Хазарачууд Монгол руу дүрвэх хүсэлтэй байна

Mонголчуудаас үүсэлтэй гэх хазара хүмүүс Афганистан дахь хамгийн их дарлагдсан үндэсний цөөнх юм.
Монголчуудаас үүсэлтэй гэх хазара хүмүүс Афганистан дахь хамгийн их дарлагдсан үндэсний цөөнх юм. Өдгөө Талибан бүлэглэл Афганистанд засаглах болсноор хазарачууд хоморголон уcтгалд өртөж, мөхөхөөс эмээж байна. Улмаар хазарачуудыг эртний эх нутаг Монгол руу дүрвэн очиход Монгол Улсын Засгийн газар туслана гэдэгт тэдний олонх найдаж буйгаа илэрхийлжээ.
Афганистаны хүн ам паштун, тажик, хазара, узбек, туркмен, балуч зэрэг олон үндэстнээс бүрддэг. Тэд Афганистаны 38 сая хүн амын дөрвөн сая орчмыг бүрдүүлдэг байна.
Хазарачууд исламын шашны нийт урсгалыг баримталдаг бол Афганистаны хүн амын олонх нь суннит урсгалыг дагадаг. Тиймээс хазарачуудыг хавчин гадуурхдаг хамгийн том шалтгаан нь шашны з.өрчилдөөн.
Кабул хотын хүн амын нэг сая орчмыг хазарачууд эзэлдэг бол Иранд хагас сая орчим хазара хүн амьдарч байна. Тэдний түүхэн хэл нь хазараги боловч олонх нь амьдарч буй орчноосоо шалтгаалан Афган Персийн дари гэх хэлээр харилцдаг аж. Түүнчлэн өндөр боловсролтой зарим нь англи хэлтэй. Хазарачууд Афганистаны нийслэлийн баруун хэсэгт голдуу төвлөрөн амьдардаг байна. АНУ болон холбоотны цэргүүд Афганистаныг орхиж, Талибан төрийн эрхийг авахаас өмнө хазара хүүхдүүдийн олонх нь улсын сургуульд суралцдаг байжээ. Орон нутагт хазарачууд үндэсний хувцсаа голдуу өмсдөг бол хотод олны жишгээр хувцасладаг.
ЭРТНИЙ ХАРИЛЦАА
Гафур болон өөр олон хазарачууд эртний харилцаа, хамаарлаа бодоод Монгол Улсын Засгийн газраас тэднийг Монголдт амьдрах зөвшөөрөл олгоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор, түүхч Э.Хаварцэцэг “Хазара Монголчууд бол Чингис хааны зүүн нутагт тархаан суурьшуулсан хүмүүс” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Идэр их сургуулийн профессор, түүхч н.Эрхэмбаярын тайлбарласнаар Чингис хааны ач хүү Хүлэг хааны үед эртний монголчуудыг цар, хазара, монгол гэсэн гурван угсаатанд хуваадаг байжээ.
Хазарачууд ялгаварлан гадуурхалтад өртдөг бас нэг шалтгаан нь тэд Төв Азийн түрэг угсаатнаас ялгаатай харагддаг аж. Тэдний царайны төрх нь ерөнхийдөө монголчуудтай ижил байдаг хэмээн Э.Хаварцэцэг мэдэгджээ.
Гэхдээ зарим хүмүүс орчин цагийн хазара, монголчуудыг хоорондоо хэт алсарсан гэж үздэг байна. Гэсэн ч “Хазарачууд өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж үздэг. Тэдн бидний нэг. Би хазарачуудыг Монголын нэг гэж боддог” хэмээн профессор н.Эрхэмбаяр мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр “Монголчууд тийм ч олуулаа биш учраас хазарачуудыг эх орондоо авчирах боломжтой гэж хувьдаа харж байна. Гэхдээ олон зуун жил салангид байснаар соёл, заншил нь ондоошсон. Тиймээс нэгнээ хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа хэрэгтэй. Түүнчлэн соёлын болон шашны зөрчил үүсэх эрсдэлтэй” хэмээн мэдэгжээ. Улс төрийн түвшинд хазарачуудыг хүлээн авах нь “Үндэсний аюулгүй байдалтай холбогдоно. Хэрэв бид хазарачуудыг татан авбал Талибан бүлэглэл Монголыг байлна гэж улстөрчид эмээж байгаа” хэмээн профессорууд тайлбарлажээ.
Н.Эрхэмбаярын хэлснээр зарим хазара оюутнууд солилцоогоор ирж, тэтгэлгээр суралцдаг байна. Түүнчлэн хазарачуудад туслах зорилгоор зарим монголчууд хандивын сан нээснийг ч дуулгажээ.