зөвлөгөө

Дөрвөн настай хүүд мэс засал хийтэл, Ходоодноос нь… Итгэмээргүй юмаа

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ. Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд даруй ЭХЭМҮТ-д хэвтүүлж, маргааш нь мэс засалд орсон байна.

Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна. Хүүхдийн биеийн байдлыг мэс заслын эмч А.Цэнджаваас тодруулахад “Хагалгаа амжилттай болсон, хүүхэд босож явж, өнөөдрөөс хоолонд орж байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг дахин анхааруулмаар байна” гэлээ.

ХҮҮХЭД ГАДНЫ БИЕТ ЗАЛГИХ ТОХИОЛДОЛ БУУРАХГҮЙ БАЙНА

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хандах хүүхдүүдийн дунд гаднын биет, соронз залгиж мэс заслын эмчилгээ хийлгэх хүүхдийн тоо буурахгүй байгааг тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр онцоллоо. Тэрбээр, Манай тасагт гадны биет залгисан хүүхэд өдөртөө 7-10 ирдэг. Зуны амралтаар энэ тоо нэмэгдэнэ. Мөн чих, хамар руугаа юм оруулсан тохиолдол олон байдаг, тийм хүүхдүүд Чих, хамар хоолойн тасагт хандана.

Хэрэв том гадны биет амьсгалын зам руу орвол хүүхэд шууд амьсгалын дутагдалд орж, эндэх эрсдэлтэй. Тэгэхээр хамгийн ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай. Саяхны жишээ хэлэхэд, лего тоглоомны зургаан талт жижиг биет залгисан хоёр настай хүүхдийн улаан хоолой гурван газар цоорсон. Улаан хоолой нь хэд хэд цоорсноос vхлийн ирмэгт тулсан хүүхэд Орхон аймгийнхаа эмнэлгээс манай тасагт хүргэгдэж ирсэн. Яаралтай хагалгаанд орж амь нас нь аврагдлаа. Энэ мэт эрсдэлээс сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг маш сайн харж байх хэрэгтэй.

Хүүхдийн залгисан гадны биетүүд

Бага насны хүүхдийн хоол боловсруулах болон амьсгалын эрхтэнд гаднын биет орвол хүүхэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох аюултай. Мөн соронзыг нэг, хоёроор, 20-иодоор нь залгисан хүүхдүүд ирдэг. Соронз залгиснаас гэдсээ тайруулах, хэвлийдээ идээт үрэвсэлтэй болсон хүүхэд олон бий. Гадуур зарагдаж байгаа хүүхдийн сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх соронзтой тоглоомнууд байдаг. Мөн тоглоомныхоо батерейг залгиж байна. Батерей маш аюултай, химийн бодистой учир хүний биед орвол ходоодноос ялгаруулдаг шингэнүүдтэй нэгдэж задардаг. Задарвал ходоод гэдэсний ханыг цоолно, нарийсна, сорвижилт үүсгэнэ. Аав ээж, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс эрүүл төрсөн хүүхэд насан туршийн эмгэгтэй болбол харамсалтай.

Мөн самар элбэг жил самрын яс, хатуу ааруул залгиснаас амьсгал нь боогдсон хүүхэд ч ирнэ. Бага насны хүүхдийн хоол боловсруулах болон амьсгалын эрхтэнд гаднын биет орвол хүүхэд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох аюултай. Залгисан гадны биет нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шилжихдээ түгжрэхээргүй жижиг бол өтгөнөөрөө гадагшилна. Тэрийг ажиглах хэрэгтэй. Үүнээс гадна ээмэг, хүзүүний зүүлтний кулон их залгидаг. Гаднын бие хүүхдийн ходоодонд байгаа тохиолдолд амаар нь дурангаар авчихна.

Хэрэв цоолсон, ууссан, түгжирсэн бол мэс засал хийхээс өөр аргагүй. Хүүхдийн насанд тохирсон тоглоом авч өгөх хэрэгтэй. Батерейтэй төрөл бүрийн тоглоом Хятадаас оруулж ирдэг. Батерей нь шурагтай тийм амар автахааргүй байх ёстой. Гэтэл стандартын шаардлага хангаагүй тоглоом элбэгшсэнээр хүүхэд батерей залгих эрсдэл нэмэгдэж байна хэмээн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр анхаарууллаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!