зөвлөгөө

Шаазгайн шагшраа сайныг ч бас саарыг ч хэлдэг УЧИР НЬ…

Энэ явдал Сэлэнгийн Шаамар суманд болсон гэнэ билээ. Жимс, жимсгэнэ, зөгийн үржүүлгээрээ алдартай ийм нэгэн сум байдгийг манайхан бараг андахгүй болов уу. Ерээд оны эхээр тэнд болсон хэдэн сонин тохиолдол одоо ч яригддаг билээ.

Батхуяг /нэрийг өөрчлөв/-ийнх гэдэг айл тэнд нүүж очоод нэг их удаагүй байжээ. Амьхандаа жимс, жимсгэнэ, зөгийн аж ахуй эрхлэхээр очсон юм байх. Уг нь бас л Сэлэнгийн гаралтай айл байсан юм билээ. Сэлэнгийн Мандал сум буюу Зүүнхараагаас тийнхүү тэнд суурьшихаар нүүн одсон гэдэг.

Шинэ нутаг сэлгээд хаврын тариалалтаа хийхээр бэлдэж байж л дээ. Тэр нэгэн өдрөөс хойш тэдний өрхөөс нэгэн алаг шаазгай салахаа байжээ. Тэгэхдээ мэдээж өдөржин байгаад байхгүй л дээ. Хэрэг болсон үед юм уу хэлэх зүйлээ дуулгахаар ирдэг байсан юм билээ. Тэгэхдээ түүнийг нь нэлээд хожим мэдсэн гэдэг.

Тэгээд ч монголчууд шаазгайд уг нь ам сайтай л даа. Ямар ч үед шаазгай шагшихад манай ард түмэн “Сайн хэл, сайн хэл, сархинагаар нэг шар тос өгье” хэмээн бэлгэддэг ажгуу. Хэрээ гуаглахаас харин баахан цэрвэмтгий билээ. Түүнийг ч бас цайруулдаг аргатай гэж байгаа. “Өө, өнгө нь хар ч өр нь цагаан юм шүү” гээд л өнгөрөх жишээний. Хаврын тэр нэгэн өдөр гэрийн эзэн Батхуяг ойгоор жаал яваад газар үзчихээд ирье гэсэн юм байх.

Яг тэгж хэлж байхуй дор нэгэн алаг шаазгай өрхөн тушаа нь ирээд нар буруу тойрон шагшиж гарчээ. Шагшаад, бүр хагшаад хачин гэнэ. Эхэндээ ч нэг их юм санаанд орсонгүй. Ямар их шаагидаг шувуу вэ гээд л өнгөрсөн байна. Тэгээд нэг их санаанд оролгүй гэрийн эзэн явдгаараа яваад өгчээ. Бага үдэд гэрээс гарсан нөхөр үдээс хойш болоход байдаггүй гэнэ. Гэрийнхэн бүр гайхширч эхэлжээ. Тэр болгон гэрээс гараад байдаггүй хүн удтал алга болчихоор арга байж уу.

Тэгээд ч Батхуягийн хувьд яах гэж тэр хавийн ойгоор тэнээд байхав. Тиймээс сүүлдээ бүр адгацгаажээ. Ингээд оройн 17 цагийн алдад ирэхгүй болохоор нь араас нь явцгаасан аж. Харин хажуу айлын Баатар гэх ахимаг эр юмыг яаж мэдэхэв гээд карабинаа үүрээд хамт явсан байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг байх аа. Юу зөгнөсөн юм, бүү мэд юутай ч буу, шийдэм болжээ. Мөн үеэр нөгөө алаг шаазгай ирээд өрхийг нар зөв эргээд шагширч гарчээ. Энэ удаа ч мөн нэг их анзаарсангүй. Тэр дундаа өрхийг нар зөв, буруу тойроод байсныг нь анзаараагүй гэх. Тэр ч мэдээж шүү дээ. Юун тэгэхтэй манатай.

Ингээд зэвсэгтэй, зэвсэггүй улс Батхуягийн явсан чигт гарч өгсөн байна. Хажуугийн уулын ам өгсөөд ташаад явсан бололтой байжээ. Баатар гуай л мөр мөшгөсөн хэрэг л дээ. Түүнээс биш залуус яаж мэдэхэв дээ. Ид хаврын цаг болохоор сэлэнгийнхэн, тэр дундаа шаамарынхан ганц нэгээрээ уул хад, ой модоор явахыг уг нь хорьдог уламжлалтай байжээ. Тэр нь ч бас учиртай гэх юм билээ.

Тэндхийн уугуул иргэдийн ам дамжсан яриагаар бол хорхойтсон баавгай хүн барьсан тохиолдол нэг биш гарсан байдаг ажээ. Тэгэхдээ гэрийнхнийг айж, иччих вий гээд Баатар гуай тэр талаар нэг их ам нээгээгүй ч дотроо баахан сэжиглэнгүй явсныг хэлэх хэрэгтэй байх аа. Гэрийнхэн жаал яваад хашгирч, дуудаж дохио өгөх гэсэн боловч Баатар хориглоод болиулсан байна.

Нар жаргах болоогүй учраас одоохондоо чимээлээд яахав гэжээ. Энэ ч бас зөв байсан байж мэдэх юм. Хүн, амьтны дуу чимээгээр хээрийн амьтан анирдаад гэнэт довтолж мэднэ шүү дээ.

Баатарын тооцоолсноор баавгай хорхойтсон байх магадлал хамгийн өндөр байжээ. Учир нь, ичээний амьтад гараад удаагүй байсан цаг гэх. Өнгөрсөн өвөл нь зуд турхантай байсан, намар нь самар, жимсний гарц урьд жилүүдийг бодвол тааруухан харагдсан зэргээс тийм дүгнэлт хийснийг тухайн үед хэн мэдэх билээ. Тийм л он, жилүүдэд томхон араатнууд идэш, тэжээлийн хомсдолд ордогийг тэр сайн мэдэж байсан хэрэг л дээ.

Тэжээлийн дутагдалд орсон зэрлэг амьтан эцэж, тураад буга, гөрөөс мэт тураг анг гүйцэхгүй болохоороо айлын хот эргэдэг онцлогтой ажээ. Өөрийнхөө хэр хэмжээнд тааруулан хоолоо олж иднэ гэсэн үг л дээ. Ийм амьтныг, тодруулбал баавгайг хорхойтсон гэдэг юм байна. Баавгай хорхойтсон үедээ хүн, мал руу довтлох нь тийм ч ховор үзэгдэл биш санж. Тиймээс тэр хавьд үе үе тиймэрхүү хэрэг тохиодог байсан юм билээ. Бараг хамгийн сүүлд гэхээр нэг тохиолдол наяад оны сүүлчээр болсон бөгөөд ойгоор тэнэж явсан хоёр хүүхдийн нэг хорхойтсон баавгайд бариулж, аймаг даяар шуугиж байсныг шаамарынхан юу эс андах билээ.

Амьд үлдсэн хүүхэд нь гүйж ирсэнээр тэрүүгээр нэг ажил болж, идүүлсэн хүүхдийн цогцосыг олсон гэдэг билээ. Хүүгийн нүүр, амыг танихын аргагүй болтол ураад цээж, хэнхдэг, гэдэс дотрыг нь яран, идэхээ идээд орхисон байсан нь нүд халтирмаар харагдсан тухай тэндхийнхэн ярьж байжээ. Эрэлд гарсан улс уулын амыг ташсаар яваад бараг оройд нь гараад иржээ. Тэгтэл гэнэт элдвийн шувууд нэгэн хэсэг модны хавьцаа эргэлдэж харагджээ.

Хэрэг биш болсоныг хамгийн түрүүнд Баатар гуай гадарлалгүй яахав. “За, хүүхээд. Биш болоод явчихлаа шүү. Та нар эндээ хүлээж бай. Хөдөлж, чимээлж болохгүй. Би үзээд ирье” гээд карабинаа сумлаад өгсчээ. Шувууд эргэлдэн шуугихыг яавч сайны ёр биш гэдэг билээ. Баатар гуай хэсэг модонд дөхөхийн хэрээр шувууд нисэлдэн, тэр хавиар гуагчин эргэлдэх нь ч ихэсчээ.

Гэрийнхэн болон бусад хүмүүс нөгөө газраа хөдлөлгүй хүлээж байсан нь мэдээж. Тэд баатар гуайгаас нүд салгалгүй ширтэж байсан нь ойлгомжтой. Төдөлгүй Баатар гуай нэг юман дээр очоод хөдөлгөөнгүй болчихжээ. Бүр хөшиж орхих шиг болжээ. Тэгсэнээ буугаа бэлэн зэхээстэй чигээрээ ухарсаар, ихэд болгоомжилсон байдалтай яваа харагдсан байна. Гэрийнхэн хийгээд бараа бологсод ч цочирдон, айцгаасан нь мэдээж. Бүгд л Баатар гуай юу хэлж ирэх бол гээд дор дороо хөшиж орхисон байна. Баатар гуай ойртохын хамт нүүр нь хүрлийн бараантжээ. Тэр хар, цагаан дуугүйхэн ирээд “За, тун тусгүй юм болж дээ. Орилж чарлах хэрэггүй. Эмэгтэйчүүд тийш очих хэрэггүй биз. Эрчүүд очиж янзлая даа” гэжээ.

Эхнэр, хүүхдүүд нь уйлан хашгичих шахсанаа “Баатар гуай яг юу болж вэ?” хэмээсэн байна. “Хөвчийн бор айлчилсан байна” гэнгүүт эхнэр, хүүхдүүд нь мэгшээд эхэлсэн байна. Тэр ч аргагүй л дээ. Гэрийн эзэн, хань, эцгээ гэнэт нэгэн өдөр алдсан улсад ямар сайн байхав. Тэднийг ийнхүү уйлалдан байхуй дор гэнэт хаанаас ч гараад ирсэн юм өнөө шаазгай хүрч ирээд шагшиж гарчээ. Шагших, шагшихдаа бүр шахамдуулан шагшчээ.

Бараг л “Болохоо байлаа, та минь. Бушуулаарай. Арга бодоорой” гэх шиг сүүлээ шарван, годгонуулаад шагшиж гарсан байна. Баатар хашир, туршлагатай хүн тул гэнэт хар авсан нь мэдээж. “За, гэмтэй юмны дохио ирлээ дээ. Айж сандарч болохгүй шүү. Хашгирч, орилж бүр болохгүй” хэмээн аман зарлиг буулгажээ. Нар жаргах ч дөхөж байж. Баатар гэнэт “Чишш…” хэмээн анхааруулаад буугаа зэхжээ. Яг тэр үеэр нөгөө бүрлээчийн байгаа талд уулын хөтлийн модон дотор нэг бяруу шиг амьтан бий болчихож.

Хэдий гашуудаж асан ч айсан улс чимээгээ аяджээ. Ингээд нөгөө амьтан мод таширлан дөхсөөр байв гэнэ. Яван явсаар нэлээд дөхөөд ирэхийг нь үзвэл хүрэн баавгай байв. Баатар хөөж явуулахаар “зандарсан” боловч тоосонгүй. Харин ч тэднийг чиглэжээ. Арга буюу Баатар гуай модны салаан дээр карабинаа тавиад хоёр удаа буудаж орхиж. Өнөө амьтан ой дарвитал муухай орилоод үхэтхийн унажээ. Буугаа сумлан бариад Баатар түрүүлэн дөхжээ. Тэр хөдлөөгүй тул хүрч очвол эцэнхийн туйл болсон, нүүр, цээжний арьс, үс нь цусанд будагдсан эмэгчин баавгай байжээ. Түүнийг орхиод цогцос буй гэх газар очсон хүмүүс айдас, аймаар юм гэж юу болохыг харсан гэдэг.

Талийгаачийн нүүр танигдахын аргагүй урагдсан агаад цээжин талыг нь сэндчээд хаячихсан, дотор эрхтэн, бас бус юмыг нь идэж орхисон хүүр хэвтэж байсан нь ойлгомжтой. Ийм нэгэн явдал 1993 оны хавар Шаамарт болсон гэдэг. Эрчүүд нь цогцосыг эмхлээд дамжлан буцсан гэх. Дашрамд өгүүлэхэд, баавгай гэдэг амьтан хүний нүүр үздэггүй бололтой.

Нөгөө шаазгай маргааш нь ирээд өрхийг нь тойрон шагшсанд Баатар “Танайхыг эндээс нүүхийг сануулж байна” хэмээн тайлсанаар тэднийх гэрийн эзнээ оршуулчихаад нүүн оджээ. Тэрхүү алаг шаазгай ямар учиртай шувуу болохыг олж тогтоолгүй зөнд нь орхижээ. Тэгээд ч нутаг буцсанаас хойш тэднийд дахин муу юм тохиогоогүй гэдгийг хэлэхэд таатай байна. Байгаль хийгээд амьтны араншинг бага боловч болгоож байхад гэмгүй бололтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!