зөвлөгөө

Японы гүнж 1.35саяын тэтгэлгээс татгалзан жирийн залуутай гэрлэнэ.

Японы эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн жирийн хүнтэй гэр бүл болсон тохиолдолд язгууртны хэргэмээсээ татгалзаж, 150 сая иен ($1.35 сая) хүртэл дүнтэй нэг удаагийн тэтгэлэг засгийн газраасаа авдаг хуультай. Энэ мөнгө нь язгууртны амьдралаас жирийн хүний амьдралд шилжихэд дэмжлэг болох зориулалттай.

Харин 2019 онд өөрийн хүсэлтээр ширээнээсээ буусан өмнөх хаан Акихитогийн ууган ач, гүнж Мако удахгүй гэрлэхдээ энэ тэтгэлгээс татгалзахаар болсныг Бямба гарагт Японы засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.Одоо 29 настай гүнж их сургуульд хамт сурч байсан Кэй Комуро хэмээх залуутай 2017 онд сүй тавьж байв. Гэвч сүйт залуугийн салсан эцэг, эхийн хоорондох өр төлбөрийн маргаанаас болоод тэдний хурим хойшлогдож байжээ.

Гүнжид олгох засгийн газрын тэтгэлэг сүйт залуугийн гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдэхэд зарцуулагдаж болзошгүй гэсэн яриа Японы хэвлэлүүдээр цацагдсан нь хурим хойшлоход нөлөөлсөн юм. Тэгвэл Мако гүнж олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийхийн тулд тэтгэлгээсээ татгалзахаар болжээ. Японы NHK сувгийн мэдээлснээр гүнжийн хуримын товыг ирэх сард зарлаж магадгүй гэнэ. Гүнж бас хуримын үеэр эзэн хааны ордонд үйлддэг уламжлалт ёслолоос татгалзахаар болсон байна.

29 настай сүйт залуу Комуро ирэх долоо хоногт АНУ-аас ирэх тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр 2018 онд Фордхэмийн Их сургуулийн хуулийн ангид суралцахаар Нью Йоркийг зорьж байсан ба энэ жил сургуулиа төгссөн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр залуу хос АНУ-д суурьшин амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Япон улсын хуулиар хаан ширээг зөвхөн эрчүүд залгамжилдаг бөгөөд эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн жирийн хүнтэй гэр бүл болоход хэргэмийг нь хураадаг байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!