“ЭХНЭР МААНЬ ЗАЛХУУ ГЭХЭД АРАЙ Л ДЭНДҮҮ ЗАЛХУУ…”

“ЭХНЭР МААНЬ ЗАЛХУУ ГЭХЭД АРАЙ Л ДЭНДҮҮ ЗАЛХУУ…”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байцгаана уу? Би эхнэртэйгээ гэр бүл болж нэг гэрт ороод яг дөрвөн жил болж байна. Та бүгдээсээ зөвлөгөө авах гээд л энэ бүхнийг тоочоод амьдралынхаа нарийн ширийнийг бичиж сууна даа. Өөрөө бол яах ийх учраа ч олохоо байгаад удаж байна.
Юуны учир гэвэл манай эхнэр ажилгүй гэхэд дэндүү ажилгүй, залхуу. Ажил хийдэггүй гэртээ байдаг байж л арай л дэндүү залхуу. Би үүнийг нь засах гэж янз бүрээр л үзлээ тэгээд өнөөдрийг хүртэл олигтой үр дүнд хүрч чадсангүй ээ.
Тэгээд л энд бичиж зөвлөгөө авах гээд байж байна. Анх үерхдэг, уулздаг байхад бол мэдэгдэж байгаагүй, би ч тийм зүйлийг нь анзаарах сөхөөгүй л хайрлалцаж дурлалцаж явсан байх. Тэгээд нэг гэрт орсон цагаас л тар нь танигдаж эхэлсэн дээ.
Одоо бол гэр оронд байнга хоол өмхийрнө тэгээд хаяхаас өөр аргагүй, хөргөгч бас өмхийрчихнө. Энэ тэнд л хатаж муудаж мөөгөнцөртсөн идэж уух юмнууд байдаг. Би ч уг нь их л хэлдэг, хэрэгцээндээ тааруулж дэлгүүрээс хүнсээ цуглуулаачээ гэж.
Даанч тэгээд хүний үгийг үг чинээ тоохгүй, эсвэл ойлгохыг ч хүсдэггүй байх. Идэх, идэхгүй, хэрэгтэй хэрэггүй баахан юм аваад л муутгаад дараа нь хаяж цэвэрлэх ажил гарна. Би л хөдлөхгүй бол угаагаагүй хувцас, хоол идсэн аяга таваг ч өмхийрч дээгүүр нь ялаа нисэх шахуу л юм болно.
Анхандаа бол би их л урдуур хойгуур нь орж алган дээрээ бөмбөрүүлнэ гээд цэвэрлэж гүйдэг байсан. Одоо бол өглөө босоход цай байхгүй, орой харихад хоол байхгүй. Ганц бие залуу шиг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд өөрөө л бүгдийг нь зохицуулаад явж байна.
Хөөрхөн гэхэд дэндүү хөөрхөн хайр татам хүүг минь төрүүлж өгсөн болохоор иймэрхүү ялихгүй асуудлаас болж салаад хүүгээ өнчрүүлмээргүй байдаг. Гэхдээ бас хүн сонсоход ялихгүй жижиг инээд хүрэм асуудал юм шиг мөртлөө өөр дээрээ тулаад ирэхээр амьдралын томоохон л асуудал юм.
Хэрвээ надаас салвал эхнэр маань бодвол өөр хүнтэй л бас гэр бүл зохиож амьдрах л байлгүй. Тэгээд залхуу, ажилгүй болохоор тэр хүндээ хөөрхий минь яаж адлагдах бол гэдгийг нь бодоод бас өрөвдөх ч шиг.
Түүнийг гэх хайр минь хөрчихсөн ч юм шиг санагддаг болсон ийм асуудлаас болоод бага багаар бухимдаж түүнийгээ үгүйсгэсээр байгаад нэг мэдэхэд л хайртай, хайргүйгээ ч мэдэхээ байчихсан байна.
Саллаа гэхэд түүнийг яаж амьдрах бол гэж өрөвдөөд, хөөрхөн хүүгээ бодоод л өдийг хүртэл тэвчиж амьдарч байна. Иймхэн асуудлаас болоод хайр нь хөрчихсөн гэхээр хүмүүс гайхаж, намайг харааж зүхэж байж ч магадгүй.
Гэхдээ бүтэн дөрвөн жил ийм амьдралаар амьдарлаа, цаашдаа ч насан туршдаа ингэж амьдрах юм байна гэж бодохоор нэг л итгэл сэтгэл минь хүрэхгүй мэт. Эргэн тойрныхоо, найзуудынхаа эхнэрийг харахаар тийм биш л юм шиг байх юм.
Ихэнх айл гэрүүд эхнэр нь гэр доторх ажлаа хийдэг, бүр болье гэхэд эхнэр, нөхөр хоёр ажлаа хуваагаад хийдэг юм байна лээ. Одоо би бол үнэндээ л гэр орны ажил, хоол ундны хэрүүл хийхээс залхаж байна дөө.
Сайн ярилцаад шийдэж болох асуудал гэж хүмүүс бодож байж магадгүй л байх. Зөндөө ярилцаж үзсээн, эвээр ч үзсэн хэрэлдэж уралдаж ч үзсэн тэгээд эхний гурав хоног л овоо гайгүй байж байгаад буцаад л бахь байдаг ажилгүй залхуу хэвэндээ орно.
Дээрээс нь гэртээ хүүхдээ хараад сууж байж л ханиад шуухниа, хордлого, суулгалт гээд байнга л өвчин тусгачихна. Эмч дээр очъё гэхээр дандаа надаас зөрж фейсбүүкийн хэдэн группээс, хэдэн их мэдэгчдээс зөвлөгөө авч байгаад бүр ч дордуулна миний хүүг.
Өөрөө яагаад гэрийнхээ ажлыг, хоол ундаа хийж болдоггүй юм, заавал эхнэрийнхээ гарыг харах гэлээ гээд зарим уншиж байгаа хүмүүс бодож байгаа байх. Би нэг гэрт орсноосоо хойш л гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг л бүх зүйлсээ хийж байгаа шүү.
Тийм болохоор намайг тэгж буруугаар битгий бодоорой гэж хүсэх байна. Би ч гэсэн бусад айлын нөхрүүд шиг хаяа ч болов зурагтаа үзээд буйдан дээрээ тэрийгээд хэвтмээр л байна. Байнга шал шавхай цэвэрлэх, хоол хийх, хувцас аяга таваг угаахаас маш их залхаж байна.
Ийм амьдралыг яамаар ч юм бэ дээ, би өөрөө л анхнаасаа дэндүү их эрхлүүлээд, урдуур хойгуур нь орж бүх юмыг нь хийсээр байгаад муу зан сургасан минь л миний алдаа байсан юм шиг байна.
Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн ажилтай гэж хэлээд ажил дээрээ ирчихээд гэртээ харихаас ч дургүй хүрээд сууж байна. Би түүнийгээ яаж засах вэ. Залхуу эмэгтэй хүн засардаг юм болов уу. Надад зөвлөгөө өгч туслаач эмэгтэйчүүд, ээжүүд минь…