэлснээ энгэрээ ухаж Боргилд байдагтай яг ижил “сахиус”-ыг гаргаад ирлээ. Насаар Боргилоос арай ахмад хөнгөн жинд тоглодог энэ залуутай Боргил хоёр дахиа таарч боксын дэвжээнээ “тэмцэлдсэн “ болохоос тасарч үсэрч холдсон яс махны тасархай гэдгийг яаж мэдэх ч билээ.
Родригес Эманы авга ах нисэхийн инженер мэргэжлээр ЗХУ-д суралцаж, төгсөж очсоор олон улсын нислэгийн инженерээр нутагтаа ажиллаж байгаад өнгөрсөн жил таалал болсныг харамсан яриад өвөр дээр нь эрхэлж өссөн ач дүүгийн ёсоор дурсан санаж нулимс дүүрэн нүдтэй суухыг харсан монгол дасгалжуулагч “ийм адилхан улс байдаг аа” хэмээн өвөр дотроо дуу алдав. Боргил өсөж өндийхдөө ээжээсээ аавыгаа хэд хэдэн удаа асуусан боловч ээж нь нэг л учир битүүлэг, ярих дургүй ч юм шиг байдаг сан.
Америк руу явахынхаа өмнөхөн “хөөрхий дөө хаа явдаг юм бол доо. Уг нь их л сүрхий сийрэг ухаантай ажилсаг хүн сэн” хэмээн дурссанаас өөр дурсамж Боргил хүүд үгүй. Ээж эмээ хоёроос нь өөр хамаатан садан гэхээр түшиж тулах хүнгүй “нэгэн бодлын ганцаараа ч юм шиг” санагддаг, ингээд нэг “нартай өдөр” хаа холын хамаатан садантай болдог байжээ.
Боргил энэ уулзалтыг хүлээж байсан шиг сэтгэл нь тэнийгээд “би чинь эцэгтэй хүн шүү дээ” хэмээн бодохдоо ээж, эмээ хоёроо туйлгүй их өрөвдөн саналаа. Боргилын найз охин Аямаа бас Боргил шиг л заяанд төрсөн охин. Ээж нь элдэв хавчлагаас зугатан гадаадад гарч амьдарсан, өвөө нь дээхэн үед “том дарга” байснаа Аямаагийн төрсөн “балаг”-аар албан тушаал байтугай нутаг заагдан суусаар насыг барахдаа зээ охиндоо хир халдаалгүй “миний муу бор охин” хэмээн аман дахиа ч авч өгөхөөс сийхгүй хайрлан өсгөсөн гэх.
Хүмүүс хэтээсээ сониуч хэрэгт дуртай байдаг болохоор өвөөгийнхөө дүү нарт ад шоо үзэгдэн “ёстой л нугасны муухай дэгдээхий “шиг өссөнөө, гадуур гарахаар бусдаас шал өөр дүр төрхийг нь хүмүүс хараад сонжоод байх, бага жаахан охин хүүхдэд ямар хэцүү болохыг ярина. Тэдний зовлон ижил. Мэдээ орсон цагаасаа эхлээд Боргил хүмүүсийн сонжоот харцан доор хэрсүүжсэн билээ.
Эхлээд “өхөөрдөөд” хараад байгаа шиг санагдаад тоодог ч үгүй л байх. Өсөж өндийх дусмаа нэг л өөр орчин эргэн тойронд нь байгаад байх шиг санагдахаар гэртээ бүгээд гармааргүй байдагсан. Биеийн тамирын багш Лхам л анх сургуулийн спорт зааланд хөтөлж ирсээр Боргил гэдэг хүн “нээгдэж” эхэлсэн шиг.
Насан дасгалжуулагч “та нар элдэв эсийн сахиус зүүж, шивээс хийлгэвээ тамирчин хүнд хамгийн муухай юм чинь тэр” гээд хэзээний гүдэсхэн шулуун хэлэх. Боргил дандаа зүүж явдаг тэр сахиусыг “эмээ“ нь л хүмүүсийн хэл амнаас айгаад нутгийнхаа ламаас авч зүүлгэсэн шившлэгтэй эд байх гэж боддог байсан даа. Боргил анх Сингапурт Родригес Эмантай сугалаа таарч тоглосныг бичлэгээр тэдний гэрийнхэн үзээд авга ах нь тоглогч залууг монгол хүн гэхээр гайхаж байсан гэдэг.
Тэр хүн хүнийхээ зөнгөөр байсан уу монгол гэхээр царай төрх нь өөрсөдтэй нь адил санагдахаар тэгсэн юм болов уу ач дүүгээсээ бичлэгийг хуулж аваад хадгалсан байсан гэнэ лэй.Х үний заяа гэж… Харин өнгөрөхийнхөө өмнөхөн удмынхаа сахиусыг ач дүүдээ өгөөд … тэр хүүгийн ээжийг Бүжин гэдэг үгийн утга нь “туулай охин” гэсэн үг гэж хэлсэн гэнэ. Родригес Эман ингэж монголтой танилцаж эхэлсэн байх юм.
Боргил уулзалтаас гарч байр руугаа гэлдэрч явахдаа ээж минь намайг өсгөж өндийлгөх гэж бүх л насаа, зүсээ зориулж хорвоог ганцаараа туулсан байдаг. Миний аав гэх тэр Родригес бас л дэлхийн нөгөө бөөрөнд хэний төлөө нэг насныхаа амьдралыг золиослон ганцаар амьдраа вэ гэж бодохоор.. хайр сэтгэлд хил хязгаар огт үгүй,цаг хугацаа ч гэж байхгүй байх юм даа… бодно…. Туулай охины хүү би хайраас төржээ… омог бардам … “ орчлонд хайрын шалтгаанаар төрсөн ,утга төгөлдөр амьдрах юм шүү “ хэмээн өөртөө хэлээд байр өөдөө урамтай алхлаа.