зөвлөгөө

Охин Ж.Туяа: Ээж маань МУГЖ цолыг 83 насандаа нэлээд хожуу авсан даа

“Хорин шарыг минь хоёр, гуравхан хулгана идчихлээ гэж үү” хэмээх 1970 онд бүтээсэн, нэрт найруулагч Д.Жигжидийн “Хүргэн хүү” монголын уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Ард түмний сэтгэлд Жамц баяны гэргий, ажилсаг, ааштай хадам ээжийн дүрээр хоногшин үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн гуай 96 насандаа таалал төгслөө.

Тэрээр урлагийн салбарт тасралтгүй 45 жил ажилласан тэрээр 1926 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ. Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторит суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Мөн 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр ногоон” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.

Ингээд түүний охин Ж.Туяагийн ярилцлагыг хүргэе.

Бидний урилгыг хүлээн авч, ээжийнхээ уран бүтээлийн талаар яриа өрнүүлж байгаад баярлалаа. Ээж тань одоо 95 насыг наслан энх тунх амьдарч байна. Бие лагшин тунгалаг уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээжийн минь бие лагшин тунгалаг. Сайхан буурай маань одоо 95 насыг зооглож байна.

-Хүүхдүүд Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн гуайн дээвэр дээр суудаг Карлсоны дүрд их хайртай байдаг. Энэ дүрд нас ахисан хойноо тоглосон гэж дуулсан. Яг хэдэн настайдаа тоглосон юм бэ?

-Сүүлд Л.Лхасүрэн найруулагч “Уран бүтээл эзэд” гэдэг нэвтрүүлэгт оролцож байхдаа “Дээвэр дээр суудаг Карлсон” жүжигт ээжийг 60 насандаа тоглож байсан. Би Л.Цэндсүрэн эгчийг хүүхдийн дүрд тоглож чадах болов уу гэсэн хөнгөн шингэн сайхан амилуулсан болохоор маш их баярласан” тухайгаа дурсан ярьсан байдаг.

Ээж хүүхдүүддээ тэр бүр уран бүтээл, ажлынхаа тухай яриад байхгүй ч бид театрт байнга очно. Тэр үедээ л ээжийг хөгшин байна гэж бодож байсан ч өөрөө 60 насыг наслаад ирэхээр бас ч залуу байсан юм уу гэж бодож суулаа. Ээжийн минь тэр дүрд хүүхдүүд их хайртай байсан л даа.


-“Хүргэн хүү” кинонд хэрхэн тоглож байсан тухайгаа ээж нь хэрхэн дурсан ярьдаг вэ. Хулгана мөнгө иддэг хэсгийн зураг авалт их хэцүү байсан гэдэг?

-Алдарт Д.Жигжид найруулагч “Хүргэн хүү” киноныхоо зураг авалтыг эхлэхийн өмнө уран бүтээлчдээ нэг сайхан малчин айлын ахуй амьдралтай танилцуулсан гэж ээж ярьдаг юм. Тэгээд уран бүтээлчдээ малчин айлд аваачиж, хөдөөний амьдралтай танилцуулан үнээ, мал саах, мал угаах гэх мэт ажилд сургасны дараа зураг авалтаа эхэлсэн гэдэг. Тэр үед баян чинээлэг малчны эхнэр хүн ямар байсан тэрийг л ээж маань ард түмний сэтгэлд шингэтэл нь гаргаж чадсан гэж боддог.

“Хүргэн хүү” киноны мөнгөн дотроос нь хулгана гарч ирдэг хэсгийн зураг авалт их хэцүү байсан тухай ээж минь дурсдаг. Тэр үед Монгол кино үйлдвэрийн цаад талын айлууд газарт орж, барилга барих үеэр нь кино зураг авалт авахаар болж байсан юм билээ. Тэгээд хэдэн туслах хүмүүстээ “Нүүж байгаа айлаас хулгана бариад ир” гээд даалгавар өгөөд явуулсан гэсэн. Уг нь тэр хайрцаг дотор хэд хэдэн хулгана байсан юм билээ.

Гэтэл яг кино зураг авах үеэр нөгөө хулганууд нь тал тал руу зугтааж, нэг хулгана л камерт орсон тухай ээж ярьж байсан. Хулганууд нь хормой доогуур орох гэх мэт хөгтэй, дурсамжтай зураг авалт болж байсан гэсэн. Харин хулганад идүүлсэн мөнгө төгрөгийг банкнаас авахдаа гарын үзэг зурж, бас их ажил болж авсан гэж сонссон. Ээж минь “Хүргэн хүү” киногоо үзэх их дуртай.


-Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн гуай Улсын хүүхэд, залуучуудын театртаа тэтгэвэрт гартлаа ажилласан. Театрын тайзнаа хэчнээн дүрд тоглосон байдаг юм бол?

-Ээж маань 1950-иад оны үед Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийгээд ганц хоёр жил болж байхад нь жүжигчнээр ажиллаж эхэлсэн юм билээ. Бараг анхны ахмад уран бүтээлчдийн нэг гэж явдаг л даа. Ээжийн маань аав 1939 онд хэлмэгдэж, хүүхдүүд нь театрын хашаанд уран бүтээлчдийн дунд өссөн. Тийм болохоор тэр үеийн “Урлагийн сургуульд /одоогийн Монгол Улсын консерватори/ хүүхэд шалгаруулж авна” гэсэн зарыг хараад ах Л.Ванган дагуулан явсан. Тэр үеийн алтан үеийнхэн гэж хэлэгдэж байсан томчууд ээжийг шууд тэнцүүлсэн гэсэн.

Ээж минь багаасаа л урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Урлагийн сургуульдаа хоёр жил сураад Бөмбөгөр ногоон театраас ажлынхаа гарааг эхлүүлсэн. Дараагаар нь одоогийн Улсын дуурь,бүжгийн театрын байшинд Хүүхэд, залуучуудын театрынхан хамт байдаг байлаа. Сүүлд тусдаа гараад явсан л даа. Бид тэнд жүжиг, дуурь их үзнэ. Ээж 1941-1954 онд Улсын төв театрт ажиллаж, 10 гаруй жүжигт тоглосон байдаг.

Үргэлжлүүлэн 1954-1986 он хүртэл Хүүхэд, залуучуудын театрт 30 гаруй жил ажиллах хугацаандаа тайз, дэлгэц, радио, телевизийн нийт 300 гаруй уран бүтээлд гол ба туслах дүрд тоглосон байдаг юм. Мөн гадаад болон монгол киноны 30 гаруй дүрд дуу оруулсан. Бид багаасаа тайзны ард юу өрнөж, жүжигчид хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ гээд жаргал, зовлонг нь харж өссөн дөө. Одоо ээж Улсын драмын эрдмийн театрт харьяалагдаж явдаг.


-Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд?

-Хамгийн анх ээж маань 1960 хэдэн онд “Гурван найз” киноны сувилагчийн дүрд тоглосон байдаг юм. Тэр үед Төв аймгийн Эрдэнэ суманд кино зураг авалтыг хийж байсан санагдана. Тэгэхэд ой гарантай ахыг маань зураг авалтанд авч явж байсан юм.

Ээжид уран сайхны кинонд тоглох санал их ирдэг байсан ч театрын уран бүтээлдээ анхаараад, тэр болгон тоглож чаддаггүй байсан. Тиймээс дэлгэцийн бүтээлд тун цөөн тоглосон доо. Жишээлбэл, “Хүргэн хүү”, “Тунгалаг тамир”, “Гурван найз”, “Бид мартахгүй”, “Газрын жигүүр”, “Хэцүү даалгавар” зэрэг цөөн хэдэн уран сайхны кинонд тоглосон.

-Театрын ахмад уран бүтээлчидтэйгээ холбоотой байгаа юу?

-Одоо театрын ахмад уран бүтээлчдээс тун цөөн үлдэж дээ. Жишээлбэл, Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн, Б.Энхтуяа, Ш.Дэлгэржаргал, Н.Мягмар эгч нар маань гээд олон сайхан уран бүтээлч холбоотой байдаг.

-Тийм. Ээжийг театрын уран бүтээлчид нь “шаазгай” гэж хочилдог байсан. Учир нь ээж минь их эртэч хүн л дээ. Бригадаар тоглолтоор явж байхад өглөө эртлэн босч, уран бүтээлчдээ сэрээдэг байсан гэдэг. Бас ажилдаа ч хамгийн эрт очдог хүн.

Театрын уран бүтээлчид хөдөө хээр, бригадаар явахдаа янз бүрийн хөгжөөнтэй тэмцээн зохион байгуулна. Тэр үеэр ээж минь бөх барилдаж түрүүлж байсан тухай уран бүтээлчид нь дурсан ярьцгаадаг.


-Ээж нь айлын бага охин уу?

-Ээж минь хоёр сайхан ахтай хүн. Өөрөө айлын өргөмөл ганц охин нь юм. Том ах нь Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Л.Ванган юм. Мөн Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Л.Нацаг ах нь циркийн урлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн захирлаар ажиллаж байсан хүн. Ийм сайхан хоёр ахтай хүн дээ.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Одоо үр хүүхдүүдээс нь урлагийн замаар явж буй хүн бий юу?

-Бид эцэг, эхээс наймуулаа. Гурван хүү, таван охинтой айл. Харамсалтай нь хоёр хүү нь бурхан болсон. Манайхан ер нь урлагийн авьяастай хүмүүс. Том эгч Ж.Оюунчимэг маань одоо эх баригч мэргэжилтэй ч багаасаа бүжиглэх авьяастай охин байсан. Дараагийн ах Ж.Сүрэнжав талийгаач маань шаазан ваарны үйлдвэрт ажилладаг байлаа. Хажуугаар нь үйлдвэрийнхээ дэргэдэх сайн дурын уран сайхны тоглолтод их оролцдог.

Зүүн гар талаас охин Ж.Туяа, том охин Ж.Оюунчимэг, МУГЖ Л.Цэндсүрэн, хүү Ж.Ганбат нарДараагийн эгч Ж.Ганчимэг хүүхэд байхдаа сайхан дуулж, шүлэг уншдаг хүн байсан. Эдийн засагч Ж.Ганбат ах, би зураач мэргэжилтэй. Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг дүү маань уран нугараач, өөд болсон дүү Ж.Ганболд маань түүхч хүн байсан. Отгон дүү Ж.Аминчимэг төгөлдөр хуурч мэргэжилтэй. Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байна. Хүүхэд байхдаа “Дэгдээхий нас” кинонд тоглосон байдаг юм. Одоо ээж минь ач, зээгээ тоолж барахгүй. Тав дахь үеэ үзсэн хүн дээ. Манай хамгийн том эгч гэхэд эмээгийн эмээ болчихоод байна шүү дээ.


-Хожуу Гавьяат цол авсан уу?

-Ээж маань Монгол Улсын Гавьяат цолыг 2009 онд 83 насандаа нэлээд хожуу авсан даа.

-Ард түмэн ээжийг нь театр, дэлгэцийн бүтээлд тоглосон дүрээр нь сайн мэднэ. Уран бүтээлийн цаг наргүй ажлын хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулж, хүүхдүүддээ юу гэж захиж сургадаг байсан бэ?

-Эцэг, эх маань бидэнд “Хийж буй ажилдаа эзэн болоорой” гэж их захидаг байсан. Намайг уран зургийн сургуульд сурдаг байхад хөдөө бригадаар явж ирэхдээ эрээд олдохгүй байсан гоё бийр будгуудыг олоод ирдэг байсан. Сард 2-3 удаа бригадаар тоглолтод явна. Их удаан явдаг байсан болохоор ээжийгээ их санана. Байсхийгээд л театр руу утасдаж, “Ээж маань хэзээ ирэх вэ” гэж асууна. Аав маань цагдаагийн хурандаа хүн байсан. Ар гэрээ аав маань хэдэн хүүхдүүдтэйгээ даагаад үлдэнэ. Ах, эгч нар нь дүүгээ сайн харна.

Ээж минь хүүхдээ төрүүлчихээд 45 хоноод л ажилдаа орно. Тэгээд жүжигт тоглоод оройтвол том эгч маань дүүгээ аваад, театр дээр очиж, хөхүүлнэ. Ер нь ээж минь ааштай хүн биш. Мэдээж буруу зүйл хийвэл биднийг зэмлэлгүй л яахав. Гэхдээ юу гэж кинон дээр гардаг шигээ байв гэж. Тэр бол дүр шүү дээ.

Сүүлд намайг нөхөрт гарахад манай зураач найзууд нөхрийг маань “Хөөе Дэмбэрэлээ” гэж дуудаад л шоглодог байж билээ. Манай хүргэчүүл ээжийг “Кинон дээрээ их ааштай хүн шиг байсан чинь тийм биш л юм байна шүү дээ” гэдэг байсан. Аавын нутгийн улсууд ч гэсэн зарим мэдэхгүй хүмүүст “Энэ хүн амьдрал дээрээ ийм ааштай хүн биш шүү” гэж тайлбарлаж өгдөг байсан гэдэг.

ТҮҮНИЙ ТОГЛОСОН КИНОНЫ ДҮРҮҮДЭЭС:

1958 он “Гурван найз”1959 он “Морьтой ч болоосой” олны хэсэгт1970 он “Хүргэн хүү” Жамцын эхнэр Аюуш1970-1973 он “Тунгалаг Тамир” Итгэлтийн эхнэр Должин1978 он “Газрын жигүүр” хөрш авгай1985 он “Бид мартахгүй” барга эмгэн1988 он “Хэцүү даалгавар” Долгор зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!