зөвлөгөө

Ш.Чимэдцэеэ: Би чинь улсын зарц явлаа шүү дээ

Монголчууд “энгүй” гэх үгийг зах хязгааргүй, тоо томшгүй, тоолж баршгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Энгүй хүчтэн, энгүй уудам гэж ярих нь бий. Тэгвэл манай сонины зочны хойморт их талын энгүй хоолойтон Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ уригдлаа. Түүний хувьд дуучин хүний хоолойн царааг шалгасан гурван октавтай дууг зохиож дуулсан дэлхийн хэмжээний цор ганц дуучин юм. “БУРХАН НАС ХАЙРЛАЖ, ЧӨТГӨР ЧӨЛӨӨ ӨГЧ БИД ХОЁР САЙХАН АМЬДАРЛАА” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ДАА

-Дуу, дуучин хоёр нутгаа дуурайж төрнө гэсэн эртний ерөөлтэй үг буй. Ярилцлагаа таны өсөж төрсөн нутаг усны тань хууч яриагаар эхлүүлье?

-Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолой гэдэг газар төрсөн хүн дээ. Зуны сайхан дэлгэр цагт Хоолойдоо очиж дуулна. Дуулахаар соно гэж сайхан амьтан хураад ирнэ. Өнгө, өнгийн соно олноороо цуглах ямар гоё гэж бодно. Дуулсны дараа яваад өгдөг. Би тэгээд боддог юм. Энэ газар төрөөгүй байсан бол би ийм анзааны дуучин болох байсан болов уу гэж. Хүй цөглөсөн нутаг, хүн хоёр хоорондоо яахын аргагүй холбоотой юм даа. -“Тэнгэр ээж минь өршөө” гэсэн таны тарни мэт дуу байдаг. Энэ дуугаа та ээждээ зориулж бүтээсэн гэдэг. Ээжийнхээ тухай дурсан яриач?

-Миний ээж хөдөөний малчин хүн шүү дээ. Тийм боловч олон түмэндээ ихээ танигдсан нэгэн байжээ. “Урдуур гарсныг ундаалж, хойгуур гарсныг хооллодог” нутаг орондоо ааш зан сайтайгаараа гойд танигдсан хүн байлаа. Мөн царай зүсний хувьд гайхалтай үзсгэлэнтэй хүн байв. Миний дэргэд ёстой хүүхэн шиг хүүхэн байсан гэдгийг гоцолж хэлмээр санагддаг. Одоо үед хүүхнүүдийг мисс энэ тэр гэж өргөмжлөх юм. Миний ээжийг сайхан өргөн ташаатай хүүхэн гэж ярьдаг байсан. Тэр үеийн л хэллэг байж л дээ. Одоогоор бол нарийн тайлтай, нүд хөмсөг болсон, инээд алдсан, харахад хачин сайхан эмэгтэй байв.

-Сайхан дуулна биз?

-Малчин хүнд л байдаг онцгой нэг ур чадвар бол малаа урьж дуудах эгшиглэнт аяс билээ. Миний ээж хонь тойглох, үнээ өөвлөх, хурга ишиг хоолбойлох, тугал гүүргийлэхдээ гойд нэгэн байсан. Энэ бүгд тэр хүнийг хэр сайхан хоолойтойг шалгаж байгаа шалгуур шүү дээ. Манайх хоньтой бригадын айл байлаа. Ээж минь хаваржин хонь тойглоно. Тойглосон хонь хурга бүр нь эх, үр болно. Сайхан хоолойн хүч, гайхамшиг гэж аугаа юм даа. Малын зүрх, тархинд тэр л уянгыг ойлгуулж чадаж байна гэдэг гойд зүйл байгаа биз. Тайзан дээр ээж минь гарч дуулж байсангүй ээ. Арван гурван хүүхэд төрүүлж өсгөжээ, ээж минь. Бид ар өврөөс нь зүүгдсээр байгаад л насыг нь элээсэн дээ хөөрхий. Хааяадаа ээжийгээ бодохоор өрөвдөж л байдаг юм. Тэглээ гээд яахав. Намайг өдий зэргийн төрүүлсэнд нь хачиншүү их баярлаж явдаг даа. Таны аав лам хүн байсан гэдэг. Үнэн үү?

-Миний төрсөн аав бол лам хүн байсан. Манай нутагт Хурдан даяанчын хийд гэж байсан, одоо ч туурь нь бий. Аав таван настайдаа тэр хийдэд шавилан сууж, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр лам хар байхын эцэсгүй болж, цэрэгт явсан байдаг. Ирээд манай ээжтэй суусан юм байна лээ. Хүний л амвдрал хойно хоёр тийш болж, ээж минь миний дүү нарын аавтай суусан. Олон сайхан үр хүүхэдтэй болсон. Дүү нарын маань аав сайхан хүн байсаан. Томоотой, нуруутай, манай ээжээс нэлээн дүү. Гэхдээ дүү гэж ялгагдахааргүй буурь суурьтай хүн байсан. Сүүлд дүү нарын маань аав “Бурхан нас хайрлаж, чөтгөр чөлөө өгч бид хоёр сайхан амьдарлаа” гэж хэлж байсан даа. Үгүй мөн сайхан үгээ. Ер нь эргээд бодож байхад “Сайхан байхын шагнал ч гэж байдаг, сайхан байхын зовлон ч гэж байдаг юм боловуу даа хорвоо” гэж боддог юм. Миний ээжийн шагнал бол тэр хүн байсан даа, сайхан ч амьдарсан. Сайхан байхын зовлон гэдэг нь…

-Өө яахавдээ, одоо бол өөр шүү дээ. Миний ээжийг залуу байхад үлгэр домог шиг л юм болдог байлаа. Наадам болно. Тэгэхэд миний ээжийн нэрийг хэлээд “За өнөөх чинь наадамд ирсэн л байгаа даа. Тэр хүүхнийг л харна” гэж нутгийнхан нь ярьдаг байж. Зүгээр л тийм сайхан хүүхнийг харснаар наадам үзсэний хэрэг гарах нь байна шүү дээ. Тал нутагт таны тухай цагтаа “Морьтой явсан нь бууж, явган явсан нь сууж хардаг байсан” гэх яриа байдаг байсан юм билээ?

-Инээв. “Морьтой хүн бууж хармаар, явган хүн сууж хармаар тийм сайхан хүн ” гэдэг ардын үг байдаг шүү дээ. Яахав, тэр үгийг л оруулаад ярьж байхгүй юу. Надад зориулсан бус эрт дээр үеийн л ийм үг байсан. Би ч нэг их сайхан амьтан бишээ, ээжийнхээ дэргэд бол юу ч биш. Ер нь одоо үед суурин газар сайхан байна гэдэг бол өөр хэрэг. Тэгэхэд малчин хүн сайхан төрхөө хадгална гэдэг заяагдмал юм даа. “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг” үгтэй шүү дээ. Сайхан төрөхөд нүдний хор орох гэмтэй. Цагаан хэл ам гэж хараасаа илүү юм болох юм байна шүү дээ. Тэрийг нь даах, даахгүй гэж бас байна. Би өөрийгөө хэлээд байгаа юм биш шүү. Ер нь амьдрал тийм байх магадлалтай. Сайхан төрөхөд таарсан зовлон байдаг байх гэж боддог юм.

МАНЬ МЭТ ЧИНЬ УЛСЫН ЗАРЦ ЯВЛАА

 

-Та урлагийн зам мөрөө хэдэн наснаасаа тавьж эхэлсэн бэ. Дарьганга нутагтаа хар багаасаа нэрд гарсан гэж сонсож байлаа?

-Биднийг бага байхад Илгээлтйин эзэн гэж байлаа. Илгээлтийн эзэн хүнийг суурийн ахлах болгодог. Суурийн ахлах хүн чинь мянган малтай хоёр айлыг толгойлно гэсэн үг. Хонь их тойглоно. Намайг хэн таних билээ. Бригадын хэдэн хүн л танина. Би ч бүрэг дорой гэж жигтэйхэн амьтан байлаа. 1974 оны хавар чангахан болж, төллөлтийн үеэр хургаа голсон хонь их байлаа. Ер жилбэгүй хургалаад хонь хургаа голоод болдоггүй ээ. Их ч хонь тойглолоо. Тэгсэн тэр ойр орчмын улсууд “Өө эдний бүсгүй л сайхан хоолойтой. Тойглосон хонь нь хургаа амархан авч байна” гээд л дундаа их ярьж л дээ.

Тухайн үед манай сумын клубын эрхлэгч Дандар гэж хүн байлаа.Тэгтэл тэр хүний чихэнд хүрчихжээ, нөгөө яриа чинь. Хонь дөнгөж төллөөд дуустал намайг “Сумын төв дээр дуудаж байна” гэсэн хэл ирлээ. Арван хэдтэй хүүхдэд чинь сум орох сайхан шүү дээ. Сум ортол “Урлагийн үзлэг болно. Сумаасаа шалгарвал аймаг, аймгаасаа улсын наадамд явах шаттай” гэж байна. Ингээд урлагийн үзлэгт нь бэлдэх маягтай суманд очиж, хамаатныхаа айлд суулаа, хэд хоног. Урлагийн үзлэгтээ ч орлоо. Улмаар Дорноговийн бүс, улсдаа шалгарч, алтан медаль авлаа. Хүний хувь тохиол гэдэг сонин доо. Надад тийм хувь зохиол таарсан. Юу гэвэл, Улаанбаатарт улсын наадамд оролцохын өмнө уртын дуучин биш уртын дуучин болох магадлалтай хүмүүсийг хотод зургаан сарын курст явуулахаар болж, би түүнд нь багтсан юм. Удалгүй улсын урлагийн үзлэг ч болж, давхар, давхар үйл явдал тохиож дуучин болох замдаа орсон доо. Тэр цагаас эхлээд Улаанбаатарт дуучин болохоор ирсэн хэрэг үү?

-Үгүй ээ, сайн ойлгох хэрэгтэй шүү. 1974 оны есдүгээр сард нөгөө уртын дууны курс маань дөрвөн сарын хугацаанд сургаад төгсгөлөө, биднийг. Бид гэдэг нь Ардын жүжигчин С.Нэргүй, Хэнтий аймагт амьдарч байгаа уртын дуучин, гавьяат жүжигчин Ж.Нансалмаа, Говь-Алтайд байгаа гавьяат жүжигчин Г.Тэрбиш зэрэг үсээ хоёр салаа сүлжсэн, самар цөмөхөөс өөрийг мэдэхгүй хэдэн хүүхдүүд байсан даа. Тэгээд биднийг төгсөхөд намайг чуулгад үлдээнэ гэнээ. Тэгэхээр нь би үлдсэнгүй. Яагаад?

-Нутгаа санаад, хөдөөгөө санаад л..

-Тэгээд нутаг руугаа явсан уу?

-Тэгтэл аав маань /Миний төрсөн эцэг сүүлд хотод ирсэн, Төмөрзамд машинист хийдэг байлаа. Сүүлд ардчилал ч гарч, ах, бид хоёрт “Лам болмоор байна” гэдгээ хэлээд Ламиран дацанд суусан хүн байгаа/ намайг дагуулаад Цэргийн ансеймблд очиж, шалгууллаа. Цэргийн хувцас нь ч их таалагдаж байв. Тухайн үед Д.Мяасүрэн гуай тэргүүтэй хэдэн хүн шалгаж байлаа. Би ч шалгуулаад гологдоод гарсан юмаа. Хөдөөгөө явах дуртай байсан хүн чинь Сүхбаатар руугаа зам шулуудаад яваад өглөө. Ингээд л Сүхбаатар аймгийн Соёлын ордонд 1975 оны нэгдүгээр сарын 5-нд ажилд орж, тэр цагаас тайзны хүн болсон доо. Таныг залуу байхад Соёлын ордныхон аймгуудаар урлагийн тоглолтыг утгаар нь хийдэг байсан байх даа?

-Тэгэлгүй яахав, улсын төлөвлөгөө биелүүлэхийн тулд Соёлын яамнаас маршрут гаргаж өгнө. “Сүхбаатар аймгийн Соёлын ордныхон Баян-Өлгий, Увс, баруун аймгуудаар тэдний өдрүүдэд явна. Ховд аймгийн Соёлын ордныхон Сүхбаатар, Дорнод, Дорноговийн аймгуудаар тэдний өдрүүдэд явна гээд зөрүүлээд маршрут гаргаж, улсын төлөвлөгөөгөө биелүүлдэг байлаа. Мань мэт чинь улсын зарц байлаа.

-Тэр үеийн сэтгэлд буусан дурсамжаасаа хуваалцаач?

-Хэнтий аймгийн сумдаар өвлийн цагаар явж байсан санагдаж байна. Нэг аймгийн зарим сум чинь хоорондоо холгүйхэн зайтай байдаг шүү дээ. Тоглолтыг залуучууд үзнээ. Эхний сумын тоглолт үзэж байсан залуус дараагийн сум руу давхиж очоод дахиад үзчихдэг байлаа. Мориор шүү дээ. Урлагт тийм их хайртай байсан байгаа юм. УУЛБАЯН СУМЫН УЛААНБУЛАН ШИГ ТОМ ТАЙЗ МИНИЙ АМЬДРАЛД ТААРААГҮЙ ЭЭ

-Таны хувьд дэлхийн хэмжээний урлагийн тайзанд гарч явлаа. Сумын жижигхэн клубын тайзанд дуулж үзлээ. Тайз болгоноос өөрийн гэсэн мэдрэмж, өнгө төрхийг авдаг л байх?

-Манай Уулбаян сумын Улаанбулан гэж байлаа. Тэр тайз миний анхны тайз.

Дэлхийд гэвэл, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор явжээ. Тэр дундаа Японы Suntory hall alcoross, АНУ carnegle hall, Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзанд гарч явлаа. “Сarnegle hall”-д би дуулсан гэж ярихад мэдэх нэгэн нь дэлхийн хэмжээний дуучин юм байна гэж бодно. Хэдий том, жижиг олон тайзан дээр гарч явсан ч хамгийн анхны гарсан тайз л үнэхээр сүрдмээр байдаг юм билээ. Улаанбулангийн тайзны нэг талаас нөгөө тал ороход ямар их зай вэ гэж бодлог байлаа. Одоо бодоход арав хүрэхгүй л алхам байсан байгаа юм. Гэвч миний хувьд тэр тайз хамгийн том урлагийн тайз байжээ.-Анхны тайз гэдэг тийм нандин байдаг байх нь ээ?

-Дуучин болчихсон, олонд танигдчихсан байхдаа гарч байсан тайз бол хийх л ёстой, дуулах л ёстой газар минь байсан. Харин хамгийн анхны тайз бол үнэхээр сүрдмээрээ бурхан минь. Хөл гар чичрээд л хэзээ ч мартагдахааргүй мэдрэмж төрж үлдсэн байдаг. Ингээд бодохоор хамгийн аугаа тайз бол миний тал нутаг аа.

-Тайзан дээр гараад дуулж байсан анхны дуу?

-Жаахан шарга. Багаасаа байхаасаа л Жаахан шаргаа дуулсан.

-Та дуулахаас гадна дууныхаа үгийг өөрөө зохиогоод дуулчихдаг хүн. Таны “Дууны шуранхайд шүлэг төрдөг” гэдэг ном ч байдаг даа?

-Миний арваад яруу найргийн ном бий. Түүн дотроос арав гаруй шүлэг нь дуу болсон байдаг байхаа. Н.Жанцанноров хоёр, гуравт нь ч аялгуу хийсэн байдаг. Би бүгдийг нь дуулаагүй. Дууг маань дуулсан сайхан дуучид бий.May be an image of 8 people-Дуу төрөх цаг хугацаа гэж бий юу. Таны хувьд ямар үед уран бүтээлийн их онгод орж ирдэг вэ?

-За тэр чинь их учиртай шүү. Юу гэдэг юм бэ дээ, дурлаж үзээгүй хүн, дурлалдаа шатаж үзээгүй хүнээс яруу найраг бараг гарахгүй биз дээ. Зовлон үзээгүй, үхэл үзээгүй хүнээс жинхэнэ бүтээл төрөх хэцүү л байх. Ер нь яруу найраг гэдэг бол яруу гэж сайхнаар хэлж байгаа боловч зарим талаараа зовлонгоос төрж байгаа яруусал юм шүү. Жаргалаас төрөх ч бас байнаа. Ер нь базаад хэлэх юм бол миний онгод ихээ жаргалтай, их инээж явахад нэг орж ирдэг. Их зовлонтой, их уйлж явахад орж ирдэг. Ингэдэг л юм. Зүгээр нэг дундын юмнаас юу ч гарч ирдэггүй. Миний хувьд ийм л байна. Бусад хүмүүсийн хувьд ямар байдгыг би мэдэхгүй.

-Таныг залуу халуун насанд тань эгэл жирийн ардаас эхлээд Монголын сор болсон бичгийн хүмүүс, яруу найрагчид ихээхэн биширч, захидал бичиж, шүлэг найргаа зориулж байсан гэдэг. Энэ талаар танаас асуухгүй өнгөрчихбөл хайран санагдаад байна?

-Байнаа байна. Ер нь монголчууд чинь яруу найрагч улс. Өврийн дэвтэргүй хүн гэж бараг байхгүй. Надад зориулж, яруу найрагчдаас гадна зураачид зураг их зурж өгдөг байлаа. Ингээд бодохоор би ямар учиртай хүн гэдгээ ойлгодоггүй юм. Уг нь бусад хүний л адил шүү дээ. Гэтэл намайг яагаад зурж байсныг мэддэггүй юм. Олон зураач надад зургийг маань зурж өгс өн байдаг. Ээжтэй минь хүртэл зурсан байдаг. Янз бүрийн байдлаар буюу харандаагаар зурна, хайчилбар, наамал байдлаар хийнээ. Нэг удаа Японд дуулаад явж байлаа.Гэтэл нэг хүүхэд миний зургийг дараад тэр дор нь гараараа зураг зураад өгч билээ.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ

Яруу найргийн хувьд та нараас нуух юмгүй болсон. Анх нь бол би их шүү ичиж байсан. Сүүлд ном болгоод гаргасан, “Дуучин Ш.Чимэдцэеэд” гэж байгаа. Гар бичмэлүүдтэй. Тэр улсуудын нууцаар өгсөн гар бичмэлүүд нь надад байдаг. Тэрийгээ Г.Мэнд-Ооёод хэллээ. Гэтэл ном болго гэлээ. Би ичнээ. Юун ном бараг өөрөөсөө нууж байгаа юм чинь. Тэгсэн сүүлд Г.Мэнд-Ооёо надад “Чи одоо үхээд өгнө. Нэжгээд шүлэг бүү хэл нэг шүлэг зориулагдаж бичсэн хүн байдаггүй юм. Чи бод доо. Энэ олон юмыг үхүүлж бас яахнав” гэж байнаа. Тэгэхээр нь ном болгоод гаргасан байдаг. Тэр номон дотор Бавуугийн Лхагвасүрэн, хэн хэн билээ.

Манай Пунцагийн Бадарч гээд зөндөө хүмүүсийн надад зориулсан шүлэг бий. Хүүхнүүд хүртэл их бичнэ. Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо гээд олон найрагчийн надад зориулсан шүлэг найраг бий. Би ямар учиртай хүн юм. Хүний зурсан зураг төөрөг гэж байна. Хүний хувь зохиол ч гэж байна. Эсвэл хүнийг шаналгах их шаналан байнаа би. Тэр улсууд чинь хөөрхий, намайг санаад мөрөөдөөд эсвэл шүтээд гэхээр би шаналан нь болоод байна шүү дээ, ер нь. Зарим тохиолдолд би өөрийгөө хүнийг шаналгах шаналан юм байхдаа гэж боддог. -Танд тэр олон захидал дотроос хамгийн их ичсэн ч гэдэг юмуу, хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь аль байв. Ний нуугүй яриад өгөөч?

-/Тасхийтэл инээгээд/. Ичмээрээ тэр зовлонг чи мэдэхгүй байнаа. Ичээд үхнэ газар доогуур ормоор.

-Яагаад тэр вэ?

-Үгүй ээ, би чинь социализмын үеийн хүн. Далан хэдэн оны. Гэтэл надаас ахимаг яруу найрагчид шүү дээ, тэд. Зүгээр нэг үеийн улс биш. Тийм улсууд надад шүлэг бичихдээ “Сайхан хүүхэн, хөөрхөн хүүхний минь” талаар бичих дээр чинь ичнэ биз дээ. Тэр үеийн бид тийм байсан юмаа. Одоо бол өөр байхаа. Хөөрхөн сайхнаа өөрөө мэдэрдэг болсон цаг. Би бол хөөрхөн сайхнаа огтын мэдэж яваагүй. Одоо ч мэддэггүй. Хамгийн анх надад шүлэг бичсэн хүн бол Данзаннямын Шагдарсүрэн гэж нэг сайхан хүн байлаа. Сэтгүүлч, яруу найрагч тэрбээр тухайн үед “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч ээ. Тэр хүнийг мэдэхгүй хүн байхгүй.

Гэтэл нөгөө хүн надад шүлэг бичээд. Би хоёр салаа урт гэзэгтэй. Миний гэзгэнд улаан үзэг шургуулаад үзэгнийхээ таглаанд дугтуйгаа тогтоочихсон байсансан. Тухайн үед шинэ жил болж байлаа. Шинэ жилээр бид албан газрын ёолкон дээр очиж дуулах үүрэгтэй. Дуулаад бас бүжиглэх ёстой. Дарга нартай бүжиглэ гэнэ. Нэгдэл дундын ёолк дуусаад гэртээ иртэл гэзэг жаахан хүнд нэг юм салбагнаад ч байх шиг. Тэр үед тийм гоё үзэг байгаагүй. Задлаад үзтэл шүлэг байсан. Ичсэн гэж жигтэйхэн. Энэ мэтчилэн сонин содон байдлаар олон шүлэг хүлээж авч байсан.-Тэр үеийн одоо үеийн гээд ярьж байна. Тэр үеийн, өнөө үеийн хүний мөн чанар танд ямар санагдаж байна. Зарим үед сэтгэл гүйцэхгүй зүйлтэй нүүр тулж байв уу?

-Суурин газрын улсын бодож сэтгэх нэг өөр байх шиг байна. Нүүмэл өссөн хүний бодол сэтгэл өөр байх шиг. Одоо бол улам л ялгаатай болжээ. Ялгаанд нь авах ч юм байна. Гээх ч юм байна. Авах юманд нь мэдлэг чадвар, орчин үеийн техник тенологийн дэвшлийг буй болгож байгаа улс багтана. Орчин үед оюунлаг хүмүүс олон байна. Эсрэгээрээ гээх ч юм байна. Тэр бүгдийг нь яриад яахавдээ. Хүмүүс мэдэж л байгаа даа. Залуучууд хэтэрхий хялбараар мөнгө олохыг эрмэлздэг болж дээ. Хувь хүний боловсрол, эрдмийн боловсрол, эдийн боловсрол цогцолж байж л төгс хүн бий болдог болов уу. Тэгээгүй цагт хэцүү шүү.

Хорвоо гэдэг аюултай шүү, эргээд харж л байгаа шүү дээ. Юугаа тарьсан байна. Түүнийгээ л зулгаана гэж. Би хааяа боддог юм. Хуучин нөхрөө бодохоор “Би урд насандаа л тэр хүндээ их өртэй байж дээ” гэж. Түүнээс энэ насандаа би хүн айхтар зовоож тамлаж байгаагүй ээ. Угаас би хүний өмнө гараад хзнийг ч уйлуулж зогссонгүй, дуулуулж л явлаа. -Та бол Монголын ард түмний хайртай дуучин. Домог мэт л ард олныхоо дунд нэр алдраа цуурайтуулж яваа. Сүүлийн жилүүдэд гарсан хэл ам, орон сууцны маргааныг бодохоор таагүй л санагддаг юм. Яг л тэнгэрт нисэж явсан хараацай газарт унаж байгаа мэт. Таны тухай харамсаж халаглах, хайрлаж өрөвдөх олон түмний яриа их л сонсогдох юм…

-Айхтар харамсаад ээжийгээ өнгөрөх үе шиг элгээрээ хэвтсэнгүй. Энэ асуудал бол ээжгүй болохын дэргэд юу ч биш. Яг базаад хэлэх юм бол хууль шүүхийн тогтолцоо, тэр тусмаа “Гэр бүлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ улс нийгэм чинь гэр бүлээсээ тогтож байгаа биз дээ. Тиймээс “Гэр бүлийн тухай хууль” төгөлдөр байх ёстой.

Маргааш /хэд хоногийн өмнө/ улсын маань Ерөнхийлөгч нэлээд хэдэн улсыг хүлээж авч уулзах юм гэсэн. Тэрэнд би оролцоно. Энэ үеэр би хэлнэ гэж бодож байгаа. Энэ хуулийг шинэчлэхийн тулд тэмцэнээ. Талбай дээр арай суулт хийхгүй. Ард түмэн маань миний төлөө дэндүү их санаа зовчихно. Тийм болохоор би талбай дээр суухгүй. Ер нь бол энэ хуулийг заавал өөрчлүүлнэ би. Хүн яагаад хөрөнгөтэй байж болдоггүй юм. Хөрөнгөгүй хүн хөрөнгөтэй хүнтэй суухыг хүсдэг болсон байна. Яагаад гэвэл, хуулийн гаж тогтолцоо ийм болгожээ. Тэр хүн /Түвшинжаргал/ тийм зорилготой ирж сууж байна.

“Би Чимэдцэеэтэй суугаагүй ээ, хөрөнгөжих гэж ирсэн юм” гэсэн бичиг хавтаст хэрэг дотор байна. Тэр хүн 60 саяар авсан байрыг минь 400 орчим сая төгрөгөөр үнэлүүлээд 200 орчим сая төгрөгийн өрөнд намайг оруулж байна. Одоо цагт хүн хөрөнгөтэй байх хэцүү байна шүү. Ер нь Түвшинжаргалыг эвгүй муухай үйлдэл гаргаснаас хойш над руу олон хүн ярьсан. Эрэгтэй ч хүн ярьсан. Эмэгтэй ч хүн ярьсан. Тэд “Манай хүн яг танай хүн шиг болчихсон” гээд учирладаг. Би одоо яахавдээ, өөрийнхөө ч асуудлыг цэгцлээгүй хүн чинь хэдэн өмгөөлөгчдийн л дугаарыг өгдөг юм.  ЭНЭ НЭГ ХҮНД ЯАГААД БАЙР ӨГЧИХӨЖ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭСЭН УЛС ЗӨНДӨӨ Л БАЙГАА

-Таны хамгийн жаргалтай байсан цаг хугацаа?

-Хамгийн жаргалтай хугацаа гэж хүнд байдаг юмаа. Ээжтэйгээ байх үнэхээр сайхан даа. Би ээж, аавыгаа амьд сэрүүн байхад гавьяат жүжигчин болсон. Яг тэгэхэд миний ээж хадагтай мөнгөн аяга барьчихаад Москвагийн Соёлын өдөрлөгөөс эх орондоо ирэхэд минь тосож авсан тэр цаг хамгийн жаргалтай мөч байлаа.

-Сайн яваагаа аав ээждээ харуулах шиг сайхан зүйл гэж үгүй байх шүү?

-Хачин гоё байдаг юм билээ. Би ээж аавтайгаа байхад дэндүү жаргалтай, бараг дэлхийгээс тасарч байсан. Миний сэтгэл бол агаар мандал дээгүүр байсан байх.

-Эсрэгээрээ хамгийн зовлонтой үе?

-Хамгийн хэцүү шаналан бол ээжгүй болоход элгээрээ газар хэвтэнэ дээ хүн. Би лав тэгсэн. Би хажуудаа хань ижилгүй ганц хүүтэй байсан. Ээжгүй болоход бүхий л зүйл хоосордог юм байна лээ дээ.-Та ганц хүүгийнхээ талаар яриач?

-Миний хүү нисэхийн хүн. Гадаад секторт ажилладаг.

-Аанхаан…

-Би чинь улсын зарц явлаа гэж түрүүн хэлсэн шүү. Одоо харин танай сонинд гайгүй хэлье. Би цагтаа улсын валютыг бүрдүүлж явсан хүн шүү. Хэдхэн хүн социализмын үед барууны орнуудаар, Европоор, Азийн орнуудаар яваагүй орнууд цөөхөндөө. Хэдхэн л хүн валютыг бүрдүүлдэг байлаа. Манай Норовбанзад багш, Норовсамбуу гээд тоотой хэдэн хүн байв. Тухайн үед бид дэлхийн томоохон тайзанд гэрээгээр дуугаа дуулдаг байсан.

Намайг 10 мянган доллараас доош үнэлж дуулуулж яваагүй ээ. Гэхдээ тэр мөнгийг гэрээний дагуу би өөрөө гарынхаа үсгийг зураад авдаг байсан ч улсын дансанд шууд тушаадаг байлаа. Тухайн үед Соёлын яамны гуравдугаар хэлтэс гэж байв. Тэр хэлтсийн Баатархүү гэдэг хүн голчилж биднийг ахалж явдаг байсан санагдаж байна. Би мөнгөө гарын үсгээ зураад цүнхэндээ авна. Тэр хүн дагуулж яваад тухайн улсын газрын банкинд очоод Монголын дансанд хйидэг. Ийм цаг үе байсан. Надад зарим гэрээнийх нь хуулга одоо ч байдаг.

Нэг тоглолтоос 10 мянган доллар гэхээр овоо их валютыг эх орондоо авчирсан байгаа биз. Харин одоо боддог юм. Намайг иймэрхүү явж байхад цагтаа тэр их валютыг улсдаа бүрдүүлж явсных нь хувьд өнөөдөр нэг харж үзэж болмоор доо. Өдгөө намайг нэг харвал харчих ухаантай хүмүүс байгаа л байх, тиймээ. Монголчууд бүгд л мэдэж байна. Энэ нэг хүнд яагаад байр өгчихөж болдоггүй юм гэсэн улс зөндөө л байж байгаа. За энэ асуудлыг гурван цэгтэй л үлдээе дээ…ДЭЛХИЙН НОТ ДОЛОО БАЙДАГ БОЛ МИНИЙ НОТ 24

-Таны хувьд Монголын соёлын өвийг тээгч хүн. Залгамж халаа шавь нараа хэр их бэлдэж байна?

-Өв соёл гэж ярихаар нэг юм хэлмээр санагдаж байна. XVIII зууны үед Данзандагва гэж хүн байжээ. Тэр хүн гандангийн бүрээ бишгүүрийн ая данг дүрсээр илэрхийлсэн байдаг гэнэ. Түүнийг ямар нот гэдгийг хэн ч одоо хэр нь тайлаагүй. Үүнээс хойш 1974 оноос эхлээд уртын дууны нотоо би өөрөө зохиогоод бичиж эхэлсэн. Надад хоолой нь байгаа юм чинь нотоо буулгахад дөхөм шүү дээ. Өөрийнхөө хоолой дээр үзээд Монгол Улсыг уртын дууны ноттой болгоод өгсөн хүн. Энэ бол намайг үхсэнээс хойш хэзээ ч мартахааргүй эд. Монголын өв соёлд хийсэн хамгийн том гавьяа минь энэ.-Та бүүвэйн дууг нарийн судалсан хүн санагддаг?

-Бүүвэйн дуу гэдэг бол хүнийг хүншүүлэх үйл. Хүн буй болсноос эхэлсэн дуунаас өинөх их эд. Миний хувьд Монгол орон даяар байгаа бүх бүүвэйн дуунуудыг бүгдийг нь цуглуулаад дуулсан. Бүх нутгаар явж судалсан. СД-гээ гаргасан. Өдий болтол маш олон СД гаргалаа. Хэн нэгнээр ивээн тэгүүлж байгаагүй. Одоо л харин жаахан чадал мөхөсдөөд байна.

-Таны хувьд маш олон хандивын тоглолт хийсэн байх шүү?

-Өө маш их хийсэн. Энэ Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээхэд хамгийн том хандив өргөсөн нь Буянгийн Жаргалсайхан, хоёр дахь нь би байлаа шүү дээ. Өв соёл гэж ярьж байсан даа. Би хурдан морины гийнгоо, марзайг их судалсан хүн. Өөрөө таван настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Арван таван настай өвлийн үрээнд хүндэдлээ гээд хасагдаж байлаа. Хурдан морийг яаж хурдлуулдаг юм бэ гэвэл, тариа тариад хурдалчихдаг юм биш. Тэр чинь өөрт нь муу. Харин гийнгоолж, марзайлж байж л хурдлуулна.

Адуу гэдэг амьтан чинь ухаантай. Амьтны зүүн талын тархиных нь бор хальсанд гийнгоог хүлээж авах зүйл яг компьютер шиг суусан байдаг байхгүй юу. Дарьгангад төрсөн унага бол Дарьгангынхаа марзайг л танина. Халхад төрсөн бол халхынхаа гийнгоог танина. Манай Дарьгангынхан бол Осоржамаа бурхны зүрхэн тарнийг уншдаг. Халхынх бол Данды Янсан бурхны тарнийг уншиж гийнгоолдог. Баруун аймгийнхан бол мэгзмээ уншаад морио уралдуулна. Тарни тарнийн дээд мэгзэм гэдэг шүү дээ.

Энэ мэтийг том дээлтэй, том бүстэй уяачид мэдэхгүй ээ. Би үхэн хатан судалгаа хийж нэг CD гаргасан. Уяачид нэг их авахгүй байна лээ. Ард түмэн л аваад дууссан байх. Өв соёлын тухайд би дөмөгхөн зүйлүүд хийсэн гэдгээ хэзээд хэлчихэж чаднаа. Би шавь нарыг бол бузгай бэлдсэн. Их олон зуу байна. Өнөө жилийн есөн сар гаргаад миний багшилсны 20 жилийн ой болох гэж байгаа юм байна. Би Морин хуурын чуулгын дуучин байх цагаасаа л багшилж ирсэн байдаг. Монголын уртын дууны хөгжилд өөрийн тод мөрийг үлдээсэн байхаа. Уртын дууны нотыг зохиолоо. Дэлхийн нот долоо байдаг бол миний нот 24 байдаг. Юу гэхээр, дэлхийн нот уртын дуунд арай жижигдэж байна гэсэн үг дээ…

Үе, үе гуниг үгүй инээх. Ямар даруухан агаад яруухан ярьдаг эрхэм бэ. Дууг тэрбээр зүгээр нэг дуулддаггүй, бясалган дуулдаг ажээ. Хоолойноос нь түрж гарах тэр аялгуу тэнгэр мэт цэлгэр, хорвоог аргадах тэр яруу найраг нь далай мэт гүн утгыг агуулдаг үнэхээр аугаа, аугаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!