зөвлөгөө

Автомашин шилжүүлэн авч буй иргэдийн анхааралд

Сүүлийн үед тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй холбоотой асуудалд холбогдох асуудал маш их гарч байна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хоёр иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэхийг зөвлөж байна.

Автотээврийн үндэсний төв

 

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмаар зохицуулдаг. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа болон Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа нь энэхүү журамд хамаарахгүй гэж заасан байдаг.

Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

шинээр бүртгэх;
өмчлөгчийн бүртгэл;
техникийн өөрчлөлт /Тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөхгүй 2012 оноос хойш/;
нөхөн олголт;
бүртгэлээс хасах;
түр дугаар олгох.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох журмын 3 дугаар зүйлд Бүртгэлийн байгууллага болон бүртгэгчийн эрх, үүргийг тусгаж өгсөн байдаг.

Бүртгэлийн байгууллага нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:
Хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэх ба өөрийн хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн мэдүүлэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд дарж баталгаажуулна.
Бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийн иж бүрдэл, түүний үнэн зөв байдлыг хянан үзэж, автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзхаас бусад тохиолдолд бүртгэн авах ба өөрийн гүйцэтгэсэн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хуулийн өмнө хүлээнэ.
Холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд тусгайлан заасан, эсхүл бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлыг холбогдох дээд шатны албан тушаалтанд танилцуулан зөвлөмж, чиглэл авна.
Бүртгэгч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:
автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна.
бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж буй бүх салбар төвүүдэд дэлгэц байршуулан иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн дугаарыг сонгох боломжоор хангасан байна.
бүртгэлийн байгууллага иргэд гар утаснаасаа болон бүртгэлийн байгууллагын цахим хуудаст хандаж улсын дугаар захиалах боломжийг бүрдүүлсэн байна.
/Бүртгэгч нь автотээврийн болон эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Иргэний хууль болон хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, автотээврийн салбарын стандартчиллын талаар автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байна/

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг.

Та төрийн захиргааны төв байгууллагын харьяа Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт хандаж тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ. Бүртгэлийг тухайн бүртгэлийн байгууллагын даргын томилсон бүртгэгч хөтөлнө.

Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг дараах тохиолдолд бүртгэдэг. Үүнд:

Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн,
Өмчлөгч иргэн болон хуулийн этгээдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн,
Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүр, арал, бүхээг, өнгө өөрчлөгдсөн,
Хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан.
I. Та тэээврийн хэрэгслийг шилжүүлэхэд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж, автотээврийн үндэсний төвд хандах боломжтой.

Автотээврийн үндэсний төв нь өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэдэг.

Иргэнээс иргэнд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Өмчлөгч болон шилжүүлэн авч байгаа иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт (ТҮЦ машины лавлагаа эсвэл гадаад паспорт болон оршин суугаа хаягын тодорхойлолт болно);
Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах;
Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирээгүй бол шилжүүлсэнийг нотлох баримт (худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл гэх мэт)-г бүрдүүлэх;
Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нь нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээ;
Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх;
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Иргэнээс хуулийн этгээдэд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт бөглөх;
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж, гарын үсгээ зурж баталгаажуулах;
Шилжүүлэн авч байгаа хуулийн итгээдийн албан хүсэлт /Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар хуулбар үнэн тамгатай/;
Замын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан торгуультай тохиолдолд торгууль төлсөн баримт;
Худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх.
Хуулийн этгээдээс иргэнд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
Шилжүүлэн авч байгаа иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
Хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн өмчийн газрын шийдвэр;
Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно;
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх;
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн баримтт;
Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Хуулийн этгээдээс хуулийн этгээдэд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
Хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн өмчийн газрын шийдвэр;
Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно;
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Өмчлөгч оршин суугаа хаягаа өөрчлөхөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Бүртгэлийн маягт бөглөх;
Иргэний үнэмлэх, шилжин ирсэн тухай нарийн хуудас;
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт
Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Орон нутгаас – УБ – Орон нутаг бол улсын дугаар авчрах.
Техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Техникийн өөрчлөлтөд автотээврийн хэрэгслийн зориулалт, өнгө, хөдөлгүүр, арал, бүхээгийн өөрчлөлтүүд хамаарна. /Тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөхгүй 2012 оноос хойш/;

өмчлөгчийн хүсэлт, бүртгэлийн мэдүүлэг;
техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;
нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан тухай тухайн тээврийн үйлчилгээг зохицуулах эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
арал, бүхээг өөрчлөгдсөн бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, бусад баримт бичиг;
зориулалт өөрчилсөн бол үйлдвэрлэгчийн дүгнэлт;
улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;
Тухайн автотээврийн хэрэгслийн зориулалтыг зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр өөрчлөх ба зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн эрх бүхий засварын байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдсан тохиолдолд тухайн дугаарын сери, дугаарыг өөрчлөхгүйгээр автомашины энгийн дугаарыг олгоно.

Хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт бөглөх;
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нь нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.
II. Таны бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн бүртгэгч дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэл хөтөлнө. Үүнд:

/Жич: шилжүүлсэнийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотлож гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ын шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна/

III. Харин бичиг баримтын бүрдүүлбэр дутуу эсхүл зөрчилтэй тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзаж холбогдох бичиг баримтыг буцааж өгдөг. Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана. Үүнд:

бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;
хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;
техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;
зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;
хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;
өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;
улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.
Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгнө.

Та шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, өмчлөгчийн бүртгэлийг 7 хоногийн дотор хийлгэх үүрэгтэй. Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Иргэн та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана гэж заасан байдаг.

Дараах тохиолдолд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх боломжгүй тул анхаарна уу!

Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт ороогүй, хугацаа хэтэрсэн;
Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт тэнцээгүй;
Арлын дугаар зөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхгүй;
Шүүхийн шийдвэрээр хязгаарласан тохиолдолд;
Татвар төлөөгүй;
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй;
Торгуультай.
Торгуультай холбоотой зөвлөмж

Нэг зөрчилд олон давхар торгууль орсон тохиолдолд:

Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан давхардаж орсон зөрчлийг арилгуулахдаа зөрчил гаргагч өөрт өгсөн шийтгэврийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулж болно.
Гэрийн хаягаар ирж буй торгуулийн лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандах боломжтой.
Торгууль төлөхдөө БАР КОД буруу хийсэн, БАР КОД оруулаагүй төлсөн тохиолдолд бичиг баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж шийдвэрлүүлж болно.
Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
Огт хөдөлгөөнд оролцоогүй газарт мөн тухайн өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдолд:

Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлөгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдол гардаг. Үүний гол шалтгаан нь эрх бүхий албан тушаалтан осолтой холбогдолтой материал бүрэн бүрдсэний дараа торгууль оногдуулдагт оршино.
Захиргааны зөрчил гаргаад /эрхээ хасуулсан г.м/ Замын цагдаагийн тасагт зөрчлөө шийдвэрлүүлсэн байхад Torguuli.mn сайтад төлөгдөөгүй гэсэн тохиолдолд:

Замын цагдаагийн албаны бичиг хэргээс торгууль төлсөн баримтын хуулбарыг авч № 106 тоот өрөөнд авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ.
Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд:

Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.
Таны төлсөн торгууль www.torguuli.mn сайтад төлсөн төлөвт шилжихгүй байгаа тохиолдолд:

www.torguuli.mn сайтад тавигдсан төлөх зааврын дагуу банкны баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт торгуулийн зөвхөн “БАР КОД” бичигдсэн байхыг анхаарна. Тухайн төлсөн үед мэдээлэл гарч ирэхгүй байгаа тохиолдолд “Замын цагдаагийн алба”-ны №106 тоот өрөөнд торгууль төлсөн баримтаа /хуулбар/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулж болно.
Асуулт 1. Би автомашинаа найздаа худалдаж байгаа юм. Найзынхаа нэр дээр шилжүүлэхийн тулд хаана хандах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Автотээврийн үндэсний төвд хандан хийлгэх боломжтой. Тээврийн хэрэгслийг худалдаж байгаа тохиолдолд худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулах хэрэгтэй. Мөн Автотээврийн үндэсний төвөөс шаардсан бусад бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Асуулт 2. Манай дүү миний тээврийн хэрэгслийн торгууль төлсөн баримтыг гээсэн байна. Дахин торгууль төлмөөргүй байна.

Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.

Асуулт 3. Би шилжилт хөдөлгөөний бүртгэлээ өөрөө хийлгэх боломжгүй байсан болхоор дүүдээ итгэмжлэл хийж өгсөн. Одоо итгэмжлэлийн хугацаа дуусч байна. Хугацаа дууссан итгэмжлэлээр хийлгэж болох уу, би БНСУлсад ажиллаж байгаа.

Та БНСУлс дахь элчин сайдын яаманд хандаж, дүүдээ итгэмжлэл хийлгээд өгөх боломжтой.

Асуулт 4. Би эхнэрийнхээ нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа. Хэд хоногийн дотор бүртгүүлэх вэ?

Та шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, өмчлөгчийн бүртгэлийг 7 хоногийн дотор Автотээврийн үндэсний төвд хандаж хийлгэнэ үү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!