зөвлөгөө

“ЭМЭЭ БА БИД” – НҮДЭНД ХАРАГДТАЛ САЙХАН БИЧЖЭЭ…

“ЭМЭЭ БА БИД” ӨГҮҮЛЛЭГ

Thank you for reading this post, don't forget to subscribe!

НАЙДАНБАТ

Зуны амралт эхэлмэгц ээж Улаанаа бид хоёрт ижил цагаан даашинз оёж өгснийг нь хүүхдийн баяраар л ганц өмсөөд “наадмаар өмсөөрөй” гээд бор авдрандаа хийчихэв. Наадам бушуухан болж улаан цоохор мөөгтэй цагаан даашинзыг өмсөхсөн гэхээс байж ядна. Зуны амралт эхлэхэд хүүхдийн баяраас хойш манай үеэл эгч дүүсүүд өвөөгийн хашаанд цугларан өдөржин буулгаж өгнө дөө.

Бидний аз болоход ээжийн нэг эгч дөрвөн дүү бас өвөөгийх хоорондоо хэд хэдэн гудамжны зайтай ойролцоо амьдрана. Хамгийн ойр нь нэг гудамжинд байдаг бол хамгийн хол нь нэг автобусны буудал зайтай болохоор бид хэд өглөө бүр хэдэн талаас цугларч орой бүр гэр гэрийн зүг тарах нь яг л өглөө ажилдаа ирээд орой тардаг албан газрын ажилчид мэт санагдана.

Бид хэд нийлж хүүхдүүд нийлж тоглож болдог ямар л тоглоом байна бүгдийг тоглоно. Эр эмгүй нийлэн резин, дээс,чартаа, гагнасан гинж, нуугдаж тоглох, алт мөнгөний эзэн, гүйдэг маатаг, концерт тоглох, үг дамжуулах гэх мэт. Тэгээд санаа нийлэн өдөржин тоглох нь заавал хийх зуны даалгавраа хийж буй мэт санагдана.

Тэгэх зуураа гэр лүү санд мэнд гүйж орон лаазнаас шанагаар ус хутган хэд залгилан хэдэн боорцог халааслаад эгээ л гал тэрэгнээс хоцрох гэж буй аятай хар хурдаараа тоглоом руугаа гүйнэ. Тоглоом ид дундаа явж резинийн аврагаа яг шалгаруулах гэж байтал Думбаа гэж нэг гайтай юм (эмээгийн тав зургаан ямааны сүргийн манлай сэлмэн эвэртэй цэнхэр ухна) үе үе хүн хөөж мөргөдөг гажиг нь хөдлөөд биднийг элдэж өглөө.

Бүгд орилсон хэрнээ инээлдэн амбаар савны араар орон зугтан гүйж, тэгэх тусам Думбаа улам онгирох мэт аль ойр харагдсныг нь дахиад л элдэж хөөнө. Тэгж тэгж залхасан бололтой өөрөө биднийг хаяад яваад өгөхөд бидний тоглоом дүрэм ёсоор үргэлжилдэг байлаа. Гэнэт хэн нэг нь: – Яанаа таван цаг гэж хашгирахад бүгд дэрхийтэл босон өвөөгийн гэр лүү гүйлдэн насаар бидэн дотроос хамгийн том нь болох ээжийн хамгийн бага дүү Оюунаа бусдыгаа удирдан:

-Ариунаа аяга угаа, Улаанаа цай тавь, Нараа хог шүүрд, Ууганаа дүү нарынхаа нүүрийг угаа, Болороо тоосоо арч гээд хүн бүрт тохирох ажлыг үүрэгдэн өгч бусад нь ч түүний үгэнд дуулгавартайяа орон хэдхэн хоромын дотор гэр цэвэр цэмцгэр болсон байлаа. Хамгийн түрүүнд таван литрийн хөнгөн цагаан данхаа сэгсэрч үзээд цай байвал халаагаад, байхгүй бол шинэ цай тавина.

Тэгж байтал ажилдаа явсан томчууд уван цуван ирэвч бид бүгдээрээ эмээгээ гудамжны үзүүрээс ирэхийг холоос харан унаж тусан, уралдан харайж, урд хойноо орцгоон тосон гүйх дуртай. Яагаад гэвэл эмээ түрүүлж ирж тортой юмыг дамжилсан хүүхдийг чихрээр шагнадаг байсан болохоор тэр. Бас эмээ өглөө бүр гурван литрийн паалантай цагаан бидоноо авч явж орой ирэхдээ түүндээ сүүтэй ирдэг байлаа.

Нэг удаа Ууганаа, Зулаа хоёр түрүүлж очоод Зулаа тортой юмыг нь Ууганаа бидонтой сүүг нь барьж яваад биднээс түрүүлж эмээг тоссондоо онгирч байгаад чулуунд бүдэрч унан бүх сүүгээ асгаж орхилоо. Цасан цагаан сүү бор шороонд шингэхтэй уралдан эмээ хуруугаа дүрэн духандаа хүргэх зуур: – Ээ тосоор гоож, ээ тосоор гоож. Юундаа инээгээд далжигнаад явдаг юм бэ дэ, хайран сүү асгаад хаячихлаа гээд ихэд уурлахад бүгд буруутай мэт ихэд гэмшсэн.

Яагаад гэвэл хөгшин буурал болтлоо ажил хийсээр ирсэн эмээ маань мах шөл гэхээсээ илүү сүүтэй цайгаар өрцөө цайлгаж, тамир тэнхээ авч байх мэт данх нь хэзээд л сүүтэй цайтай байдаг сан. Тэгсэн ч гэртээ орж ирээд бүх зүйл ном ёсоороо цэвэр цэмцгэр байхуйд угийн нямбай эмээгийн санаа амран их л сайхан ааштай байна.

Тэгээд байнга биедээ авч явдаг алдарт эрээн торноосоо дугуй талхнууд гарган голоор нь хуваалгүйгээр эгээ л бяслаг зүсч буй мэт нэг захаас нөгөө зах хүртэл нэгэн жигдээр бүгдийг зүсэж тавина. Зарим нь жижиг зүсэм байх, зарим нь том зүсэм байх өөр өөр хэмжээтэй талхнуудаа хүүхдүүдийн нас биений дарааллаар хамгийн томоос нь эхлэн тарааж эхлэнэ.

Тэр нь томуудад нь том талх, жижгүүдэд нь жижиг талх ноогдоно. Энэ нь бидний ходоодонд хамгийн шудрага оноолт болно. Хамгийн гол нь нэг хүүхдэд нэг масло сахартай, нэг сахартай, нэг хольцгүй гээд гурав гурван зүсэм ноогдоно. Үгүй мөн зарчимч эмээ шүү. Бүтэнсайн өдөр бол томчуудын хувьд амралтын өдөр боловч бидний хувьд баярын өдөр мэт гоёхон.

Нагац эгч нар нэгэн хашаа байшингийн хооронд нөмөрлөж татсан брезинтийн сүүдэр доор оёдлын машин тачигнуулж хэн нэгний уранхай цоорхойг оёж байхад өөр нэг эгч маань хуучин эцсийн дэлгүүр лүү биднийг явуулж авчируулсан цувдайг борлуулж нарийхан савхан хэрчээд хорийн тогоо дүүрэн байцаатай хуурга гадаа зуухан дээр хутгах нь үнэр нь ханхийж бушуухан идэх хүсэл төрүүлнэ.

Хамгийн гоё нь дөчийн бидон дүүрэн хатсан яавлагны компот хөрхийг хүлээх нь тэвчээр барсан ажил байлаа. Төмөр тавганд элсэн сахар хийж гал дээр хайлуулан түлээд түүгээрээ компотондоо бор өнгө оруулнаа бас. Гэдсээ цүрийтэл уучаад ёроол дахь бэлцийж зөөлөрсөн алим чавгыг шанагаар хутган авч аяга аягандаа хийж авч хэсэгтээ л найрладаг байлаа.

Оройхон энэ тэндээс унгас пижигнэх чимээ гарч тэгэх тоолонд өөрөө унгаагүй мэт бусдыгаа шоолон инээлдэцгээнэ. Тийм нэгэн амралтын өдрөөр эмээ оёдлын машинаа урьдын адил хэсэг тачигнуулснаа арай л томхон дөрвөн зээ охидоо дуудлаа. Гэтэл Улаанаа бид хоёрт ээжийн оёсон даашинзны үлдэгдэл даавуугаар дөрвөн ижил нарны малгай оёсон байлаа.

Орой нь дун цагаан, тойрсон далбагар саравч нь цоохор улаан мөөгтэй. Бурхан минь манай гудамжинд байтугай манай хотод ч бид дөрөв шиг дэгжин малгайтай нь лав байхгүй биз. Бид баярлалдан дуу шуу болцгоон бусдадаа гайхуулах гэтэл: -Аваад ир одоо хар болгочих нь, улсын наадмаар цэнгэлдэх явахдаа өмсөөрэй гээд буцаагаад авчихлаа. Бидний урам хугарахыг анзаарсан эмээ маань инээж: -Тэгээд наадмаас хойш байнга өмсөцгөөж байгаарай гэхэд бид дөрөв нэгэн зэрэг -За эмээ гэж дуу нэгтэй хариуллаа.

…Наадмын өглөө эмээ маань хэзээний эртэч зангаараа аль хэдийнээ босч сүүтэй цайгаа чанаж хөргөөд тавын бидонд хийж тагийг нь гялгар уутаар жийрэглэн асгахаас болгоомжлон сайтар тагласан нь явхад бэлхнийг илтгэх мэт. Жил бүрийн улсын баяр наадмаар эмээ маань өөрийн хүүхдүүдтэйгээ бус зөвхөн ач зээ нараа бүлтийтэл гоёод цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн паркаар дагуулан явдаг нь бид бүхний хувьд жилийн турш хүсэн хүлээсэн баярын өдөр.

Цэнгэлдэх дотор наадамчдын дунд суун бөх харах эмээгээ ээлж дараалан -Эмээ халууцаад байна, эмээ бие засмаар байна гэж шалцгаах нь үнэндээ бөхийн барилдааныг ойлгон шимтэн үзэх нас ухаан суугаагүйгээс гадна бушуухан гарч цэнгэлдэх тойрон худалдаалах хуушуур, квас, азын сугалаа, тоглоомын худалдаа зэргээр аялах гэж яарсных юм.

Эмээ ч хөөрхий бөх харж тэгтлээ удаан суудгүй юм л даа. Зөвхөн цэнгэлдэх хүрээлэнд ирсэн хүн байна даа гэхчилэн ёс төдийхөн суухад л бид нар яаран адгахдаа л тэр. Уламжлал ёсоор эмээ бүгдэд нь нэг нэг төгрөг өгч сугалаа сугалуулна. Сугалаанд хэн хэн юун хожихыг харах нь сонирхолтойгоос гадна гол хүсэл минь арван гурван төгрөгний голоороо судалтай бөмбөг хожих байлаа.

Харамсалтай нь би гутлын үдээс, Ариунаа нэг алим, Улаанаа балын харандаа гэхчилэн хамгийн бага хонжворуудыг сугалахад сугалаа сугалуулагч настай эгч: -Хөөрхий дөө хүүхдийн гар азтай шүү хэмээх үгээ хүн бүрт инээмсэглэн давтах сонсогдоно. Харин эмээ өөрөө дугуй лаазтай гутлын тос сугалсан нь бидэнд хамгийн сонирхолгүй аз байвч эмээд бол хамгийн хэрэгтэй эд бололтой ихэд олзуурхан буй нь илт торныхоо хамгийн доод ёроол руу гүн гэгч шургууллаа.

Наадмын хуушуураа идэхээр модны олж зүлгэн дээр сууцгаахад мод бут болгоны ёроолд аль хэдийн хүмүүс тухлаж авсан харагдана. Бүгд хуушуур авах гэж эмээг бүчин тойрч бас гэрээс авчирсан төмөр сияан аягандаа сүүтэй цайгаа хийцгээж уулаа. Эмээ эрээн торноосоо чихэр жигнэмэг зэрэг амттан гарган бидэнд гэнэтийн бэлэг барина Цэнгэлдэхээс хүүхдийн паркад ирэхэд тэнд ч мөн адил гоёж гангалсан хүмүүс, шаар барьсан хүүхдүүдээр хөл хөдөлгөөн дүүрэн байлаа.

Гэсэн ч эмээ маань арай томуудыг нь бас өөрөө хоёр гурван тоглоомон дээр зэрэг зэрэг дугаарлан зогсож ямар ч байсан биднийг тоглуулж чадлаа. Хүүхэд бүр хамгийн гоё хувцсаа өмссөн байвч Улаанаа бид хоёр шиг цоохор мөөгтэй цагаан даашинзыг нарны малгайтай нь хослуулан өмссөн охид хаа ч байхгүйгээр барам хажуугаар зөрсөн хүмүүс ‘’Ямар хөөрхөн юм бэ! Ихэр юм байхдаа’’ гэлцэх нь чихэнд сонсогдож тэгэх тусам улам гайхуулмаар санагдавч яаж гайхуулахаа мэдэхгүй даашинзандаа сэтгэл хангалуун бид бие биенээ харан инээмсэглэнэ.

Хамгийн сүүлд паркын хаалгаар гарахын өмнө өвгөнтэй хөшөөн дээр очиж уламжлал болсон зурагаа даруулна. Тэгэхдээ “Чи ноднин шувууны хажууд зогссон биздээ! Oдоо би зогсоно, Болороо нөгөө өвдөг дээр нь суу, янзагны хүзүүгээр заавал тэврэх гээд яах вэ’’гэх зэргээр бөөн дуу шуу болон байж зурагаа авхуулцгаалаа. Өдрийн явдалдаа ядарцгаагаад автобусанд ороод үүрэглэвч хүүхдүүд бидэнд сандал олдохгүй тул зогсоогоороо унтах нь холгүй явсаар буух буудал дээрээ ирлээ.

Эмээ автобусны хаалгаар буух арваад жаалуудыгаа тоо ёсоор нь бүртгээд гэрийн зүг алхахад тэнгэр бүрхэн бороо дусалж өдөржин халууцсан бидэнд тун таатай байсан ч бороо ширүүсч эхлэхэд нэгэнт “нутагтаа” ирсэн бид эмээг хормойдох шаардлагагүй тул гэрийн зүг гүйцгээлээ. Хэдий хамаг хурднаараа гүйсэн ч борооноос зугтах аргагүй бид дал, мөр, цээжээрээ нилээд норж харин арын шилбэ, цагаан оймсны түрийнүүд шавхай үсрэн бор, бор толботой болсон байлаа.

Хашааны хаалгаар баяр хөөртэйгөөр уралдан орж ирэхэд Думбаа өдөржин бидэнгүй уйдаж ирэхийг минь хүлээж байсан аятай холоос гүйж ирээд шууд л мөргөхөөр элдэн хөөлөө. Мөргүүлчихгүйг хичээн би хамаг байдгаараа өвөөгийн байшин руу гүйж байгаад нойтон бор шороонд халтираад хажуулдан унаж орхилоо.

Нэг их өвдөөгүй болохоор даруйхан боссон боловч нөгөө ганган даашинз маань нил шавхай болж ямар өнгө хээтэйг хэлэхэд ч бэрх байлаа. Намайг харсан манайхан савж унатлаа шоолон инээлдэхийг хараад би уйлах инээхийг алыгаа ч мэдэхгүй бантсандаа шавхай болсон гараараа нүүрнийхээ усыг шударлаа гээд нүүрээ бас алаг эрээн болгож бүр хөгийн юм боллоо.

“Хайран палааж ,хайран палааж” гэж гэж дотроо харуусан яг уйлдгын даваан дээр “Ядаж наадмаар өмсчөөд унасан нь яамай” гэж бодогдон өөрийн эрхгүй баярлан инээд минь хүрлээ -За за орцгооё хөгтэй нөхдүүд минь гэж нагац эгч хэлэхэд байшингаас гарч ирсэн, гаднаас ирсэн манайхан бүгд ороход гадаа сүргийн манлай Думбаа л яг л кино үзээд дууссан үзэгч аятай ганцаараа хаалганы цаана үлдлээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!