Охин Энхжин: Дүү бид хоёрыг хүүхдүүд аавгүй гэж шоолдог

Одоогоос 36 жилийн өмнө Нэргүй хэмээх залуу цэргийн албаа хааж дуусгаад хотод суугаа эхнэр хүүдээ очихоор онгоцны тасалбар бичүүлсэн боловч гэртээ харьж чадаагүй юм. Тухайн үед харилцаа холбоо муу байсан учраас нялх үртэйгээ хамт ханийгаа хүлээн суух эхнэр нь нөхөрт нь эмгэнэлт явдал тохиолдсон гэдгийг мэдэж чадаагүй гэдэг.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Үүнээс хойш 36 жилийн турш талийгч Нэргүйн ах, дүү нар нь бурхан болсон дүүгийнхээ эхнэр, хүү хоёртой нь уулзахыг хүсдэг байсан ч олж чадаагүй байна. Тийм ч учраас тэд ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлгийн хамт олонд ханджээ.
36 жилийн өмнө нялх хүүхэд байсан талийгч Нэргүйн хүү Алтаншагай нь эрийн цээнд хүрч эхнэр, хоёр хүүхэдтэй болсон тухай телевизийн хамт олон олж мэдэн тэдэнтэй уулзахаар Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн нийтийн байрыг зорьжээ.
Эхнэр Уянга: 2006 онд би Толгойтод амьдардаг байсан юм. Манай нөхөр чинь надаас нилээн өндөр. Цэргийн хувцастай явдаг. Миний дүү дандаа оройтож ирдэг гээд. Намайг орой болгон автобусны буудлаас тосдог. Би тэгээд л “Шагай ахаа”, “Шагай ахаа” гээд л. Цэргийн хувцсыг нь харчихаад л “Хөөх манай шагай ах аймар хөөрхөн залуу шүү” гэж би боддог байсан юм. Манай хүн чинь тухайн үед найз охинтой. Нэг шар охин дагуулаад гүйчихнэ ээ. Би хажууд нь “Шагай ахаа” гээд дагаад л. Тэгж явж байгаад найз охиноосоо больсон гэж сураг дуулсан. Би ажил ихтэй байдаг байсан болохоор үргэлж оройтно. Намайг оройтох болгонд тосч аваад “Ямар их оройтдог юм” гээд л загинана.
Ингэж яваад нэг мэдэхэд л бид хоёр найзладаг болж 2006 онд нэг гэрт орж охиноо өлгийдөж авч байлаа. Охиныг минь гарсны дараа ганц охин гээд л хадам талаас авхуулаад бүгд баярлаж хүн бүр л бөмбөрүүлдэг байлаа. Ингэж байгаад 2009 онд дахиад бие давхар болж хүүгээ гаргасан. Тэгсэн манай нөхөр хүүтэй болсон гэсэн итгэдэггүй. Намайг гэрт орж ирэхэд л итгэж байсан хүн шүү дээ. Миний хань цэргийн хүн байсан. Одоогоос 5, 6 жилийн өмнө ажлаасаа тарж ирж байгаад машинтайгаа аваарт орчихсон юм. 12 дугаар сарын 3-ны өдөр үүрээр өнгөрсөн.
Хань маань зүүдэнд аягуу их орж ирнэ. Би байнга зул өргөж, дотроо ярилцдаг. Би ханийгаа яагаад сандраад яюж байсан тэр учраа надад яриасай гэж боддог. Даан ч ярьдаггүй. Би хоёр хүүхдийнхээ төлөө яваад яваад хүч чадал минь гүйцэхгүй болохоор зул өргөхдөө хоёр хүүхдээ л байнга хамгаалаарай гэж үргэлж гуйдаг. Заримдаа бүр хажууд байгаа юм шиг л нөхөртэйгөө ярьдаг.
Нөхөргүй гэхээр хүмүүс их дээрлэхдэг юм билээ. Найз нөхөд маань ч бас их онцгүй зан гаргасан. Хааяа амьдралд шантрах үе бишгүй байх юм. Авсан хэдэн төгрөг маань юу ч болохгүй. Хань минь байсан бол арай өөр байх байсандаа гэж боддог. Миний ханийг аавых нь ах, дүү нар 36 жил хайсан гэж ерөөсөө мэдээгүй шүү дээ. Би ч мэдээгүй. Одоо өөрөө бурхны оронд очоод бүхэл бүтэн 5 жил болчихлоо шүү дээ. Тэгэхэд өөрийг нь аав нь хамаатан садан нь ингээд хайгаад явж байна гэж төсөөлсөнгүй…
Охин Энхжин: Бор болохоор намайг аавтайгаа аягуу адилхан гэдэг. Аавтайгаа адилхан жилтэй. Ер нь бүх л юм нь аавтайгаа ижилхэн гэдэг. Аавыгаа дурсахаар гоё байдаг. Аавыгаа аймар их боддог. Аавыгаа санахаар зүүдэнд орж ирдэг. Аав намайг зөндөө эрхлүүлдэг. Хэрвээ ээж намайг загинавал аав намайг өмөөрнө даа гэж боддог. Нэг удаа хүүхдүүд сургууль дээр хэрүүл хийгээд байсан юм. Нэг банди намайг дээрлэхээд, дүү ирээд намайг өмөөрсөн чинь тэр хүүхэд өөдөөс харснаа “Та хоёр аавгүй биз дээ” гээд аймар шоолж байсан. Тэрнээс хойш сургууль дээр хүүхдүүд таарахаар “Аавгүй”, “Аавгүй” гээд шоолдог байсан. Хүүхдүүдийг аав ээж нь сургуульд нь хүргэж өгөөд авахыг нь хараад аймар атаархдаг юм билээ. Аавыгаа би санахаараа байнга уйлдаг, аавтай уулзах юмсан л гэж мөрөөддөг. Даан ч тэгж уулзах боломжгүй.
Хүү Тэмүүжин: “Би 12 настай. Зургаадугаар анги. Би том болоод дуучин болно гэж боддог. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр дуулаад дандаа нэгт ордог. Бас би жүжиглэж чадна. Аав бурхан болохоосоо өмнө үргэлж надтай тоглодог байсан. Оройны хоолоо сайн идэх юм бол гоё юм авч өгнө гээд.. Намайг идээд дуусахад аав гялс гараад явчихдаг байсан. Тэгээд орж ирэхдээ удирдлагатай машин, буу гээд янз бүрийн тоглоом аваад ирдэг байсан. Би багадаа их эрх хүүхэд байсан. Дэлгүүр ороод тийм тоглоом авъя гээд л уйлчихдаг байсан. Тэгээд л аав аваад өгнө. Надад хоёр хайрцаг тоглоом байдаг. Хааяа аавыгаа санахаар би орондоо уйлдаг” гэлээ.
Ийнхүү талийгч Алтаншагайн эхнэр хоёр хүүхэдтэй нь уулзны дараа аавых нь ах, дүү төрөл төрөгсөдтэй нь уулзуулахаар Өмнөговь аймгийг зорьжээ. Хэдийгээр төрсөн хүүгээ 36 жилийн турш хайгаад олоогүй, эцэс сүүлд нь бурхан болоод 5 жил болж байгааг нь мэдсэн ч хүүгийх нь үргэлжлэл хоёр сайхан үр, ханьтай нь уулзуулж чадсанд нэвтрүүлгийн хамт олонд талархал илэрхийлье.