зөвлөгөө

А.Идэрбат: Ноорхой хувцастай, шүдгүй эмээ орж ирээд цэнхэр тасалбараараа хормын дотор саятан болоод гарсан

А.Идэрбат: Ноорхой хувцастай, шүдгүй эмээ орж ирээд цэнхэр тасалбараараа хормын дотор саятан болоод гарсан

Thank you for reading this post, don't forget to subscribe!

APEX CAPITAL компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын зөвлөх А.Идэрбат “Ард санхүүгийн нэгдэл”-д ажиллаж байх үедээ цэнхэр тасалбараараа саятан болсон нэгэн эмээгийн сэтгэл хөдөлгөм түүхийг ярьлаа.

Ингээд түүний ярьсныг хүлээн авна уу. Би “Ард” санхүүгийн нэгдэлд ажилладаг байхдаа “Цэнхэр, ягаан тасалбараа амьлуулъя” гэдэг аян зарлаж байсан юм.

Гэтэл хамгийн сүүлийн өдөр 80 гаруй настай, Пүрэвсүрэн гэдэг эмээ орж ирсэн. Хөл нь гэмтчихсэн, таягтай, дээрээс нь шүдгүй. Дээл нь сэмэрчихсэн, бүр ядуугийн ядуу. Тэр эмээ над дээр ирээд тасалбараа өгөөд

“Миний хүү энийг шалгаад өгөөч” гэсэн. Уг нь цэнхэр, ягаан тасалбар одоо эргэлтээс гарчихсан. Зүгээр иргэний үнэмлэхээ өгөөд регистэрийн дугаараар нь шүүдэг болчихсон байхгүй юу.

Тэгээд эмээ надад ямар нэгэн юм байна уу, хараад өгөөч гэхээр нь РД-р нь шүүсэн. Гэтэл эмээд 45,000 ширхэг АПУ хувьцаа байсан. Дээр үед 6750 төгрөгөөрөө Пүрэвсүрэн эмээ маань АПУ-г сонгочихсон байсан юм билээ. Үлдсэн мөнгөөрөө өөр нэг хувьцаа авсан байсан. Гэхдээ тэр компани нь дампуурчихсан.

Тэгэхээр тухайн үеийн үнэлгээгээр эмээгийн 45000 ширхэг хувьцаа нь ойролцоогоор 16 сая төгрөгийн үнэд хүрэхээр байсан.

Би эмээд “Эмээ танд 16 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа мөн ногдол ашиг 2 сая төгрөг байна” гэж хэлсэн. Энийг сонсоод эмээ маань таг дуугүй болж, нүднээс нь нулимс урсаад, “Чи хөгшин хүнээр ингэж тоглож болохгүй шүү” гэж хэлээд бүр итгээгүй. Тэгэхээр нь би компьютер дээрээс он сарыг нь харуулаад, “та 1990 оны нэг сарын 26-нд АПУ-гийн 45 ширхэг хувьцаа авсан байна. Сүүлд АПУ компани томроод нэг хувьцаагаа 1000 болгож хуваасан.

Одоо танд 45000 ширхэг хувьцаа байна” гэж хэлэхэд л гэнэт санасан. Тэгээд эмээ нь одоо яах вэ гэхээр нь би “Та нэгдэх өдөр хүрээд ир. Тэгээд энэ хувьцааг нааш цааш болгож, мөнгийг тань гаргаж өгье” гээд явуулсан. Гэтэл нэгдэх өдөр эмээг гурван дүү нь дагаад ирчихсэн байсан. Харваас бүтэхгүй нөхдүүд. Би эмээг хажуу тийш нь татаад “эд нар яах гэж байгаа юм?” гэж асуухад нэг нь портерийн урьдчилгаа, нэг нь хашаагаа засуулъя гээд гэсэн.

Өөрөө өвдөг нь гэмтчихсэн, шүдгүй, хувцас нь сэмэрсэн гээд зовж амьдарч байгаа нь илт. Би эмээгээс “Та одоо хэдэн настай билээ?”. -82 настай. -“Та одоо жоохон өөрийгөө бодож амьдарсан нь дээр юм биш үү”. -Ер нь бол тийм л дээ гэж байгаа юм. Эмээ уг нь залуудаа орон сууцанд амьдардаг байсан юм билээ. Гэтэл дүү нар нь барьцаанд тавиад байрыг нь алдчихсан. Одоо гэр хороололд амьдардаг. Би эмээгийн түүхийг сонсчихоод “Та одоо өөрийгөө бодсон нь дээр.

Би эд нарт худлаа хэлээд явуулчихъя” гэж тохиролцсон. Тэгээд дүү нарынх нь хажууд “Уучлаарай эгчээ. Би дансны хуулгыг нь буруу харчихсан байж. Танд ямар ч хувьцаа байхгүй байна” гэж хэлэхэд дүү нар нь шурх гээд л алга болсон. Ингээд эмээгээ маргааш ирээрэй гэж явуулаад маргааш нь мөнгийг нь гаргаж өгсөн түүх бий.

Дараа нь эмээ баярласнаа илэрхийлэх гэж ирэхдээ торгон дээл өмсчихсөн, шүд хийлгэчихсэн, хагалгаанд ороод өвдөгөө эмчлүүлсэн гэсээр орж ирсэн. Надад цагаан сараар бууз өгөхөөр ирсэн байсан юм. Ингээд эмээ маань 8 сая төгрөгөө бэлнээр авч, үлдсэн 8 саяараа АПУ, Говийн хувьцаа авч нугалаад 30 сая төгрөгтэй болсон.

Сүүлд над руу ярихдаа эмээ нь одоо юуны хувьцаа авах вэ? гээд хэзээний хөрөнгө оруулагч болчихсон ярьж байсан. (Инээв). Пүүжээ эмээ бол төгс хөрөнгө оруулагчийн сонгодог жишээ. Гэхдээ тэр яг юу зөв хийсэн бэ гэж үү? Тэр сайн компанийн хувьцаа худалдаж аваад, таг мартчихсан. Үүнтэй адил та сайн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл хувьцаагаа худалдаж аваад хэдэн жил ор тас мартах хэрэгтэй. Тэгж байж л ашгаа өгдөг зүйл.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!