Ж.Оюундарь: Тэр үед ээжийнхээ нөхөр болж ганцаардуулахгүй байхсан гэж их хичээдэг байлаа

МУГЖ Ж.Оюундарь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1992 онд СУИС-д Л.Лхасүрэнгийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 1991-1993 онд Армийн Драмын Театрт жүжигчин. 1993 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байна. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Та бусад эмэгтэй жүжигчдийг бодвол нэлээн удаан ганц бие явж хожуу хүнтэй суусан. Тийм үү?
Тиймээ. Миний хувьд ажил ихтэй байх нь сайхан байдаг юм. Сургууль төгсөөд ганц хоёр жил ажиллаад л хүнтэй сууна гэсэн юун хүнтэй суух ар араасаа ажил хөвөрчихсөн.
Энэ мэтчилэн ажлын төлөө явсаар нэг л мэдэхэд 40 гарчихжээ. Одоо л хүнтэй суухгүй бол болохгүй гээд ханцуй шамласан. Хүүхдээ гаргахаас өмнө би хөлөө хугалаад хэсэг хугацаанд гэртээ байсан. Тэр үед л ер нь хүнд гэр бүл маш хэрэгтэй байдаг юм байна. Алсдаа ямар нэг юм боллоо гэхэд үр хүүхэд хань ижил гэдэг чухал юм аа гэх бодол орж ирсэн. Тэгээд эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
Урлагийн хүн урлагийн хүнтэйгээ л суух нь тохиромжтой гэх яриа байдаг?
Урлагийн бид чинь гэр орны бараа тэр бүр харахгүй болохоор бие биенээ ойлгох талаас нь ингэж ярьдаг байж болно. Гэтэл эсрэгээрээ ч байж болно шүү дээ. Урлагийн бус ханьтай жүжигчид олон л байна.
Аав, ээжтэйгээ өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Хүүхэд ахуй насанд зовох зүйлгүй хоол олдсон үедээ идээд л, гадаа тоглох үедээ тоглоод л ээж аавдаа эрхлэх үедээ эрхлээд л явж байдаг байлаа. Бага насаа бид ээж аавтайгаа жаргалтай өнгөрөөсөн. Аав ээж хоёр маань завтай үе бүрээ бидэндээ зарцуулдаг байлаа. Хүүхдийн баяр болохоор л биднийг дагуулан парк явна. Тэгээд нэг нэг улаан ус бариулаад л чихэр атгуулчихна. Тэр үед гоё нандин чихэр жимс одооных шиг элбэг биш ховор байлаа. Жаахан байхад алим элбэгшээд жүржний үнэр гарангуут л шинэ жил болох гэж байгаа юм байна гэж бодно. Цаасанд ороочихсон 60 мөнгөний зайрмаг авахуулж иднэ. Одоо чанар нь муудсан юм уу эсвэл тэр хүүхэд насны мэдрэмж тэгтлээ хоногшсон уу тэр үеийн зайрмаг улаан усны амт одооныхоос шал өөр байдаг.
Аавыгаа ард түмний хайртай жүжигчин гэдгийг хэдий үеэс мэдэрсэн бэ?
Багаасаа. Аавынхаа тоглосон жүжиг киног нь алгасалгүй үзнэ хаашаа л явна дагаад л. Тэр үед аавд минь хэлэх хүмүүсийн баяр талархлын үгийг сонсох нь гайхалтай санагддаг байлаа. Нэг удаа аавтайгаа явж байтал аав санаандгүй шүлсээ хаячихав. Тэр үед нь би аав аа, аав аа та битгий шүлсээ хая аа. Таныг хүмүүс харж байгаа шүү дээ гэж хэлэхэд харин тиймээ аавынх нь хоолойд юм тээглээд аргагүй эрхэнд шүлсээ хаячихлаа. Аав нь дахин шүлсээ хаяхгүй ээ гэж хэлж билээ. Тэгээд бодоод үзэхэд би багаасаа л аавыгаа мундаг хүн гэдгийг мэдэрчихсэн шиг байгаа юм. Бас энд тэнд явж байхад л энэ чинь Жамсранжав гуайн хүүхэд шүү дээ гээд л хүндэтгэх тохиолдол их гардаг байлаа.
Таны аавын талаар хэнээр ч хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Харин эхийн тань талаар тэр бүр мэдэхгүй байж магад. Ээжийнхээ талаар яривал?
Манай ээж театрт маш олон жил ажилласан Уранчимэг гэх хүн бий. Саяхан 70 насныхаа ойг тэмдэглэсэн. Бидний шүтээн бурхан шүү дээ. Би сайн сайхан зовлон жаргал бүхнээ л ээжтэйгээ л хуваалцана. Гэрт ээж байхгүй бол хоосроод л их эвгүй болчихдог юм. Мөн миний уран бүтээлийн шүүмжлэгч зөвлөгч болно. Зөөлөн зөөлөн ярьсан зөөлөн зөөлөн гишгэлсэн таван сайхан үрийн эх юм даа. Мөн манай аавыг залуугаасаа хүнд өвчин тусч өвдөхөд өдий зэрэгтээ асарч авч явсан хүн бол манай ээж шүү дээ. Ээж маань аавын төлөө бүхий л зүйлээ зориулж тэр хүнийг хөл дээр нь босгосон доо.
Хүн нэг л амьдарна. Ийнхүү амьдрахдаа хүн жаргалынхаа төлөө л урагшаа алхана. Магадгүй сэтгэл хангалуун байхын төлөө хийсэн үйлдэл нь бусдын жаргалаас хумслахад хүргэдэг байж болох юм. Танаас асуухад жаахан эвгүй байна л даа.
Чи манай аавыг жүжигчин Б.Нармандахтай суусан талаар л асуух гээд байна уу. Хүмүүс асуудаг л даа. Миний хувьд нэгэнтээ л хүний амьдрал хойно буруутгаад байх зүйл байхгүй гэж боддог.
Гэхдээ л мэдээж танд эмэгтэй хүнийхээ хувьд эхийгээ өмөөрөх өрөвдөх сэтгэл төрсөн л байх…
-Өрөвдөх сэтгэл төрөлгүй яахав дээ. Миний ээж л юм чинь. Гэхдээ амьдрал дээр эсэргүүцээд эсэргүүцээд бүхнийг эргүүлж чадахгүй зүйл гэж бас байна шүү дээ. Тэр үйл явдалд х орсоод байх ч юу байхав. Амьдрал гэдэг уужуу. Амьдралыг аль зөв талаас нь харахыг хичээх хэрэгтэй.
Ээжийн тань хувьд сэтгэлийг нь засах хань маш их хэрэгтэй л байсан байх. Та хажууд нь дэмжлэг болж чадсан уу?
Тэгэлгүй яахав. Аль болох ганцааранг нь байлгахгүйг хичээн хамт байхыг эрмэлзсэн. Ёстой л нөхрийнх нь оронд нөхөр болж найзынх нь оронд найз болсоор өдийг хүрсэн дээ.
-Олон жил хань ижил явсан улс бие биенээ ихэд санагалздаг шүү дээ. Илт мэдэгдэхгүй ч үе үехэн дурсаж ярьдаг ч юм уу. Ээж тань аавын чинь тухай хааяа ч гэсэн ярьдаг уу?
Гуч дөчөөд жил ханилж ижил дасал болсон хүмүүс юм чинь ярихгүй байхын аргагүй шүү дээ. Гэхдээ манай ээж чинь их хатуужилтай хүн. Бидний сэтгэлийг зов оо чихно гээд тэр бүр сэтгэлээ уудлаад байдаггүй байх л даа. Ээжийн ярьснаар аав, ээж хоёр сургуульд байхдаа танилцсан гэсэн. Манай ээж тэр үед улаан ороолт малгай өмсдөг байж л дээ. Тэгсэн аав ээжтэй ижилсэх гээд улаан ороолт малгай бас аваад өмсчихөж. Ээж тухайн үедээ уур нь хүрээд ямар сонин залуу вэ хүнийг дагаад байдаг гээд малгайгаа сольсон гэсэн. Гэтэл аав дагаад л малгай ороолтоо сольчихсон юм билээ. Ингэж л анх тэр хоёр танилцаж байсан гэж ээж дурсдаг юм. /инээв/
Их л уйгагүй гүйж дээ…
-Тийм ээ. Манай ээж, аав хоёр хоёулаа Ховдын хүмүүс. Ээж тухайн үед их баян айлын охин байсан гэсэн. Тэдний хамар хашаанд манай аавынх байж л дээ. Тэгсэн хэрнээ урлагийн сургуульд ороод л бие биенээ мэдэж танилцсан байгаа юм. Хүний хувь тавилан гэж их сонин шүү. Аав ээжид зориулан их шүлэг бичиж, тэрийгээ уншиж өгдөг байсан юм билээ. Бас дуу дуулна. Авч суух гэж нэлээн л хөөцөлдөж байсан талаараа ээж ярьдаг юм, хөөрхий.
Саяхан би жүжигчин Б.Нармандахын ярилцлагыг уншсан. Тэрбээр Л.Жамсранжав гуайг их хүнлэг, сайхан хүн байсан талаар дурссан байсан. Жишээ нь л гэхэд хамгийн бага хүүгээ 16 нас хүргэж байж гэрээсээ явсан гэсэн…
Тийм ээ. Аавыгаа му улаад байх ч хаашаа юм. Манай аав их зөв, хүнлэг хүн байсан. Эмэгтэй хүн аав шигээ л хүнтэй суух юмсан гэж боддог гэсэн. Түүнтэй адилтган хамгийн их хүндэлж хайрлаж явдаг эр хүн гэвэл миний эцэг юм. Их сайн хүн шүү дээ, миний аав.
Жаахан хувийн асуудалд чинь хөндлөнгөөс ороод байж магадгүй. Гэхдээ уучлаарай хариулахгүй ч байсан болно. Аавыгаа жүжигчин Б.Нармандахтай суухад түүнтэй харьцах харьцаанд чинь ямар нэг өөрчлөлт гарсан болов уу?
Би тэр үед чинь Б.Нармандахыг мэддэггүй байсан юм чинь. Бүр дараа нь л танилцаж байсан.
Тэгвэл дараа нь танил болсон хойноо…?
Мэдлээ гээд яахав дээ. Хамтын уран бүтээл хийгээд л явж байна. Хүн угаасаа л бусдын өөтэй талыг илүү харж сонждог шүү дээ. Хэвлэл мэдээллээр энэ талаар бичиж хүмүүс ч их сонирхон асуудаг. Гэтэл энэ бол хувь хүний л амьдралд болдог зүйл. Бусад хүмүүст огт хамаагүй. Тиймээс энэ талаар бид яриад байх тийм ч их дуртай биш.