зөвлөгөө

“БҮСГҮЙ МИНЬ ЭHГЭP ЧАНГАТАЙ БАЙГААЧ, ЭРЧҮҮД УГААСАА ЧAНГAAЖ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ”

“БҮСГҮЙ МИНЬ ЭHГЭP ЧАНГАТАЙ БАЙГААЧ, ЭРЧҮҮД УГААСАА ЧAНГAAЖ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ”

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэндийг хүргэе. Энэхүү захиаг бичихдээ би хэн нэгнийг буруутгах болон өөрийгөө бас нөхрийгөө бусдад шүүмжлүүлж муу хэлүүлэхийг хүссэнгүй ээ. Зүгээр л авах гээхийн ухаанаар та бүхэн хандаасай гэж хүсэж байна.Би гурван хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртөйгөө хамт амьдраад 22 жил болж байна. Нөхөр бид хоёр өөрснөө л энэ амьдралыг анхнаас нь тэгээс нь босгоно гэдэг шиг хамтдаа босголцсон. Хичээсний эцэст хүнээс илүү гарахгүй ч дутаад байхааргүй боломжийн сайхан ч амьдарч ирсэн.

Харин нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэж хэзээ ч эдгэхгүй шархыг би сэтгэлдээ авсан. Нөхрийгөө би өөр хүүхэнтэй тэр бүү хэл тэр эмэгтэйгээсээ хүүхэдтэй болсон гэдгийг мэдсэн. Бүхэл бүтэн хорин хоёр жил нэг хүн шиг болтлоо ханилсан ханийгаа ийм зүйл хийсэн гэж бодохоор эхэндээ итгэж өгөхгүй байсан. Хамгийн сонин нь гаднаа их тайван хүлээж авсан боловч дотор хүн маань хоёр сарын хугацаанд сэтгэлийн маш том шоконд орж хүнд цохилт авсан байлаа.

Мэдээж тэр хоёр сард юу эс болох вэ, хэрүүл уруул, уйлаан майлаан гээд байж болох бүх юм л болсон. Хамгийн түрүүнд хийсэн алхам маань салалт байсан. Харин манай хүн үүнийг зөвшөөрөөгүй. Миний өмнө буруутай чамаас ичиж байна гэх зэргээр уучлалт гуйж гурван хүүхдийнхээ өмнөөс болон өөрсдийнхөө амьдралыг аварч үлдэхийн тулд зөв шийдвэр гаргаач гэж надаас зогсоо зайгүй гуйж байлаа.

Хамгийн хэцүү нь болсон үйл явдлыг хүүхдүүддээ мэдэгдэхгүйг хичээж ил цагаан уурлаж бухимдаж болохгүй байсан. Ингэж явсаар хоёр сарын дараа өөрөө би өвддөг юм байна. Эмч нар сэтгэл гутралд орж сэтгэлдээ маш том цохилт авсанаас болсон байна гэвээ хөөрхий. Ингээд би эрүүл ухаанаар бодож эхэлсэн. Байж болох хамгийн зөв гарцыг хайсан. Миний бодлоор энэ асуудалд нөхрийгөө уучлах нь хамгийн зөв бөгөөд хялбар арга байсан.

Уучилж л чадах юм бол өөрийгөө, хүүхдүүдээ, нөхрийгөө гээд хэнийг нь ч шархлуулж хохироохгүй юм шиг санагдсан. Би гэхдээ цаад хүүхэнтэй нь ч холбогдож ярилцаж үзэхийг хүсээгүй. Яагаад гэвэл би тэр эмэгтэй шиг тийм сайхан залуу халуун насан дээрээ гэр бүлтэй эрийг сонгохгүй байсан, тийм тэнэг сонголт хийхгүй байсан.

Түүний өрөвдмөөр ийм арчаагүй аргаар амь амьдрал санхүүгээ дээшлүүлэх замыг сонгосонд дургүй хүрч тэр эмэгтэйтэй уулзаж нөхрөөсөө салахыг гуйж гувшиж нэг зиндаанд очихыг хүсээгүй. Тэр эмэгтэйг бол зүгээр л орхичихсон. Уулзаж царайг нь харахаас ч ой гутам санагдсан. Хорин хоёр жилийн амьдрал бидний босгосон түүх надад дэндүү хайран байсан ч тэр түүхийг үгүй хийх үгүй нь надад, миний гарт байсан болохоор би уучлахыг хичээж юу ч болоогүй юм шиг байхыг одоо хүртэл хичээж байна.

Эмэгтэй хүмүүс яагаад бие биенээ хайрлаж хүндлэж болдоггүй юм болдоо. Миний нөхөр эр хүн нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз гэдэг шиг алдсан л байлгүй гэж өдөр болгон өөртөө хэлж өөрийгөө зоригжуулж сэтгэлээ тайтгаруулж байна. Эцэст нь хэлэхэд бид эмэгтэй хүн, ирээдүйд эх хүн болно гэдгээ л хамгийн түрүүнд бодож шийдэх нь зүйтэй юм байна.

Гэр бүлтэй гэдгийг нь мэдэж байгаа бол залуу охидууд минь би өөрөө тэр хүний хувьд хэн болох вэ, ямар байр суурь эзлэх вэ гэдгээ бодож үзээч. Хэдхэн шөнийн жаргал чинь гурвын гурван хүүхдийнх нь ээжээс илүү байж чадах болов уу. Би түүнээс салсан ч тэр чам дээр очих болов уу. Чам дээр очлоо гэж бодоход насан туршдаа хажууд чинь хань болоод байж байна гэж үү. Барагтай л бол үгүй байх даа.

Миний амьдралд маш том толбо болон үлдсэн ч би түүнийг хэзээ ч үзэн ядаж өөрийгөө зовоож сэтгэлийн шаналалд унахгүй байхаар шийдсэн. Үргэлж би инээж жаргалтай амьдрах болно. Энэ миний нөхөртөө болон тэр эмэгтэйд өгч буй шийтгэл байх болно. Би үүгээрээ нөхрөө зөвтгөж хийсэн буруу үйлдлийг нь цайруулахыг хүсээгүй юм шүү.

Хэрвээ хүссэн болгонд нь эр нөхрөө өгч явуулаад байх юм бол элэг бүтэн гэр бүл энэ хорвоо дээр үлдэх болов уу. Гол нь эмэгтэйчүүд бид чинь л энгэр чангатай байх ёстой юм билээ. Эрчүүд угаасаа л чангааж л байдаг шүү дээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!