зөвлөгөө

“ӨӨРӨӨСӨӨ 18 НАСААР АХ ГАДААД ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН…”

“ӨӨРӨӨСӨӨ 18 НАСААР АХ ГАДААД ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би өнөөдөр өөрийнхөө бүрхэг ирээдүйн төлөө санаа зовниж зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 26 настай эмэгтэй. Өөрөөсөө 18 насаар ах гадны иргэнтэй гэр бүл болоод нилээд хэдэн жил болж байна.

Одоо бид дундаасаа гурван настай хөөрхөн охинтой. Бид гурав гадаадад, нөхрийнхөө эх оронд амьдардаг. Хар нялхаараа дөнгөж хорь гаруйхан насандаа суусан болохоор ямар ч сургууль соёлд суралцаж мэргэжил эзэмшиж амжаагүй ээ. Тийм боломж бололцоо ч гарч байгаагүй. Сүүлийн таван жил бол яс гэртээ л сууж байна, хүүхдээ хараад. Уг нь би багадаа гайгүй нээлттэй охин байсан одоо бол улам л бүрэг ичимхий талдаа болоод байна даа.

Хаяадаа үеийнхээ бүсгүйчүүдтэй танилцаж найзууд болох гэж үзнэ. Тэгээд нөхөртэйгөө танилцуулсны дараа хүмүүс элдвийн юм асууж шалгааж зовоогоод эхэлнэ. Арга ч үгүй биздээ, харах царайны надаас олон насны зөрүүтэй болохоор сонирхолтой санагддаг л байлгүй. Ажил хийе гэхээр мэргэжил байхгүй болохоор олигтой ажил олдохгүй, сургуульд суръя гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Ер нь л их хэцүү байдалд байна даа. Амьдрал надад дэндүү урт юм шиг санагдаж хүмүүсээс орчин тойрноосоо тасарсан ийм амьдралаас маш их залхаж байна.

Олон насаар ах хүнтэй суусандаа хүмүүсийн амны бай болж, насан туршдаа гэртээ сууж гэрийн авгай болж зовмооргүй л байна. Нөхөртөө ажил хийе гэж хэлэхээр чи яаж хийдэг юм, визний чинь төрөл болохгүй ажил хийж байгаад баригдвал асуудал үүснэ энээ тэрээ гээд огт дэмжиж өгөхгүй шалтаг тоочиж байгаад л өөрийнхөөрөө шийдчихнэ.

Болж л өгвөл намайг гэрт л байлгаад байх санаатай. Би болохоор ажил хийж мөнгө олж санаа зовох зүйлгүй өөрийн олсон мөнгөө өөртөө үр хүүхэддээ зарцуулж, яг л бусад хүмүүстэй адилхан амьдармаар байна. Ажилдаа явж байгаа хүмүүсийг, найз нөхөдтэйгөө хамт яваа хүмүүсийг харж атаархаж биш хамт мөр зэрэгцэж алхмаар байна. Манай монголчууд ер нь гадагшаа гараад ямар ажил хийдэг юм болоо? Ажлаа бас хаанаас яаж олдог, виз энэ тэр нь яадаг юм бол?

Орчлон хорвоогоос бүр тасраад гадаадад байж энэ талаар ч олигтой юм мэдэхгүй би ч гэж би. Заримдаа энэ амьдралаасаа залхсандаа хаяад нөхрөөсөө салаад яваад өгмөөр санагдах юм. Даанч хөөрхий үрээ яана даа гэж бодогдох юм. Салаад аваад явъя гэхээр надад юу ч байхгүй бүх зүйлээ 0-ээс эхэлнэ, хүүхдээ үлдээгээд явъя гэхээр зүрх хүрэхгүй.

Учир нь миний охин ээжээсээ хором ч холдож үзээгүй 100% ээжийн охин. Би ёстой яахаа мэдэхгүй л энэд захидал бичиж байна. Надад туслаач энэ харанхуй амьдралаар ингээд яваад байх уу? Аль эсвэл зориглоод өөрийнхөө мөрийг хөөгөөд явах уу? Би энэ чигээрээ байгаад байвал тун удахгүй хүнтэй ярьж мэдэхгүй, ямар ч эрдэм мэдлэггүй, нийгмээс тасарсан хөөрхийлөлтэй, амьдралын уртыг гайхсан, юуны төлөө амьдраад байгаагаа ч мэдэхгүй, vхэх өдрөө хүлээсэн хөөрхийлөлтэй амьд сүг болох нь ээ.

Сүүлийн үед нөхөртэйгөө байнга л ам мурийж байна. Миний хэлсэн бүхэн буруу, хийсэн бүхэн буруу, маш муу ээж нэртэй болчихлоо. Бид хоёр хамт унтахаа болиод ч удаж байна. Нөхөртөө учирлаж хэлье гэхээр хэрүүл болоод л дуусдаг болчихлоо. Тэр хэлэхдээ энэ дэлхий дээр чиний амьдарч байгаа шиг ажил хийж өөрийгөө зовоолгүйгээр амьдрах сонирхолтой зөндөө олон хүн байгаа.

Бүх зүйл чинь бэлэн байна, чи юу ч хийхгүй гэртээ л амраад байж байхад л болохоор байхад олон юм ярьлаа гээд л уурлана. Тэр нэг уурлахаараа цoxиж зoдоод байхгүй ч ядаргаатай уурлана. Хашгичаад, нэг ч бурууг өөр дээрээ тохохгүй бүх л зүйл миний буруу болно. Одоо их харамсах юм аа. Өөрөөсөө үе мултарсан олон ах гадаад хүнтэй сууж гэр бүл болохоос минь өмнө хэлээд сургаад ийм амьдралаас татаад авчих хүн байсан бол арай өөр тийшээ алхах байсан байхдаа гэж зөндөө бодох юм.

Эцэст нь хэлэхэд эцэг эхчүүд минь үр хүүхдээ анхаарч, амьдралын талаар ярилцаж, үр хүүхдээ амьдралд зөв алхам хийхэд нь туслаж зөвлөж байгаарай гэж хэлье. Харин охидуудад гэж хэлэхэд олон насны зөрүүтэй хүнтэй битгий гэрлээрэй. Ах залуу хэдий үеийн залуугаас чинь хайр халамж, өмөг түшиг нь илүү боловч чамайг ойлгож, дуртай зүйл дээр чинь дэмжих тал дээрээ үе тэнгийн залуугаас чинь хол дутах байх шүү.

Амьдрал зохиохоосоо өмнө өөртөө цаг гаргаж ирээдүйнхээ амьдралын төлөвлөгөөг гаргаж сайн бодоорой гэж хэлье дээ. Олон охид над шиг сонгосон амьдралдаа ингэж битгий харамсаасай эрх чөлөө гэдэг залуу нас, эрдэм мэдлэг, найз нөхөд юм шүү. Охидоо амьдрал эхлүүлэх гэж битгий их яараарай…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!