зөвлөгөө

​У.Хүрэлсүх: Баруун талдаа хүрдтэй машины импортыг үе шаттай хоригло, хязгаарла гэж хэлээд..

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж, нисэх болон зам тээврийн салбарын ажлын биелэлттэй танилцаж, тодорхой үүрэг даалгаврыг өглөө. 1. Манай улсын төмөр замаар 28.4 сая ачаа тээвэр хийсэн байна. Энэ хэмжээгээ алдахгүй, илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй. 2. Авто замын бүтээн байгуулалтыг цаг хугацаанд хиймээр байна. Жишээ нь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлийн ажил яагаад цаг хугацаандаа дууссангүй вэ. Энэ бүгдэд тайлбар, үнэлэлт дүгнэлт өг Л.Халтар сайд аа. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгамаар байна. Дахиад л цаг хугацаандаа ашиглалтад орсонгүй. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай зам ашиглалтад орсон. Гэхдээ аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээ сайтар хийж, бүрэн дуусга. Төлөвлөсөн зүйлүүдээ цаг хугацаанд нь хийдэг баймаар байна. 3. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг цаг хугацаанд хийж, хариуцлагатай байх хэрэгтэй байна.

Өнөөдрөөс хөдөлгөөнийг нээж байгаа юм байна, энэ сайн хэрэг. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд бүрэн дуусгахад онцгой анхаар. Ажлуудаа сайтар төлөвлө. 2021 он коронатай байна. Тиймээс бүх зүйлээ сайтар төлөвлө. Гаднаас мэргэжилтэн авах шаардлагатай байгаа бол эрхтэн үе шаттай татаж ав. Иргэд олон нийтэд энэ асуудлыг зөв ойлгуулах хэрэгтэй. Ажлыг цаг хугацаанд нь хий. Цаашдаа дотооддоо нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг зайлшгүй бэлтгэх шаардлагатай байна. Өнөөдөр 138 мянган иргэн их, дээд сургуульд болсон болоогүй мэргэжлээр сурч, диплом авч байна. Гэтэл Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 40 мянган хүн сурч, манай улсад нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Цаашдаа энэ чиглэлд онцгой анхаарна, дэмжиж ажиллана. Чанаргүй, бүтээмжгүй олон их, дээд сургууль хэрэггүй. Өнөөдөр гагнуурчин хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ Монголд мэргэшсэн сайн гагнуурчин ховор байна. Бид их бүтээн байгуулалтыг хийхэд мэргэжилтэй боловсон хүчин маш чухал.

4. Дархан-Алтанбулаг-Налайх-Баян сум чиглэлийн дөрвөн эгнээ замыг барьж байгуулах ёстой. Энэ замыг байгуулбал эдийн засгийн нэвтрүүлэх чадамж улам нэмэгдэнэ. Энэ чиглэлд авто замынхан онцгой анхаарч ажиллаарай. 5. Улаанбаатар хотын авто замын асуудалд анхаар. Хүн амын 50 хувь амьдарч байгаа нийслэл хотын замын чанарыг сайжруулах, зам засварыг цаг хугацаанд хий. Шинээр уулзвар, зам тавих чиглэлд Зам тээврийн хөгжлийн яам нийслэлтэй хамтраад ажилла. 6. Баруун талдаа жолооны хүрдтэй, урд нь осолд орж байсан, эвдрэл гэмтэлтэй, 7 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хоригло. Цаг хугацааг нарийн зааж өгөөд хоригло, хязгаарла.

Хамгийн гол нь ард иргэдээ сайтар мэдээллээр хангаж, хориглох хугацааг зааж өг. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас зайлшгүй хийх хэрэгтэй байна. 7. С зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ зөвшөөрлийг дагасан арын хаалга, хээл хахуультай холбоотой асуудлыг нэг мөр болгож, хүнд суртлыг багасга. Цаашдаа цахимд шилжүүлэх хэрэгтэй. Үүнд авто тээврийн салбарынхан анхаарах хэрэгтэй. 8. Шинэ нисэх удахгүй ашиглалтад орно. Тэнд ажиллах, амьдрах, зочлох, суурьших иргэдийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ажилчдын орон сууц, сургууль цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг шинэ суурьшлын бүс байгуулахад бүх байгууллага, яамд хамтран ажилла. Хэтдээ Аеро сити, Майдар хот бий болно. Олон жил ярьсан зүйлүүд хэрэгжих үндэс суурь тавигдаж байна. Аливаа ажлыг эхлүүлэх нь чухал шүү дээ. Нэг эхлүүлсэн ажил дуусна. Аливаа ажлыг зориг гаргаж хийх хэрэгтэй. Төрийн алба бол сэтгэлийн алба шүү. Шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Цаашдаа орон нутгийн нисэх буудлуудыг 4-С ангиллын хүчин чадалтай болгох шаардлагатай байна. Том агаарын тээврийн хөлөг хүлээн авах боломжтой болгох хэрэгтэй. Үүнд анхаарч ажилла. Иргэний нисэхийн салбарт сахилга хариуцлага хамгийн өндөр байх ёстой. Монголчууд төдийгүй дэлхийн өмнө хариуцлага хүлээх салбар шүү.

9. МИАТ компанийн хамт олонд талархал илэрхийлье. Маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хэвийн нислэгүүд нь зогсч, эдийн засгийн хүнд байдал байгаа. Та бүхний хүчээр дэлхийн 180 гаруй оронд тарсан ард түмнээ татан авчирж байна. Өнгөрсөн хугацаанд 27 мянган иргэнээ МИАТ-ийн онгоцоороо татан авсан. Санхүүгийн хувьд хүнд байгааг ойлгож байна. Төрөөс боломжтой бүхнээрээ та бүхнийг дэмжиж ажиллана. Алдагдалтай, ашиггүй ажиллаж байгааг ойлгож байгаа. Хүнд нөхцөлд ажлын байраа хамгаалж ажиллаж байгаа сайн байна. 10. Цаашдаа Буян-Ухаа нисэх буудлыг цаашдаа нисэхийн сургалтын төв болон бусад зориулалтаар ашиглана. Батлан хамгаалахын яаманд агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин байгуулагдсан. Энэ байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Дотоод болон тусгай нислэгүүдийг хийдэг болно. Ерөнхий сайдын хувьд хуучин нисэхээ зориулалтаар ашиглана. Болохгүй бол зэвсэгт хүчнээр нь хамгаалуул. Хуучин нисэхэд казино байгуулна гээд ярьж байсан хүн байгаа шүү. Хувийн ашиг сонирхолтой хүмүүсийн хуруу хумст үрэгдэх вий. Та бүхэн анхааралдаа авч, болгоомжтой байгаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!