зөвлөгөө

Реппер Gee өрхийн эмнэлэгт ажиллах болсон шалтгаан

Монгол улс цар тахлын улмаас эмнэлгийн ажилчдын хомсдолд орж буй талаар салбарын сайд болон албан тушаалтнууд мэдэгдээд байгаа. Хэдийгээр нэмж дэлгэх ор зэрэг байгаа боловч эмч нарын тоо хүрэлцэхгүй учир эмнэлэгт хэвтэх иргэдийн эрэмбэлж дараалал гаргаж хэвтүүлнэ хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Тэгвэл зарим иргэдийн, тодруулбал олны танил эрхэмүүд сайн дурын ажилд нэгдэж эхэлсэн бололтой. Реппер Gee маань ийнхүү пост оруулжээ.

“БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.

Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй!!! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.


Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү!!! Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!!!

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ!!!” хэмээн өгүүлжээ.

Саяхныг хүртэл хип хоп дуулдаг гэхээр элдэв асуудал гаргаж, архи тамхи хэрэглэж, болох бүтэхгүй зүйлтэй орооцолддог муу нөхдүүд гэсэн хандлага Монголын нийгмийн “хөрсөнд” гүн шингээд байв. Харин өнөөдрийн байдлаар урлагийн салбарт хамгийн олон сонсогчтой, залуу үеийнхний үзэл бодол, оюун санаанд хамгийн их нөлөөлж, уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч байгаа нь репперүүд л байна.


Нийгмийн тулгамдсан асуудлыг гаргаж ирэн, олны анхаарлыг төвлөрүүлдэг сэтгүүлчийн үүргээ уран бүтээлээрээ дамжуулан хэрэгжүүлж байгаа Монголын урлагийн салбарын том төлөөлөл, тод гэрэлтэх “од” бол реппер, продюсер Big Gee юм.

Түүний өвөө Цэрэндагвын Шагдар хэмээх сэтгүүлч мэргэжилтэй хүн байжээ. Ач хүүгийнхээ хүсэл сонирхол, үг бичих авьяасыг өвөө нь хөгжүүлсний ачаар Gee хоёрдугаар ангиасаа л шүлэг бичиж эхэлсэн түүхтэй. Ийн 2005 онд РТДС-ийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж, тэр үеэс уран бүтээлээ эрчимтэй хийж эхэлсэн юм.

Англи гаралтай гэрэл зурагчин Alex de Mora 2019 оны аравдугаар сард Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар “Straight Outta Ulaanbaatar” хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээсэн билээ.


Гэрэл зурагчин Alex de Mora-гийн баримтат кино Монголын хамгийн алдартай реппэрүүдийн нэг өдгөө 37 настай Big Gee-гийн дүрс, өгүүллээр эхлэх агаад энэ бүтээлийг CNN агентлаг онцолсон байна.

Дуулахаас гадна тэрээр “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” гэсэн гурван цуврал кино, “Алтан ус”, “Зангараг” “Нарны жим” кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 05-нд нээлтээ хийсэн “Гангстер” киноны дуугаа “Born to Rap” нэртэйгээр реппер Desant, DJ Zaya-тай хамтран олны хүртээл болгоод байна.

Мөн өнгөрсөн сард “Street Dreams” буюу “Гудамжны мөрөөдөл” цомгоо гаргасан тэрээр хийж байгаа цомог, тоглолт бүрээ амьдралынхаа нэг хуудас гэж боддог аж. Түүний фэйсбүүк хуудас 683 мянган дагагчтай. Дагагчийнхаа тоогоороо Монголдоо нэгт ордог Big Gee “Эргээд бодоход хийсэн алдаануудаасаа л ихийг сурдаг юм билээ. Алдаа өвтгөдөг учраас ахиж өвдөхгүйн тулд түүнээсээ суралцах ёстой шүү дээ” гэв.

Эх сурвалж: ZMS.MN

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!