зөвлөгөө

Хүний амьдралыг алган дээр тавьсан юм шиг хардаг гэх Баянхошууны “Шидтэй” хүүхэн………………..

Баянхошуунд хүний амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг харж, аюул түйтгэрээс зайлуулж чаддаг идтэй шидтэй хүүхэн байдаг сураг дуулдах болсон. Ганданданжааллин нэртэй энэ хийд гаднаасаа харахад андашгүй, гэр хорооллын дунд эвтэйхэн хөөрхөн зайд цэвэрхэн барьсан байшинтай.

 

Дотроо тохилог жорлон /500 төгрөгний төлбөртэй/, хүнсний жижигхэн лангуу, цайны газар, лам нар ном хурдаг өрөөтэй. Хүн маш ихтэй учраас өглөө 08.00-08.30 цагийн хооронд хийд дээр ирж дугаар авах ёстой. Үнэхээр ч энд хүмүүс эртлэн ирж оочер дугаар авдаг бололтой юм. Дугаар авч чадсан “азтай” хүмүүс 12.00 цагт хэдийнэ цуглахад, эндхийн ажилтан дугаар авсан дэс дарааллаар нь дуудан жижигхэн өрөөнд оруулна. Завсарт нь “80 мянган төгрөгөө тушаах айл байвал тийшээ яваарай” гэх мэтчилэн заавар өгнө. Жижиг өрөөнд бүгд чихцэлдэн суух нь сууж, зогссон нь зогссоны дараа үзмэрчийн туслах “Хөлөө ачиж суухгүй, зөвшөөрөлгүйгээр орж гарч болохгүй, утсаа унтраа” гэхчилэн зааварчилгаа өгч хамгийн гол нь үзүүлэхэд өгөх ёстой таван мянган төгрөгөө гар, гартаа бэлэн атгаарай гэж сануулж байв. Үзмэрчид үзүүлэхэд таван мянган төгрөг, гэр бүлээ бүтэн жилээр даатгахаар бол 80 мянган төгрөг байдаг юм байна. Туслах бүсгүй хэрхэн юу асуух ёстой гэдгийг зааварчлангаа таван мянган төгрөгөнд зөвхөн гурван асуулт асуух ёстойг хэлнэ.

Өдөртөө “таван мянгын” 30-40 хүнийг номерын дагуу үздэг. Харин 80 мянган төгрөг төлж, хувь заяагаа даатгуулсан хүмүүс үдээс хойшдоо оочер дугааргүй үзүүлэх дархан эрхтэй байдаг юм байна. “Өдөртөө л 100 гаруй хүнтэй харьцдаг болохоор” гэж тодотгон дүрэм зааврыг ягштал дагахыг анхааруулахыг бодоход их л ачаалалтай “ажилладаг” хүн юм байна. Ингээд бүгд “сүслэн” нам жим хүлээж байтал чухам л загварын шоунд оролцох гэж байгаа гэлтэй өндөр өсгийтэй, шигтгээ чимэгтэй хөх торгон загварын дээл маягийн урт даашинзтай 30 гаруй насны жавхалзсан бүсгүй, шар улааныг тунаруулсан нэгэн лам дагуулан орж ирлээ. Бүсгүй хувь заяагаа асуух гэсэн хүмүүсийн төрсөн он, жил, нэрийг асуугаад цахилгаан шиг хөдөлгөөнөөр хөзрөө дэлгэж, гоё урт хумстай гараараа хөзрөө компьютерийн товчлуур дарж байгаа юм шиг хурдан хурдан товчлонгоо, шүлэг шиг л мөр хэлхсэн үгээр мэргээ айлдан, үе үе “Энэ хүний бие хаа нь яагаад байдаг юм байна” гэж ламдаа хандан, лам нь шоо орхингоо “Бөөр жаахан муу байна, ходоод жаахан өвддөг” гэх мэтчилэн хэлнэ.

 

Бүсгүй “Одоохондоо ч нээх үхэж гялтайчихаар юм харагдахгүй л байна. Би мэргэжлийн эмч биш. Мэргэжлийн эмч, эмнэлэгтээ хандаад, анхаараад явахад илүүдэхгүй” гэхчилэн бас ч гэж “сонголттой” үг хэлэх юм. Нэг өрөөнд чихсэн 40 хүн /энэ өдөр ачаалал их байсан учир нэг дор 40 хүн үзэх болсон, хоцорсон нь дараагийн ээлжинд ороорой гэж анхааруулж байсан юм/-ий нүд, чихэн дээр зарим нэгний амьдралыг ч ёстой “сэг” болтол нь хэлж байна аа. “Хоёр шөнө секс хийх гэсэн балай янхан залуу” л гэх юм “Ханийн жаргал, эрийн жаргал үзээгүй хүүхэн” л гэх юм, мэдэхгүй ээ. Монголчуудын олонх нь өвчин зовлон ээрсэн, яахаа мэдэхээ байж мухардсан үедээ л лам хар, мэргэч төлөгчдөөс аврал хайн очдог. Энд ч гэсэн яахаа алдсан баян чинээлэг, эсвэл аз жаргалтай хүмүүс ирээгүй нь ойлгомжтой. Ерөөсөө л жирийн дундаж, эгэл боргилхон эмэгтэйчүүд голдуу хүмүүс үзмэрч бүсгүйн тас тасхийсэн, ширүүн үгсийг сонсож, хурц хараанд нь дальдрах шиг болно. Үзмэрчийн ширээний дээр камерын дэлгэц өлгөөстэй, үүд, туслахын өрөө бултаараа харагдана.

 

Туслах хоёр бүсгүй үүдний өрөөнд сууж, үзмэрчийн урсгах ном засал тэргүүтнийг бичиж аван “үзүүлэгсэд”-ийг гарч ирэхэд нь жижигхэн цаасан дээр бичиж тэмдэглэн, дээрээс нь дахиад таван мянган төгрөг авах юм. Нэг бодлын их сайн менежменттэй зохион байгуулалтанд орсон хийд байна лээ. Үзмэрч их сайн “санхүүч” бололтой, хүмүүсийн барих мөнгийг гялс гялс шүүрэн авч “Компаниараа даатгуулья гэвэл 150 америк доллар, гэр бүлээрээ бол 150 мянган төгрөг шүү, монгол мөнгөөр шүү” гэх мэт үгсийг хавчуулж амжина. Энд үзмэрчийг хэнд юу гэж хэлж “будаа болгосон” –ыг өгүүлэх нь зохисгүй болов уу? Дээр цухас дурдсан нь зөвхөн зөөлөндүү үг нь. Гудамжинд танхайрах согтуучуудын амнаас сонсоход хэртхийм ч үг цувуулах юм билээ. Давруулж хэлэхэд цэцэн цэлмэг, үг гэж урсаастай. Гэхдээ харамсалтай нь сонсоход чих халууцам нь дийлэнх. Уг нь үүнийг бичигч лам хар, бөө, үзмэрчээр нэг их их хэрэн хэсээд байдаг хүн биш. Үнэндээ л хаана ирээд, юу сонсчихов оо гэж гайхмаар. Ингээд засал хийлгэхийн тулд шаардлагатай гэсэн жижигхэн бичгийг гартаа атгасаар гарч ирсэн нь 3 хайрцаг баавгайтай чихэр 3 хайрцаг жимс Чанасан мах /хаа гуя, заримд нь бүтэн хонины мах, ууцыг нь бүхлээр нь сэтгэлээ шингээж чанаж ирэхийг даалгаж байсан/ 5 литр сүү, айраг 14 ламд зэд барих 10 000 төгрөг /Лам тус бүрд үү, нийтэд нь үү ойлгосонгүй. Тус бүрд нь гэж бодвол 140 мянган төгрөг бололтой/ Заасан өдөр, цагаасаа хоцрохгүй ирэх анхааруулгатай бичиг.

 

Бас 80 мянган төгрөгөөр гэр бүлээ даатгуулбал 5 хувийн хямдралтай ч гэл үү нэг эрхийн бичиг дагалдаж байна. Хурал даах гэдэг нь нэгэн төрлийн засал юм байна. Зарим хүнд, хүндэвтэр “гэмт хэрэг”-тэй хүмүүст бол гурван удаа хурал даах “зүйл анги” өгдөг юм байна. Цаашаа өөр ямар засал хийлгэж, хэдий хэрийн мөнгө шаардлагатай байдаг болохыг үнэндээ сайн мэдэж авч чадсангүй. “Хэрэг” нь хүндрэх тусам өргөл нь их болдог юм уу даа? Үр удмаараа хараал хүрсэн гэх “хүнд зүйл” анги сонссон бүсгүй лав 80 мянган төгрөгөө тушаагаад гурван удаа хурал даахаар болж байгаа бололтой “Баавгайтай чихэр кило нь хэдэн төгрөг билээ, нэг хайрцгандаа хэдэн кило байдаг юм болоо?” гэсэндүү юм яриад гарч одов. Итгэнэ үү, байна уу та өөрөө л мэд. Яг нүдээр харсан маань л энэ. Магадгүй түүнд итгэн сүсэглэдэг, зам мөрөө тэгшлүүлж, амьдралаа сайжруулсан олон л хүн байдаг байх. Басхүү шүтэж бишрэх нь хувь хүний эрх, сонголтын хэрэг. Гэхдээ л би л хувьдаа Баянхошууны гэх энэ эмэгтэйг үзмэрч гэх үү төлөгч гэх үү, мэргийн хийд гэх үү, шарын шашны хийд гэх үү ёстой хэлж мэдэхгүй нь. Шинжлэх ухааны ч тайлж чадаагүй далдын хүч, билэг авьяастны тухай зөндөө л домог, бүр баримт байдаг. Гэхдээ л… Монголчууд шарын шашинтан мэт боловч зовлон тохиолдсон үед мэргэч, төлөгч рүү гүйж, хэлсэн болгоныг нь ёсчлон гүйцэтгэхгүй бол үнэхээр л гай зовлон тасрахгүй гэж итгэгчид олон. Өнөө маргаашийнхаа амьдралыг хэрхэх вэ хэмээн чадан ядан байгаа мөртлөө 80 мянган төгрөгөө атгаад очдог хүмүүс ч байх шиг. Гэхдээ өдөрт дор хаяж 40 хүн үзүүлэхдээ тав, гарахдаа тус бүр таван мянган төгрөг, үдээс хойшдоо 60 хүн тус бүр 80 мянган төгрөг гэж бодохоор нийтдээ 5,6 сая төгрөг гээд бодоод үз дээ. Энэ аврал уу, залилан мэхлэлт үү?

grandnews.mn А.АНАНД

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!