3 ихрийн ээж Б. Болортуяа: 3-н хүүхдээ яаж өөрийнхөө амиар солих вэ дээ гэхэд манай нөхөр “үгүй надад чи л хэрэгтэй байна” гээд зөрчил үүсч байлаа

Зургаан хүүхдийн ээж, тэр дундаа ховор заяах гурван ихэр хүүхэдтэй /хоёр хүү, нэг охин/, алдарт эх Б.Болортуяагийн бага хүүхэд есөн сартай бол том нь 18 настай.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Дөрвөн охин, хоёр хүүтэй тэрбээр “нөхрийн хамт хувийн бизнес эрхэлдэг ч одоогоор үндсэн ажил маань үр хүүхэд байна даа” гэсээр яриагаа эхлүүлсэн юм.
Аз жаргалын, гэр бүлийн хайр халамж, үр хүүхдийн хүмүүжил төлөвшил, эмэгтэй хүний гоо сайхан зэрэг гэгээлэг сэдвээр ярилцсан түүний ярианаас та хайр, эрч хүч мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
–Эмэгтэйчүүдийн баяр болж байна. Энэ баярын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Дуртай баяруудын маань нэг. Эмэгтэй хүн болж төрснийх өөрөөрөө бахархах, гоё сайхан эмэгтэйчүүдийг харах, ялангуяа хүчирхэг дайчин, өөртөө итгэлтэй, үлгэр дуурайл болсон эмэгтэйчүүдээс эрч хүч авдаг. Эмэгтэй хүн болгон дуртай байх аа.
Бид нэг өдөр эрчүүдээ зараад, тэрэнд баярлаад байгаадаа биш. Ирээдүйд энэ нь эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж сурах хүмүүжил, соёл, ёс суртахуун олгоно.
-Энэ өдөр эмэгтэйчүүд намайг яаж баярлуулах бол гэж хүлээдэг байх. Хүүхдүүд болон ханиасаа тийм зүйл хүлээдэг үү?
-Битүүхэн сэтгэлдээ хүлээдэг шүү. Цэцэрлэгээс хүүхдүүд маань цэцэг наагаад ирэхийг хүртэл хүлээдэг болчихсон. Энэ жил манай хэд юу наагаад ирэх бол гээд. Өөрсдийнх нь сэтгэл шингэсэн учраас их хөөрхөн санагддаг. Надад их баяр хөөртэй өгдөг дөө. Мэдээж хамгийн дуртай бэлгийг нөхөр өгдөг. Гэхдээ мэдээж албатай биш шүү дээ. Зарим үед гэртээ тойрч суугаад бялуугаа идээд өнгөрөх үе ч бий.
-Гэрийн эрчүүд эмэгтэйчүүдээ баярлуулах гээд гэрээ цэвэрлээд, хоол хийдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хоёр охинтой байхдаа нөхөр маань ганцаараа өглөө босоод хоолоо хийдэг байлаа. Гурван ихрийн маань хоёр нь хүү. Би одоо ханьтай болсон гээд л туслуулна. Хоёр хүү маань “Өнөөдөр эмэгтэйчүүдийн баяр. Энэ хэд маань хөдлөхгүй шдээ, аав аа. Гэрээ цэвэрлэнэ, тийм ээ” гээд л их хөөрхөн. Бид нэг өдөр эрчүүдээ зараад, тэрэнд баярлаад байгаадаа биш. Ирээдүйд энэ нь эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж сурах хүмүүжил, соёл, ёс суртахуун олгоно.
–Тэгэхээр хүйсийн онцлогоос шалтгаалаад охид хөвгүүд хүмүүжүүлэхэд мэдрэмжтэй хандах хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр манай гэр бүлд чи эрэгтэй, би эмэгтэй гэх хүйсийн дарангуйлал байхгүй ч эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа онцлог, үүрэг хариуцлагын талаар нэлээн нухацтай яригддаг. Хүйс хүйсний хүүхдүүдийн хүмүүжил үзэл бодол, сонирхолд нь их анхаардаг.
“Эр хүн өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Чи охидоо хамгаалж өөрийгөө баатар, хүчтэй гэж бод. Битгий сул дорой бай” гэж хөвгүүддээ хэлдэг. Хөвгүүд маань өөртөө итгэлтэй байж, эгчийгээ, ихрийгээ халамжлах ёстой юм байна гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Хайрлана гэж хий хоосон хэлэх биш, үйлдэл юм байна гэдгийг ойлгуулах юм сан гэж боддог.
Охидоо зөв сайхан эмэгтэй болоосой, өөртөө анхаардаг, хүний хань болох юм чинь ухаалаг болоосой гэж хүсдэг. Таван эмэгтэй нийлчихвэл бас л шаагина шүү.
-Гэр бүлийн харилцаанаас юунд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Бие биеэ хүндлэхгүй байх. Амьдрал болгон янз бүр. Миний үнэхээрийн дургүй юм бол хараалын үг. Тэр л их хүний сэтгэлийг эмтэлдэг дээ. Мэдээж ам мурийх юм байна. Хүүхдүүд орчноос, зурагт, кино гээд бүх л юмнаас муухай үгнүүдийг сурч байна. Гэр орондоо тэрийг хэрэглүүлэх дургүй. Нэг л удаа тийм үг сонсвол их уурладаг. Тиймэрхүү үг хэллэгт өршөөлгүй дээ.
Есөн сартай охинтойгоо цуг мөлхөөд явна, 18-ттайгаа хайр сэтгэл, үерхэл ярина.
-Хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилаасаа ярихгүй юу. Зургаан хүүхэд өсгөх амаргүй даваа шүү дээ.
-Чанга шүү. Бас нэг анги болчихож байна. 0-18 настай хүүхдүүдтэй учраас би сэтгэлзүйч болох хэрэгтэй болно. Энэ маань юунд гомдож баярладаг билээ, юу хүсэж мөрөөддөг билээ гэдгийг боддог. Хүүхдүүдтэйгээ найз байхыг хичээдэг.
Есөн сартай охинтойгоо цуг мөлхөөд явна, 18-ттайгаа хайр сэтгэл, үерхэл ярина. Шилжилтийн насандаа яваа дунд охиноо ойлгохыг хичээнэ. Зургаан настнуудтайгаа хамт бүжиглээд, хүүхэлдэйн кино үзээд л явна. Нөхрөө бас ойлгох гэж үзнэ. Маш олон ертөнц байна. Олон хүний аяыг тааруулах ур ухаан гаргана даа.
Яруу найрагч Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-т гардаг шиг ээж болгон олон мэргэжилтэй байдаг. Эмч, багш, оёдолчин ч болно.
Хүүхдүүдээ хамгийн гол нь зөв хүн болоосой, хүнд тусалдаг, бусдыг хайрладаг байгаасай гэж хүсдэг. Хүнийг хайрлаж, зөв бурууг ялгаж сурвал зөв голдиролдоо орчихно. Мэдээж боловсрол хэрэгтэй. Гэхдээ мундаг онц дүн аваад байдаг хэрнээ дээрэлхүү зантай байснаас биеэ зөв аваад явдаг, бусадтай зөв харилцдаг байгаасай гэж боддог. Хүчирхэг, зөв бодолтой, хайр дүүрэн хүмүүс болоосой гэж хүсдэг дээ.
-Гурван ихэр хүүхэд төрүүлж, өсгөх амаргүй байв уу?
-Гурван ихэр хүүхдийг олно, тээнэ гэдэг хамгийн сайхан аз жаргал байсан. Гэхдээ тээж төрүүлэхэд их ядарсан. Өсгөнө гэдэг нүсэр ажил шүү. Гэхдээ даваад гарсан. Одоо сайхан байна өө. Ер нь чанга чанга. Одоо зурнаа настай, ирэх намар сургуульд оруулна.
Гурван ихэр тээх их эрсдэлтэй байсан. Би өрөө юу, гурван ихэр үү гэсэн ч үе байсан. Би юу гэж гурван хүүхдээ өөрийнхөө амиар солих вэ гэхэд манай нөхөр “үгүй надад чи л хэрэгтэй байна” гээд зөрчил үүсч байлаа. Хүмүүс хэчнээн “ямар сайхан юм бэ” гэж хэлж байсан ч дотроо “Би эрүүл саруул төрж чадах болов уу” гэж их эмээж байсан.
Гурав маань төрөөд нялх нялзрай байхад нь “яана аа бүтэх болов уу, өвдчих болов уу” гэж маш олон юм бодож байлаа. Энэ болгонд сэтгэл зүрх урагдана. Хүн ерөөсөө сэтгэл зүрхээрээ эрүүл байвал эрүүл харилцаа үүсдэг юм байна.
-Ихрийн удам байгаа юу?
-Ихрийн удам байна. Ихэр хүүхэдтэй болоод судалсан чинь харин хоёр талдаа удамтай юм билээ.
-Таныг зургаан хүүхэдтэй гэхээр хүмүүс гайхаж, сайхан эмэгтэй юм гэх үгийг харамгүй хэлдэг болов уу?
-Манай монгол ээж нар сайхан шүү. Тэдний нэг болоод мөр зэрэгцэн алхаад хүмүүст тэгж хэлүүлэх сайхан байлгүй яах вэ. Ээж болгоны сонсох дуртай үг. Тэр их ажлын хажуугаар яаж ингэж биеэ авч явж байна вэ гэж хэлдэг. Сайхан эерэг энерги өгдөг шүү.
-Сайхан байхын нууц?
Сэтгэлзүй эрүүл байвал гоо сайханд нөлөөлнө. Гоё сайхан байснаар нөхрөө, гэр бүлээ чимнэ.
-Энгийн шдээ. Өөрийнхөөрөө байх. Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг хүндлэхгүй бусдад хүсэл мөрөөдлөө тулгах биш өөрөө өөртөө захирагддаг, тэрэндээ сэтгэл ханадаг, бусдаас сайхныг мэдэрдэг байх хэрэгтэй.
Муухай юмтай эвлэрч болохгүй. Охид ч гэсэн биеэ авч явахад суралцах хэрэгтэй. Өөрийгөө муухай авч явбал түүнтэйгээ эвлэрээд, цаашдаа тийм л хандлагатай байх болно.
Бас сэтгэлзүй эрүүл байвал гоо сайханд нөлөөлнө. Гоё сайхан байснаар нөхрөө, гэр бүлээ чимнэ. Ингэхээр хүн болгон янз бүрээр ойлгодог л доо. Эмэгтэй хүн ухаантай сайхан явалгүй яах вэ. Эмэгтэй хүнийг гоо сайхан, төгс төгөлдрөөр л дүгнэдэг. Хүн болгон гоо сайхан явах юм сан гэж хичээх хэрэгтэй.
Өөр нууц бол дасгал хөдөлгөөн. Усанд сэлэлтээр олон жил хичээллэж байна. Таван хүүхэдтэй байхдаа фитнесст тэмцээнд орох хүртлээ явж байгаад хэдхэн хоногийн өмнө булчингаа тоолоод больж байлаа. Аэробек, фитнесс, усанд сэлэлт, ууланд алхалтаар хичээллэдэг.
Хоол зөв байх ёстой. Гэртээ бид газтай ундаа уухгүй, чихэр, хэт их тослог шарсан хуурсан юм бараг идэхгүй дээ. Эрүүл монгол хоолоо иднэ.
-Та гэр бүлдээ анхаарал тавихаас гадна өөртөө цаг зарцуулж амжиж байна уу?
-Аль болох бага ч гэсэн цаг зав өөртөө гаргахыг хичээдэг. Ар гэрийн ачааллыг зөв зохицуулж өөрийгөө хөгжүүлж, сэтгэл санаа өөдрөг, ухаан саруул байх нь эргээд үр хүүхэд, гэр орон гэрэл гэгээтэй халуун дулаан байх үндэс нь болдог.
Зөвхөн дасгал хөдөлгөөнөөр болохгүй юм байна. Хоёр сургууль төгссөн ч дахиад боловсрох хэрэгтэй. Мартагдаж, зэвэрч байна.
Хүүхдүүддээ хэрэгтэй богино хугацааны эрчимтэй сургалтуудад хамрагдаж байна. Би олон охинтой юм чинь өөрөө ч будаж суръя гээд нүүр будалтын сургалтад суулаа.
Амлалтаа биелүүлэх дүрэм хатуу. Том охин гадагшаа гарахад төдий хугацаанд явна гэсэн л бол хугацаандаа ирэх ёстой. 30 минут, цаг хоцорвол дараа нь явуулдаггүй. Энэ нь хариуцлагатай байхын эхлэл.
Бид өнөр өтгөн наймуулаа. Тиймээс дээл хувцас хийж суръя гээд оёдлын дамжаанд суралцсан.
Бас сэтгэлзүйн номнууд уншиж байна. Дасгал хөдөлгөөн, бүжиг гээд сурахгүй юм алга. Богино, эрчимтэй, хурдан сонирхолтой юманд сураад, хүүхдүүддээ зааж өгөх нь миний ертөнц болоод байна. Шинэ зүйл сурах нь миний хувьд баяр баясгалан.
–Зарим гэр бүл бяцхан дүрэмтэй байдаг юм билээ. Харин танайх?
-Дүрэм журамгүй нийгэм гэж үгүй. Манайд үйлдчилдэг хамгийн гол дүрэм нь утас үзэхгүй байх. Хааяа нэг богино хугацаанд л үзэхийг зөвшөөрнө.
Амлалтаа биелүүлэх дүрэм хатуу. Том охин гадагшаа гарахад төдий хугацаанд явна гэсэн л бол хугацаандаа ирэх ёстой. 30 минут, цаг хоцорвол дараа нь явуулдаггүй. Энэ нь хариуцлагатай байхын эхлэл.
Худлаа яриад ямар нэг юм хэрэглэх, авах, утсаа үзэх гэвэл зөвшөөрдөггүй.
Хүүхдүүдийн ажлын хуваарийн бяцхан дүрэмтэй. Нэг нь дүүгээ харна, нөгөө нь гэрээ цэвэрлэнэ. Орой болгон ээлжилж аяга, тавгаа угаана. Гурван ихэр үүдээ янзална, гаднаас орж ирээд шүүгээнд гутлаа заавал хийнэ гэдэг дүрэмтэй. Хоолоо идээд аягаа хураана. Хоолыг гал тогооны ширээн дээр иднэ гэх мэт жижиг ч гэсэн дүрэм үйлчилнэ. Тэгэхгүй бол олон хүүхэд тус тусдаа дур зоргоороо аашлах гэнэ шүү дээ.
Мөн хүн хүнд таарсан орон зай, хүсэл мөрөөдөл, хэлэх үгийг үлдээж өгөх хэрэгтэй гэж боддог. Хурааж байгаад нэг хуралдана.
-Хүүхэд болгон өөрсдийн гэсэн сонирхол хоббитой байх…
-Том охин маань хөгжим сонсоно, ухаарлын юмнууд уншина. Айлын том хүүхэд хэвлүүхэн, ээжийнхээ араас ордог юм байна. Би гэхээс илүү дүү нар минь, аав, ээж минь гэдэг. Хүсэл мөрөөдөл нь их л золиослогдож байна. Дуртай юм их байдаг боловч тэрийгээ хөгжүүлээд явах цаг нь бага. Ээжтэйгээ ачааг үүрэлцэж байна.
Хоёр дахь охин бие даасан. Сонирхол нь чамбай. Хэл үзэх дуртай. Хөгжим, бүжигт авьяастай. Бүжгийг 5-10 минутын дотор л сурчихдаг.
Манай нөхөр найзынхаа дүү охинд дурлаж болохгүйдээ гэж их хичээсэн ч хайраа дийлээгүй юм. Бид хоёр найзлаад, гэрийнхнээсээ бүтэн жил нуулаа. Яах аргагүй баригдаад, амьтан хүн цочоод л…
Хоёр хүү бол машинд, нэг нь робот, нөгөө нь эвлүүлдэг тоглоомд дуртай. Гурван ихрийн охин бол ёстой мэдэхгүй. Гайхаад анзаараад л байна. Гоё л хувцсанд дуртай хүн дээ. /инээв/ Хэн нэгэн нь нэг л шинэ юм өмссөн бол андахгүй. Их гярхай. Гоё сайхан юманд нэлээн дуртай. Бага яах вэ дээ, мээмэнд л дуртай даа.
–Та нөхрийнхөө талаар ярихгүй юу. Хэрхэн танилцаж, гэр бүл болсон бэ?
-Энэ амьдралын тулгуур бол хань. Эмэгтэй хүний гэрэл гэгээтэй арьс, нүүрэнд тодорсон инээмсэглэл ханийн л сайхных. Нөхрийг маань Эрдэнэбаатар гэдэг. Бид хоёр чацуу.
Ахын маань найз л даа. Бүр багаас л манайхаар орж гардаг байсан. Уг нь манай нөхөр найзынхаа дүү охинд дурлаж болохгүйдээ гэж их хичээсэн ч хайраа дийлээгүй юм. Бид хоёр найзлаад, гэрийнхнээсээ бүтэн жил нуулаа. Яах аргагүй баригдаад, амьтан хүн цочоод л… /инээв/ Тэгээд л гэр бүл болсон доо.
Нүдээрээ инээсэн уул шиг л сайхан залуу. Олон хүүхэдтэй болсон чинь манай нөхөр л хоол хийдэг болсон. Тэгэхээр надад цаг гараад их сайхан байна. Намайг хайрлаж байгаагийн хэлбэр байх.
-Эхнэр нөхөр хоёр нэг зорилго, нэг зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу?
Нэг нэгнийхээ дэмжигч нь байя. нэг нь үйлдэл хийдэг, нөгөө нь хүч өгдөг байя гэж боддог.
-Мэдээж хоёулаа нэг зүгт харж байж хол явна. Миний амьдрал дардан байсангүй. Хоёулаа л тэгээс эхэлсэн. Байгаагаас хайр л байлаа. Хайр маань үржээд зургаа боллоо.
Манай гэрийн гол зорилго нэг байя гэж шийдсэн. Тэрэндээ хүрэхийн тулд нэг нэгнийхээ дэмжигч нь байя. нэг нь үйлдэл хийдэг, нөгөө нь хүч өгдөг байя гэж боддог. Хэн нэгнээ хайрлаж, хүндэлж байгаа бол атгасан гар шиг л бай гэж хүүхдүүддээ хэлдэг. Миний тэр үзэл бодол буруудаагүй.
Би хоёр хүүхэд төрүүлээд одоо болсон, би ажил хийнэ гээд өөрийгөө урдаа тавьсан бол өнөөдөр хувийн бизнес маань ямар байх байсан юм билээ мэдэхгүй. Манай гэр бүлийн онцлог нэг цул байж, хэн хэнээ ойлгодог байя гэдэг зарчимтай. Мэдээж өөрийн мөрөөдөл, хобби, хүсэл сонирхол байна. Тэрийг хүндэлж үзэх хэрэгтэй.
-Таныхаар аз жаргал юун дээр тогтдог вэ?
-Жаахан байхдаа их том юмаар төсөөлдөг байлаа. Том сургуульд ороод эмч болоод, халат өмсөөд, гоё машин унаад, гоё хувцас өмсөнө гэж мөрөөддөг байсан. Одоо элэг бүтэн амьдрал, хүүхдүүд эрүүл байх, инээд хөөрөөр цалгих нь аз жаргал юм даа. Аз жаргалын хэмжүүрт олон юм бий. Сайхан амьдралтай нуруу тэнэгэр байхад мөнгө ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Хамгийн гол нь хүний сэтгэл эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байна гэдэг ямар нэгэн дарамтгүй, гол нь гэр бүл үр хүүхдийнхээ сэтгэлийг битгий шархлуулаасай, битгий урчихаасай гэж боддог. Сэтгэл тайван байна гэдэг хамгийн сайхан аз жаргал гэдгийг мэдэрч байна.
Хүн болгон аз жаргалыг олон өнцгөөс хардаг байх.
Охид аав шигээ хүнийг сонгодог учраас аав нь сайхан байх хэрэгтэй
Манайханд нэг алдаа бий. Сэтгэл санааны дарамтад орохоороо тэрийг гэр бүлдээ очиж гаргадаг. Асуудал байвал хүүхдүүдийнхээ хажууд ярихгүй байя гэдэг журамтай байх хэрэгтэй.
-Охид ааваараа ирээдүйнхээ ханийг төсөөлдөг…
-Миний нөхөртөө хэлдэг ганц юм бол тэр. Ер нь охид хэн нэгнийг сонгох, хэн нэгнийг хүлээн зөвшөөрөх хэмжигдэхүүн нь аав байна. Тэгэхээр “Чи охидоо маш сайхан хайрлах хэрэгтэй. Чи муу муухай л байх юм бол охид маань түүнтэй эвлэрч амьдарна. Сайхан юмыг мэдрэхгүй байхаараа муухай юмыг хэвийн юм байна гээд муу хүнийг хүлээн зөвшөөрөөд сурчихна” гэж хэлдэг.
Муу хүнийг байх л асуудал, би үүнийг тэсээд тэвчээд гарах ёстой гэдэг үүднээс ханддаг болчихно.
Нэг залуутай үерхтэл нөгөө нь муухай харааж, гар хүрдэг байлаа гэж бодъё. Гэтэл тийм явдал өөрийнх нь өдөр тутмын хэвийн амьдралд байдаг бол дургүй байсан ч сэтгэл зүй, ухамсраараа тэсэж тэвчээд гарч ирээд сурчихсан, бэлтгэгдсэн байдаг. Тэсэх ёстой гээд өөртөө ялагдаж сурна. “Охидоо маш сайхан хайрла” гэдэг. Нөхөр маань охиддоо илүү халамжтай болж, эрэгтэй хүний талаар ярилцаад үлгэр дуурайл болж байна.
Охид аав шиг хүн сонгодог учраас аав сайхан байх хэрэгтэй гэж боддог. Залуучууд ч үүн дээр бодолцох хэрэгтэй. Эмэгтэй хүнийг хайрлаж байж л тэр хүнээс хайр ирнэ.
-Таны амьдрал тэг цэгээс эхэлсэн гэсэн. Тэр талаар дурсахгүй юу?
-Энэ талаар ярих хөгжилтэй санагддаг. Бид хоёрын амьдрал бүр тэг байтугай хасахаас эхэлсэн. Ах маань эвлүүлж байгаад машин өгөөд, нөхөр маань тэр машинаараа халтуур хийдэг байлаа. Уг нь хоёулаа боловсролтой. Тэгээд сургуулиа төгсөөд Иргэний нисэхэд ажилд орсон. Том байгууллага ч гэлээ 150 мянган төгрөгийн цалинтай, орон байргүй, хоёр нялх хүүхэдтэй байлаа.
Амьдрал хэцүү байна, хоёр хүүхэдтэй л байвал боллоо, ахиж хүүхэдтэй болохгүй гэж огт ярьж байсангүй.
Том охиноо хүүхэд настайгаа эцэг эхтэйгээ үүрч дүүрээд өсгөчихсөн. Хоёр дахь охиноо төрөхөд нь ажилд орж байр хөлсөллөө. Нөхөр маань өдөртөө ажилдаа явж шөнөдөө халтууранд яваад улаан нүдлээд дандаа ажлаасаа хоцорно.
Гэхдээ ажил сайн хийдэг байсан болохоор үргэлж шагнуулдаг байлаа.
Ширхгээр живх авч, хүүхэд өвдвөл эмээ ширхгээр нь аваад болгодог байсан. Хоёулаа ажил л хийхгүй бол болохгүй гэж ярьдаг байснаас амьдрал хэцүү байна, хоёр хүүхэдтэй л байвал боллоо, ахиж хүүхэдтэй болохгүй гэж огт ярьж байсангүй.
-Хүмүүс олон хүүхэдтэй болохыг хүсдэг ч тэжээж чадахгүй гээд төрүүлдэггүй гэдэг. Үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Хүмүүс нэг юм уу хоёр хүүхэдтэй болоод л хангалттай. Нэмж хүүхэд төрүүлбэл тэжээж дийлэхгүй гэдэг үзэл байдаг. Энэ бол бүх юмыг нь бэлдэж байгаад төлөвлөөд хүүхэдтэй болох европ заншил байх. Маш сайн төлөвлөгөө байх. Гэхдээ амьдрал бас төлөвлөснөөр болдоггүй. Би “одоо болсон. Хүүхэд төрүүлэхгүй, тэдэн хүүхэдтэй байхад л болно” гэж хязгаарлаагүй.
Хувийн бизнест ороод унаж босч л байлаа. Мөнгө төгрөгөө алдаж, ажил хийгээд мөнгөө авч чадахгүй үе байсан. Нэлээн хүндрэлтэй жил том охиноо дагуулаад ажлаар хөдөө явсан юм. Аав нь машин янзалж байгаад охиноо тамхинд гүйлгэв. Тэгтэл охин дэлгүүр орж ирчихээд “Пээ, аавын тамхи ямар үнэтэй юм бэ? Май, “Алтан навчис” тат” гээд өгч билээ. /инээв/ Аав нь харснаа яаж ч чадалгүй “За за” гээд татаад дуусгасан. Зовж олсон мөнгөнийхөө талаар тамхи авчихвал ямар хэрэг байх вэ л гэж бодсон байх.
Манайх өнөөдөр мөнгөгүй байна гээд хэлэхэд хүүхдүүд хүртэл ойлгодог. Ядаж юмыг хараар харахгүй, түүнээс гарах ухаанаа олоод харчихдаг.
-Гэр бүлийн хүнд хэцүү цаг үед бие биеэ хэрхэн түшиж тулдаг вэ?
-Хүнд хэцүү цаг үед бие бие маш сайн ойлгож байх хэрэгтэй. Манайх хэцүү байна, талхгүй байна гээд жийлцээд байлгүй энэ асуудлыг хэрхэн шийдэж, яаж даван туулахыг ярилцах хэрэгтэй. Нөхөрт маань ямар нэг асуудал тулгарвал бид харцнаас нь шууд ойлгодог. Гарцыг нь ярилцаж, болно бүтнэ гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна. Бид элэг бүтэн, эрүүл саруул байна. Тэр ачааг зөв үүрэлцэх хэрэгтэй. Хоосон байгаа гэр бүлээ харж стресстэхээс илүү намайг ойлгож, хайрлаж байгаа гэр бүл байна гэдгийг мэдэрч байвал их хүч өгнө.
-Гэртээ ороход хүүхдүүд “Ээж ээ, аав аа!” гээд л орилолдоод гүйгээд ирдэг гоё мэдрэмж байдаг байх?
-Тэр мэдрэмж хамгийн гоё. Би гэр рүүгээ үргэлж яардаг. Олон хүүхэд яана аа, яаж амарна аа гэж боддоггүй. Хонх дарангуут цаанаас пир пир гээд олуулаа гүйлдээд, хэн нь мэдэгдэхгүй чарлалдана. Бүгд л энд тэндээс тэврээд шаагиад, олон жил уулзаагүй хүмүүс шиг байдаг. Дараа нь цүнх, тор руу харна. Жаахан ч гэсэн юмтай ордог. Тэр бол хүүхдийн сэтгэл. Гоё дурсамж үлдээнэ. Ээж нь дандаа мөнгөгүй шдээ гээд байвал онцгүй. Мөнгөгүй байсан ч бохь ч болтугай аваад ордог. Хүнд дурсамж л үлдэнэ. Ээж маань тийм гоё юм авчирдаг, тэрэнд нь дуртай байж билээ гэж дурсаасай.
Хүнтэй зөв нөхөрлөж сур, муу байвал мууг нь хэл, хатуу, зоригтой байж сур гэдэг.
Тэр бүхнээс л хайр үүснэ. Ээжийн юм болгон гоё санагддаг юм шиг байгаа юм. Байхгүй үед гэрийн хувцас хүртэл өмсчихдөг. Үнэр нь үнэртдэг юм уу мэдэхгүй. /инээв/
-Хүүхдүүддээ та юу захиж хэлдэг вэ?
-Гол нь зөв хүн болох, бусдыг хайрлах, хайр дүүрэн хүн болоорой гэж захидаг. Тэвчээртэй болоорой. Тэвчээр бүгдийг ялдаг. Бусдыг хайрлаж сур, амиа битгий бод. Хүнтэй зөв нөхөрлөж сур, муу байвал мууг нь хэл, хатуу, зоригтой байж сур гэдэг. Аливаад тэвчээртэй байж сур. Маш сайн бодож төлөвлөөд, зорилго тавь. Байнга том юм бодож битгий шантраарай. Зорилгодоо алхам алхмаар хүр.
–Эмч болно гэж мөрөөдөж байсан гэдэг. Одоо ямар мэргэжилтэй вэ?
-Төлөвлөснөөр болдоггүй юм билээ. Эмч болно гэж мөрөөдөж явснаа Санхүү эдийн засгийн дээд сургуульд орсон, санхүүгийн мэргэжилтэй хүн. Сонголт өөрчлөгдсөн ч багаасаа хүсэж байсан мөрөөдөл маань одоо ч байдаг. Гэхдээ одоо би харамсдаггүй. Эргээд харахад миний хүсэл мөрөөдөл олон салаа болж дэлбээлж байна. Хүн ганц юм мөрөөдөхгүй. Биеэ хуваачихмаар санагддаг байлаа.
Миний хүрч чадаагүй мөрөөдлийг хүүхдүүд маань хийж биелүүлээд ирэхээр их баярладаг юм байна.
Тэгтэл одоо том охин маань эмч болох гээд АШУИС-ийн нэгдүгээр дамжаанд суралцаж байна. Би бүжиг, төгөлдөр хуур хөгжимд маш дуртай. Дунд охин маань төгөлдөр хуур хөгжмөөр суралцаж, бүжгэнд маш авьяастай, эвсэлтэй, хөдөлгөөний мэдрэмжтэй. Тэрийг би хараад үнэн сэтгэлээсээ баярладаг. Миний хүрч чадаагүй мөрөөдлийг хүүхдүүд маань хийж биелүүлээд ирэхээр их баярладаг юм байна. Хоёр хүү маань барилдана. Чин сэтгэлээ тавьж үзнэ. Миний мөрөөдөл олон талаар биелж байна.
-Таныг “Одонтой ээжүүд” фэйсбүүк группийн гишүүн гэж сонссон юм байна?
-Энэ группт ороод олон сайхан ээжүүдтэй танилцлаа. Их гэгээлэг групп. Бусад групптэй харьцуулбал илүү их хайрлаж, ач холбогдол өгч, сэтгэлээ зориулж, гар нийлж ажиллана. Нийгэмд байгаа олон хүүхэдтэй ээжүүдэд сэтгэлийн дэм өгч, өөрийгөө хаяхгүй, гээхгүй байх ухаан өгөх юм сан гэж хичээдэг. Өөрийгөө авч яваад сурчихвал үр хүүхдэдээ түүртэх нь багасна. Амьдралдаа түүртэхээ больж хүчтэй зоригтой тэвчээртэй болно.
Олон хүүхэдтэй болно гэдэг том ачаа. Ээжүүдийн нийгэмд үүрч байгаа ачааг нь сэтгэлзүйн хувьд хөнгөлж, сургалтуудад хамрагдаж, нэг нэгээсээ эрч хүч авч суралцдаг. Ээж зөв байвал үр хүүхдүүд зөв хүмүүжнэ. Ээжүүдээ гэрэл гэгээтэй ертөнцөд авчиръя гэж боддог. Эх хүн болно гэдэг хамгийн сайхан мэдрэмж.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд болон гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье.