Хүү маань миний хоолойг таниж байгааг хараад би баахан уйлсан Учир нь..

Төрөхийн өмнөхөн ус багатай гээд эмнэлэгт хэвтсэн. Ус ихэсгэх эмчилгээ хийлгэнэ гээд төрөх гэж байгаа хүмүүстэй хамт хэвтэж байгаа юм. Энд ч хүн өвдөөд л, тэнд ч хүн өвдөөд л би тэгсэн юу ч болоогүй амьтан хэвтээд л ном уншаад л.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэгээд 5 хоносон билүү дээ. Би маргааш яг гарна даа гэж бодож бсан юм. Тэгсэн тэр гарахын өмнөх өдөр бие нэг л сонин болоод болдоггүй ээ. Гэнэт л амьсгаа давчдаад зүрх түг түг түг гээд түргэн цохилоод байхаар нь сувилагчдаа Та миний даралтыг нэг үзээд өгөөч гэж хэлээд үзүүлсэн. Эхлээд үзүүлэхэд 130н хэдтэй бсан юм. Сувилагч маань тэгсэн жаахан байж байгаад хүрээд ир гэхээр нь 10 минут байж байгаад очлоо. Даралт маань дахиад 10-аар нэмэгдчихэж.
10н минутын зайтай үзүүлэх тоолонд 10,10-аар даралт маань огцом дээшлээд л байв. Шөнө болчихсон бсан. Сувилагч маань эмч дуудаад, эмчид үзүүлтэл намайг даралт буулгах эмчилгээ хийлгээрэй гээд эрчимт эмчилгээний тасаг руу дээшээ гаргаад би тэндээ хоносон. Өглөө боссон чинь эмч нарын зөвлөгөөний хурал болоод эрчимт эмчилгээний тасгаас эхлэж бгаа байхгүй юу.
Эхоны эмчийг хүлээж байгаад үзүүлсэн чинь Хүүеээ наад хүүхдийн чинь ус нь гарчихсан байна шдээ гээд намайг юу юугүй төрүүлэх болчихсон. Ус бага багаар гараад байсан юм байна лээ тэрийг нь би нойрондоо болоод мэдээгүй, ядаж байтал ус багатай байсныг ч хэлэх үү. Эмч за одоо ингээд миний охин төрнө шүү гэлээ, би чинь бүр сандарчихсан. Хаалт тавиад л хөл гар уячихдаг юм бналээ. Анхны төрөлт би чинь юу ч мэдэхгүй.
Хийсвэр хийлгүүлээд тэр үед чинь юу ч болоогүй юм шиг хэвтэж байгаад л төрсөн. Хүү маань аймар уйлаад л гараад ирсэн. За хүү нь энэ бна шүү гээд надад харуулсан би аймар баярлаад өөрийн мэдэлгүй л инээсэн. Тэгээд л хүүг маань харуулчихаад дараа нь нэг мэдээ хэллээ. Миний охион, хүү нь дутуу төрснөөс болоод хоол боловсруулах эрхтний асуудалтай бна шүү, хагалгаа хийлгэх хэрэгтэй, хүүг чинь аваад явлаа хүүгээ нэг үнсчих гэсэн.
Тэрийг сонсоод пал хийгээд л явчихсан. Хүүгээ явуулаад надад юу болсныг би сайн санадаггүй нэг мэдсэн эрчимт эмчилгээний тасагт сэрж байсан юм. Хийсвэр хийлгэсэн болохоор бас дутуу төрсөн учраас хэдэн хоног тэнд байлгадаг юм бналээ. Эхний хэдэн өдрүүдэд ухаан санаа орон гаран хүүгээ яасан бол гэж байн байн бодон байж байгаад 5 хоноод дараа нь төрсөн хүмүүсийн тасаг руу шилжлээ.
Хамт нэг тасагт байсан хүмүүс маань бүгдээрээ хүүхдүүдтэйгээ, би болохоор хүүхэдгүй. Тэр надад аягүй хэцүү байсан. Хийсвэрээр төрсөн хүмүүст 2,3н хоногийн дараанаас сүү ордог юм байна лээ. Бусад хүмүүсийн хүүхдийг уйлахыг сонсоод л хөх халуун оргиод л хатуураад л тэгэхээр нь чадлаараа сааж жаахан тавируулна.
Тэгээд тэнд байж байгаад сүүлдээ би бүр тэсэхээ болиод хүү дээрээ очмоор санагдаад эмчдээ гарья гэж хэлсэн. Эмч шинжилгээний хариу чинь муу гарсан гээд намайг гаргахгүй гэж байсан ч сүүлдээ ойлгоод за тэгвэл чи гэртээ сайн эмчилгээгээ хийлгээрэй гээд гарахыг маань зөвшөөрсөн. Тэгээд л гэртээ хэд хоночихоод төрснөөсөө хойш бүтэн сарын дараа хүүхэдтэйгээ уулзахаар боллоо.
Ороод хартал хариугуй жижигхэн юм. Хоол идэж чадахгүй болохоор ам руу нь гуурс хийчихсэн. Би гараа сайн ариутгаж байгаад инкубатор дотор нь гараа хийгээд хөлийг нь хуруугаараа илээд “Ээж нь ирсэн шүү миний хүү” гээд хэлсэн чинь манай хүү нээх сонин инээж байгаа юм шиг жижигхэн авиа гаргаад хальтхан жуумалзсан.
Миний хоолойг таниж байгааг хараад би баахан уйлсан. Хүү маань сэхээнд байхдаа нэг өдөр сайжраад л нэг өдөр муудаад л бсан юм. Тэгээд яг нэг хэцүү байх үед ээж маань надад хэлсэн юм, хүүг маань хагалгаанд орсны дараа манай ээж аав, нөхрийн ээж аав бүгд зогсож бхад эмч нь өөрөө тэвэрч гарч ирж харуулаад “За ёстой амьдрах хувьтай хүүхэд бна шүү, хайрлаж яваарай” гэж хэлсэн гэсэн.
Ээжээс тэрийг сонсох нь тэр хэцүү үед надад маш их сэтгэлийн хүч хайрласан юм. Одоо хүү маань 6н настай. Энэ хооронд дутуу төрснөөс үүдэлтэй хагалгаанд дахиад 3н ч удаа орсон байна. Тэр болгонд очих ганцхан л газартай тэр нь Эх нялхас.
Чанараа бодоод хувийн эмнэлэгт үзүүлэхэд манайх ийм хүүхэд авахгүй гэхээр нь ирсэн хүүхдүүд, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд, давтан хагалгаанд орох хүүхдүүд, ямарч шатны өвчний хүндрэлтэй хүүхдүүдийг ялгалгүй авдаг цорын ганц газар шүү дээ. Нөхөр бид 2 насаараа Эх нялхасын эмч сувилагч нарт баярлаж явах болно.
Хүүгээ том болсон хойно нь манай хүүхэд ийм хүн болсон шүү та нарт баярлалаа гэж эмч сувилагч нартаа харуулж уулзуулнаа гэж дотроо бодож явдаг юм. Бас хүү маань том болоод өөрөө хүсээд хүүхдийн мэс заслын эмч болчихвол их гоё доо.
Эх сурвалж: Choirongoo