зөвлөгөө

“ЭР ХҮН Ч ГЭЖ ДЭЭ, НАДААС 10 НАСААР ДҮҮ БАЛЧИРХАН ЗАЛУУ…” НЭГ ШӨНӨ БИД 2..

“ЭРХЭМСЭГ, ЯЛДАМ, ЭНЭРЭНГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

Д.ГАНЗОРИГ

Минжин гэх өдгөө 35 насыг зооглож буй намхан туранхай, шөвгөр цагаан царайтай бүсгүй нягтлан бодогч мэргэжлээрээ арваад жил ажиллажээ. Ажлын хамт олонтойгоо эвтэй, идэвхи чармайлттай түүнийг дарга нар ч дээгүүр үнэлнэ. Хэлэх үгээ шуудхан бодолгүй хэлчихдэг. Харин хэлсэн үг нь оновчтой зөв тусдагаараа гаргууд.

Харин түүний ганц дутагдал нь өдий наслахдаа хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй нь юм. Дутагдал ч гэж дээ. Одоог хүртэл сэтгэлд нь хүрэх залуу олдоогүй биз. Ямар ч зүйлд чамбай, нямбай ханддаг тэрээр ирээдүйн нөхөр, хань болох хүнээ бүр өндөр шалгууртайгаар хүлээдэг ч байж болох юм. Гэвч тийм биш байлаа. Минжин Их сургууль, 10 жилд байхын л хөдөлгөөнтэй, хаана залуус шуугиж үймэлдэнэ тэнд л байдаг байж. Эрчүүдтэй их нийтэч тэрээр баргийн эмэгтэй найзгүй. Харин эрэгтэй найзууд нь түүнд их сайн хандана.

Гэхдээ хүний олон дотор найз гэхээсээ илүү дотносох хүсэлтэй эрчүүд олон байдаг ч яагаад ч юм түүнд ойртож зүрхэлдэггүй байлаа. Бага залуугаас найзалсан эрчүүдтэйгээ одоо ч найзууд. Гэхдээ ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болсон болохоор байнга уулзаад байж чадахгүй. Заримынх нь эхнэр хардаж залгана, нууцаар мессеж явуулж уурлана. Тэр бүү хэл нүүр тулж уулзаад алгадахад нь Минжин зөрүүлээд ухамсрын ша.н.аа өгөөд явуулдаг байв. Хэдий жижигхэн биетэй ч баргийн хүнд тийм амархан дийлдчихгүй, хортой, шартай омголон бүсгүй.

Гэхдээ ихэнхдээ л хүмүүсийг юу гэхийг эхлээд сонсож, тэвчиж эцэст нь өөрийнхөө ямрыг харуулдаг байв. Энэ олон жилийн хугацаанд хэд хэдэн залуутай үерхэж, дотносож байсан ч яагаад ч юм с.а.л.ч.и.х.даг болж. Харин хамгийн сүүлд үерхэж буй найз залуудаа Минжин үнэхээр хайртай болсноо өөрөө ч мэдэж байлаа. -Ингэхэд би ямар гээч эр хүнтэй учирчихав даа. Эр хүн ч гэж дээ. Надаас 10 дүү. Балчирхан залуу шүү дээ.

Гэтэл би санаа суудгаа суучихсан, хэр баргийн хүнийг үйл хөдлөл, хэл яриа, харцаар нь шинжээд мэдчихдэг болсон. Анхаа үнэхээр надад хайртай гэдэг ч яагаад үеийн бүсгүй сонголгүй надад ингэтлээ дурлана вэ? Анхнаасаа л нүүр өгөхгүй байхад араас гүйсээр байсан шүү дээ. Тийм ээ би ч татагдсан. Дэмий юм бодох ч гэж дээ. Үнэхээр л тавилан байдаг юм бол ирээдүй бид хоёрын өөдөөс гэрэлтэн ирэх байх. Гэхдээ гэрийнхэн нь зөвшөөрөх эсэх хамгийн чухал. Би ч яахав. Яаж ийгээд мартаж, сэгтгэлээ чанга барьж чадах тэнхээтэй, эрхэмсэг хүн.

Харин хар залуугаараа байгаа түүнийг сэтгэлийн шаналалд оруулж амьдралын замыг нь эвдэх вий гэхээс айх юм. Минжин ингэж бодон суух зуур утас нь дуугарлаа.”Хайрт минь” гэж хадгалсан дугаар байв. Дөнгөж саяхан л бухимдсан бодлоор өөрийгөө буруутгаж байсан Минжингийн царай утсаа харангуутаа л өглөөний нар гийх мэт зөөлөн дулаан инээмсэглэн утсаа авлаа. – Сайн уу хайрт минь. Чамайг хаана байгааг чинь би мэдэж байна.

Таавал чи өнөөдөр миний хүссэн зүйлийг өгнө биз гэж царгисан сөөнгө хоолойгоор Анхаа хэллээ. Түүний дууны өнгөнөөс л Минжинд хир хайртай болох нь мэдэгдэхээр – Чаддаг юм бол таачих. -За чи минь ажлынхаа хажууд талын задгай кафед кофе уугаад сууж байна. -Айн чи намайг харчихсан юм уу? – Харсан ч бай, хараагүй ч бай. Би ямартаа ч таачихлаа. Харин одоохон очоод хүслээ хэллээ. – Тэгвэл 10 тоолохын дотор ирэхгүй бол чи миний хүслийг биелүүлнэ шүү 1… 2 … гэж маш удаанаар тоолж эхэлтэл утас тасарлаа.

– Аргагүй л жaaхaн юм даа. Гэхдээ энэ зан нь хөөрхөн, өхөөрдөм шүү гэж Минжин амандаа бувтнаад дахин бодлогоширон инээмсэглээд амандаа 10 хүртэл удаанаар тооллоо. Удалгүй түүний ард талд Анхаагийн амьсгаадах нь сонсогдоход тэр өвдгөө хоёр гараараа тулаад: -Тээр холоос хараад ирж байхад 10 тоолоод байхдаа яахав дээ. Ү.x.т.л.э.э гүйлээ гэхэд нь Минжин чангаар тас тасхийтэл инээлээ. Анхаа: Би амжсан уу? гэхэд Минжин бодол болсноо: – 10 гэж чанга хэлэхэд Анхаа баярлан инээлээ.

Хосууд бүхэл оройг хамтдаа хоол идэж, кино үзэж, хотыг төвөөр алхаж өнгөрөөлөө. Урьд өмнө нь тэднийг харсан хүмүүсийн шивир авир ярих нь тэдэнд эвгүй байдаг байсан ч одоо бол тэд энэ байдлаас ичихээ больжээ. Ингэж явсаар шөнө болсныг ч хосууд анзаарсангүй. Минжин гэнэт чимээгүй дороо зогсоод Анхаагийн хоёр гараас атган өөр лүүгээ харуулаад: – Анхаа одоо намайг сайн сонс. Чимээгүй сонсоорой. -Чи бас л өнөөх ярьдагаа ярих гэж байна уу? Би чамд хэд хэлэх гээд Анхааг үгээ дуусгаагүй байтал Минжин үгийг нь таслаад:

– Тийм ээ. Одоо чи бид хоёр зогсох болсон. Энэ хүртэл явахад хангалттай. Үргэлж алхсаар байна гэж байдаггүй юм. Хэзээ нэгэн цагт чи миний насан дээр ирэхээрээ ойлгоно. Танай гэр бүл, манай хамаатан садан ч дургүйцнэ. Би чамд энэ хугацаанд маш их дассан ч үнэнч хайр байгаагүй. Эмэгтэй хүн дассан хүнийгээ л өөрийнхөө насны хайр гэж боддог юм. Би эндүүрч байж. Чиний өмнө бүхэл бүтэн гэрэлт ирээдүй байна. Би ч гэсэн өөрийнхөө үеийн, санхүү, ар гэр гээд бүх талаар биеэ даасан хүнийг сонгох ёстой. Миний хувьд ч тэр чиний хувьд ч тэр бид хамтдаа байж болохгүй хэмээн хэллээ.

– Чи энэ тухай байнга л хэлэх юм. Яагаад болохгүй гэж. Зөндөө насны зөрүүтэй хүмүүс байдаг. – Тэд юу давж туулдагийг чи мэдэхгүй байна. Харин би сайн мэднэ. Миний хувьд тэр давааг би давж чадахгүй. Уучлаарай. Дахиж над руу залгаж, мессеж бичиж, уулзах гэж ирээд хэрэггүй. Одоо болсон гэж Минжин зөөлөн хэлээд Анхаагийн гарыг тавьж эргэн харан алхлаа. Анхаа түүнд юу хэлэхээ ч мэдсэнгүй. Үнэхээр л явуулах ёстой үгүйгээ гайхан зогсоно. Минжин араас нь гүйгээд ирэх вий гэсэн шиг хурдан хурдан алхалсаар түүнээс холдон одлоо.

Хацрыг нь даган урсах ганцхан дусал нулимс маш том, тунгалаг харагдана. Нэг мэдэхнээ Минжин гэрийнхээ үүдэнд ирсэн байв. Тэр шууд гэртээ орохыг хүссэнгүй байрныхаа гадаа хэсэг суулаа. Минут, секунт бүрт Анхаагийн гомдсон царай нүдэнд нь тодрон харагдана. Цүнхээ уудлан нарийхан тамxи гаргаж ирж асаагаад хэд хэд хүчтэй сорж дээш харж үлээгээд санаа алдлаа. Түүнийг харсан багын байрны найз Тулгаа түүн дээр ирээд: – Хөөх ямар сонин хүн сууж байх юм. Миний цоглог найз юу болоод ганцаараа сууж байгаа юм. Атмануудыгаа дуудахгүй яагаав хэмээн урьдны адил тохуурхан мэндлээд гар барьлаа.

Анхаа Минжингүйгээр байж чадахгүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Түүний хойноос явмаар байсан ч төвөг удаад удам зовоох юм шиг санагдаж тайвширтал нь хүлээхээр шийдсэн боловч тэссэнгүй. Түүний хойноос байрных нь гадаа иртэл Минжин өөрийнхөө үе тэнгийн нэгэн залуугийн мөрөн наалдаад тэврэлдэн зогсож байхыг харжээ.

Тэр очоод хамаг уураа гаргаж өнөөх ах хүүг цохиод авмаар байсан ч Минжинг өөрийнх нь хүссэнээр орхихоор шийдээд яваад өгчээ. Тулга: – Уйлах хэрэггүй дээ найз минь. Чи чинь Эрхэмсэг, ялдам, энэрэнгүй бүсгүй. Энэ бүх зан араншинг чинь ойр дотно танил нөхөд, хамаатан садан чинь бүгд мэднэ. Тэднээс эмээх хэрэггүй.

Ойлгох хүн ойлгохгүй хүн байна. Бүгдэд өөрийгөө ойлгуулж амьдарна гэж юу байхав дээ. Эргэж очоод хайртай залуугаасаа уучлалт гуй. Тэгээд л болоо. Анх удаа л чиний уйлахыг харж байна шүү гээд инээлээ. Үнэхээр л энэ олон он жилүүдэд эгэл даруухан байж үзсэнгүй.

Энд хүрээд шантрах юм гэж үү? Эмэгтэйчүүд бид шантрахыг мэддэг гэжүү?…хэмээн Минжин бодсоноо: – Найз нь алдаа гаргасан байна. Миний найз найздаа ихийг ойлгууллаа. Баярлалаа. Би явах ёстой. Түүн дээрээ очих ёстой юм байна гэхэд Тулга баяртайгаар толгой дохьход Минжин яаран гүйлээ.

Тулга түүний араас: – Нялх ногоо зулгаачихдаг чи ч мөн хоншоортой хүүхэн шүү хэмээн найрсгаар ёжлон тохуурхлаа. Минжин жижигхэн ч гэсэн өөртөө тохирсон гуалиг биеээ эмх, цэгцтэй, эгц өөртөө итгэлтэй авч яваа нь ямар ч эр хүн татагдахаар харагдана. Тэр эргэж Тулга руу нэг харснаа: – Хэн гэдгийг минь сануулж өгсөнд баярлалаа. Тийм ээ. Би эрхэмсэг, ялдам, энэрэнгүй бүсгүйчүүдийн нэг байна гээд гараа атган дээш өргөлөө.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!