Яруу найрагч Р.Эмүжин: Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт амь тавихсан..

Яг дурлачихсан байхдаа ярилцлага өгсөн догдлуун, яаруу тэрээр хаврын урин, сэтгэлийн долгистой нэгдэн нэгэн айзамт хэмнэл үүсгэсэн “Гранд”-ын зочин байлаа. Энэ бол Эмүжин. Яруу найргийн босоо цагаан давалгаа болон ерээд онд бадарсан нэгэн үеийнхний магад хамгийн отгон гүнж, тачаангуй нэгэн фигур. Хориглож байсан ч даашинзыг минь тайч гэж хорь ч хүрээгүй насандаа шүлэглэсэн Эмүжин. Огт унаган авьяас, өөрийнхөөрөө мөн чанар биз. Бүр хүн чанар ч гэж болно. Гэхдээ гайхалтай нэг юм байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тийм янаг тачаангуй шүлэглэдэг түүнийг тэгтлээ эгэл, энгийн гэж хэн санах. Ёстой натурализм гэдэг шиг л “нүцгэнээрээ” бардамхан алхаж явна. Нүүрээ бараг будахгүй. Өндөр өсгийт ч нэг их тожигнуулаад байдаггүй бололтой юм. Хоёр хүүгийнхээ аавуудаас хэдийнэ салчихсан, хайргүй болсон атлаа ханилаад байх нь өөртөө бууж өгөх, өөрийгөө аргацаах нэг хэлбэр маяг юм гэх.
Хэзээ ч өтлөх хийгээд эвлэрхүйн үнэнд гүйцэгдэж, цайны хань гэж майжигнахгүй гэнэ. Тэр ийм л хүн аж. Хүн бүхэн баг өмсөж, хүүхэн бүхэн оодож суухад ийм сондгой амьдрах гэж, тийм этгээд шүлгээ бичих гэж ирсэн нэг зочин бололтой. Найрагчийн зүрх сэтгэл, амьдралын хэв маяг нийтлэг бусдаас өөр, ялгуухан оршдогийг мэдэх ч түүн шиг найрагчийн тавиланг нүцгэнээр нь үүрч яваа, амьдралаа өөрийнхөөрөө гуниггүйхэн зурж яваатай нь учирч, таарч, үг яриа үүсгэж байсан нь үгүй санагдах юм. Тэгээд нэгэн соньхон мэдрэмж төрсөн нь дурлахсан, тэгээд дуу аяланхан гэгэлзэхсэн.
Та хэр феминист хүн бэ? Патриарх, феминист, аль нь ч биш юм аа. Дэлхий ертөнц дээр эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйс байдаг. Энэ тохиолдолд байгаа хоёрхон юмаа уралдуулаад, өрсөлдүүлээд байх ямар шаардлагатай юм. Би эмэгтэй хүн гэж ялархахын оронд, би эр хүн гэж ихэрхэхийн оронд бие биенээ түшиж энэ амьдралыг босгох ёстой. Бие биенээ нөмөрлөж энэ орчлон ертөнцийг тэнцвэржүүлж байх учиртай. Саяхан, Мартын өмнөхөн 23, 24 орчим насны залуухан, сайхан охин, нэр нь А гэнэ лээ, ажлын байрны бэлгийн дарамтын талаар аль ч билээ телевизээр ярилцлага өгөөд сууж байна.
Дурладаг, дурлуулдаг, хайрладаг, хайрлуулдаг, хаядаг, хаягддаг, салдаг, нийлдэг тийм сайхан насан дээрээ, хэрвээ ажлын байран дээрээ хэн нэгэн эрэгтэй хүн өөрийн чинь нурууг илвэл эсвэл тань руу аятайхан хараад байвал энэ бол ажлын байрны бэлгийн дарамт шүү гээд яриад сууж байна гэдэг өөрөө сэтгэлгээний асар том доголдол юм. Дурласан эр хүн ямар ч байдлаар сэтгэлээ илчилж болно. Цэцэг навч бариад гүйж болно. Цэрвэж сандраад зугтаж ч магадгүй.
Эсвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй шаналаад эмэгтэйдээ ширүүн загнаж болно. Тэр болгоныг ажлын байрны бэлгийн дарамт гэж хүлээж аваад байвал тэр залуу сайхан охин, тэр ярилцлагыг үзээд сууж байгаа, өсч өндийж яваа цэцэг цэврүү шиг охид эр хүнийг юу гэж ойлгож өсөх вэ? Хэзээ нэгэн цагт хайр сэтгэлээ олж чадах уу? Хэзээ нэгэн цагт эр хүнээр хайрлуулсан шиг хайрлуулж чадах уу?
Тэгвэл эмэгтэй хүн гэж хэн юм бэ? Эмэгтэй хүн сэтгэлийн бол уянга нь, сэрэл мэдрэмжийн нэг эст амьтан нь, амьдралын бол ухаарал, тэвчээр нь. Ханьдаа бол хайр энхрийллийн дээд нь, үрдээ ээж нь. Бүсгүй хүн дотроосоо гэрэлтдэг гэж ярьдаг. Ямар нэгэн дэнлүү байлаа гэж бодъё. Дэнлүү бүдэг байхдаа тэрүүхэн орчноо л гийгүүлнэ. Дэргэд нь ном унших ч хэцүү. Тэгвэл дотоод эрчим хүчээ асааж, сайхан сэтгэл, ухаарал, хайр энэрэл, уянга, аялгууг сэтгэлдээ бүтээж чадсан эмэгтэй хүний дотоод гэрэл цаг хугацаа өнгөрөх тусам тодорч, зөвхөн эргэн тойрон, гэр бүлээ төдийгүй нийгмээ хүртэл гэрэлтүүлж чадна.
Хэдийгээр бид эрчүүдийг зоригтой, хатуужилтай гэх мэт олон гайхалтай чанарын тод жишээ, супер баатар болгодог ч тэр супер баатрыг эмэгтэй хүн л бүтээдэг юм ш дээ. Эмэгтэй хүний дэргэд, ээж хүний дэргэд хөвгүүд нь өсч өндийн, эр хүн бий болдог. Ирээдүйн өрхийн тэргүүн, үрийн эцэг, төр улсын түшиг болох хөвгүүдээ гал тогооны өрөөнөөс гаргалгүй өсгөчихгүй юмсан л гэж хичээх юм байна шүү дээ.
Би буруу анзаарсан байж болно л доо. Яагаад ч юм таны шүлэг зохиол болон нийтлэл ярилцлагуудаас эрчүүдийн эрх ашгийг хамгаалсан өнгө аяс үнэртээд байдаг. Би зөв үнэрлэж үү? Энэ юунаас эхтэй дадал, чанар вэ? Магад хөвгүүддээ хандах эхийн инстинкт ч байж болох? Зөвхөн хөвгүүдээс минь шалтгаалсан зүйл бас биш юм аа. Аливаад тэнцвэртэй хандах сайхан.Та нар санаж байгаа бол ерээд оны дунд үеэс анх жендерийн тухай ярьж эхэлсэн. Жендер гэдэг нь өөрөө хүйсийн тэнцвэртэй байдал болохоос, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал биш.
Гэтэл анх Монголд орж ирэхдээ санаатай болон санаандгүй буруу орчуулснаас ул суурь, ухагдахуун нь хазгай тавигдаад явчихсан юм. Тэгээд энэ нийгмийн хүндийг үүрч, харыг дүүрч, хатууг нь мөрлөж явдаг эрчүүдээ буланд шахаж эхэлсэн. Үүнд би хувь хүн гэдэг утгаараа биш, нийгмийн хүн гэдэг утгаараа хандаж, ялагдаж буй талд зогсох төрөлхийн мэдрэмжиндээ хөтлөгдсөн хэрэг.
Гуравдугаар сар үнэхээр онцлогтой сар. Мартын 8, Цэргийн баяр гээд хоёр хүйс хоёулаа л баярлаж, эрх байдаг бол түүнийгээ тунхагладаг. Тийм ч учраас таныг ярилцлагын хоймортоо урьсан хэрэг. Миний хүсч байсанчлан бид хоёрын яриа тэртэй тэргүй хайр сэтгэл, хүн, хүний мөн чанарын тухай сэдэв рүү орчихлоо. Хүн гэж хэн юм, хайр гэж юу юм, хүний мөн чанар нь юу юм? Энэ талаар ярилцъя? Хүний мөн чанар нь өөрөө хайр юм шүү дээ. Хэн нэгнийг хайрлаж байж л бид сэтгэл дүүрэн, хэн нэгнээр хайрлуулж байж бид жигүүртэй юм шиг амьдарч чадна.
Гагцхүү ямарваа нэг зүйлд баригдахгүйгээр, айлгүйгээр түүнийг олж нээх, мэдрэх, түүнд цэцэглэж, жигүүрлэж, өсч өндийх боломж олгоход учир нь байдаг байх аа. Бид хатуу үгийг харамгүй хэлдэг. Хашгирдаг. Тэгсэн атлаа сайхан үгийг амнаасаа болж өгвөл унагадаггүй. Сайн үг, сайхан магтаалыг харамлаж хэлнэ. Хэллээ гэхэд бараг шүд зуулттай байх нь энүүхэнд. Саяхан л монголчууд уучлаарай гэж хэлж сурч байна шүү дээ. Тэгж хэлэхдээ хүртэл загнаад, зандраад байгаа юм шиг хэлдэг байлаа. Монголд сэтгэлзүйн салбар хөгжөөгүй байна. Хүн гэж хэн юм гэж чи асуусан. Бага хүүгийнхээ хариултыг хэлчих үү?
Ээж ээ, би хүн юм чинь, энэ лууг өөрийнхөөрөө сэтгээд зурчихаж болох уу? /инээгээд/. Мань хүн луунд дурлаад, олон янзын лууны зураг нетээс олоод зурах гэтэл алийг нь ч зурмааргүй санагдаж л дээ. Зурахгүй үлдээчихье гэхээр хайран байдаг. Зуръя гэтэл дуураймааргүй байдаг. Тэгмэгц дээрх асуултыг асууж байгаа юм. Хүүхэд бол худлаа хэлдэггүй амьтан шүү дээ. Тэр лууг хайрлаж байгаа юм. Луунд дурлаж байгаа юм. Зурахыг хүсч байна. Зураад өөрийн гэсэн луутай болохыг хүсч байна.
Гэхдээ хайрандаа ч автсангүй, дурлалдаа ч автсангүй. Хүсэлдээ ч автаагүй. Адаг сүүлд нь өөрөө сэтгээд, өөрийнхөөрөө зурчихаж болох уу гэж байгаа юм. Дараа нь тэр зурсан луугаа өөрийнхөөрөө хайрлаад, өрөөнийхөө хананд скочдсон. Хүн ерөөсөө ийм л амьтан юм. Хамгийн гол нь хүн гэдгээ ухаарах ухаарал их чухал юм байна л даа. Хүн байх нь чухал. Гэхдээ би хүн гэдгээ сэрж, ухаарах нь чухал. Хайрлах шидтэй, ухаарах шидтэй, хүссэндээ тэмүүлэх шидтэй, мөрөөдөх шидтэй гэдгээ ухаарах, түүнийхээ хэрээр далавчаа дэлгэх сайхан.
Таныг шүлэг, найраг үнэхээр нэг уян, яруу. Гэтэл бодит амьдрал дээр та их эршүүд байж мэдэхээр харагддаг. Ер нь Эмүжин гэж хэн юм? Та өөрийгөө ямар ч комплексгүйгээр, БИ-гээ тодорхойлж, өөрийгөө магтаач? Угаас булангийн маань нэр нь “Гранд БИ” юм. -/Инээгээд/ Чи хоёрхон үечлэл дээр хараад байна. Гуравдахийг нь хар даа. Яана гэхээр би эмэгтэй хүн гэдгээ ухаарч, ойлгож, мэдрэх тусам би үнэхээр бүсгүй хүн л юм даа гэж бахархах тусам тэр хүний сэтгэл нь дотроосоо дотогшоо тэмүүлж, тэр дотогш тэмүүлж, дотор боловсорсон сэтгэхүй нь буцаж гарахаараа бүсгүйлэг шүлэг болж гардаг. Чи болохоор эршүүд, эмэгтэйлэг гэдэг хоёрхон үе дээр авч үзээд байна.
Эмэгтэйлэг шинж чанар чинь эргээд цаанаа гурав дахь алхам нь юу вэ гэвэл дотор боловсрох шат. Би жишээ нь эмэгтэйлэг байх гээд хар өглөөгүүр босоод өөрөө ярилцлага авах гэж гүйхдээ даашинз өмсөөд, үсээ буржийлгааад, тэгснээ чамд ярилцлага өгөх гэж байгаа хүн гээд замдаа дахиж харайж очоод хумсаа будуулаад, өмнө чинь муужгай шиг суух нь чухал уу? Эсвэл би бүсгүй хүн гэдгээ ухаарч түүгээрээ бахархаж, бардамнаж эмзэглэж бас өөрөө өөрийгөө үнэлж амьдардаг эмэгтэй хүний хувьд дотоод сэтгэл рүүгээ илүү гүн бүсгүйлэг байсан нь дээр үү? Бүсгүйлэг гэдэг чанарыг өөрөөр хэлбэл үзэгдэх болон далд байдал, боловсорсон болон боловсроогүй байдал гэж ангилж болж байна.
Хүн өмссөн хувцас шигээ байдаг гэх үг бас бий. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн гоо сайхан байдал гадаад байдлаар, хувцаслалтаар бас илэрдэг гэх. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ? Хүн өмсөх хувцсаа өөрөө сонгодог. Хувцас хүнийг сонгодоггүй шүү дээ. Тэгэхээр үнэн л болж таараад байна. Гэвч бас олон талтай. Сааль үнэртсэн гандуу дээлтэй эмээгээ, эсвэл саахалтынхаа эгчийг ямар нүдээр харах вэ гэдэг нь тухайн хүнээс бас шалтгаална. Өөрөөр хэлбэл хувцас, чимэг зуурдын гоёл, хувиршгүй үнэн сэтгэл үүрдийн гоёл юм.
Та нээлттэй юм шиг атлаа хаалттай хүн юм билээ. Их илэн далангүй шиг атлаа тийм биш. Шүлэг найраг чинь задгай, эротик, тэгсэн хэрнээ даруу, эгэл. – Энэ миний л мөн чанар юм. Эмүжин гэж хэн бэ гэж чи түрүүн асуусан. Би уян зөөлөн хэрнээ омог бардам, ухаантай хэрнээ ялихгүй юман дээр бүдэрч тэнэглэдэг, оюунлаг хэрнээ заримдаа огтхон ч толгой, тархиа ажиллуулахыг хүсдэггүй. Уйлхай хэрнээ эрс хатуу. Дурламтгай хэрнээ хаяад л явчихдаг. Хайрлахдаа халуун хэрнээ хаяхдаа тулбал харь хөндий. Хайрласан шиг хайрладаг хэрнээ яг түүн шигээ хаясан шиг хаячихаж бас чаддаг.
Өөрөөр хэлбэл би өөрийгөө сэтгэлзүйн эрс тэс, туйлын зангуудыг тээж явдаг юм болов уу гэж боддог. Тэгээд туйлын, туйлршамтгай зангаа хэзээ ч барьж, хорьдоггүй. Хорьж, хязгаарлая гээд ч чаддаггүй. Зоргоороо амьдарч, зоргоороо сэтгэж, зоргоороо тэмүүлж, зоргоороо унаж босч, зоргоороо бүдэрч, бүдэрснийхээ дараа зоргоороо нулимсаа арчаад инээгээд цааш алхдаг. Зоргоор салхи гэж байдаг бол тийм л хүн юм болов уу. Сэтгэлзүйн хөдлөл гэдэг үзэгдлийг тухайн нийгэм, цаг үедээ, эдүгээ бидний амьдран байгаа олон хаалттай орчинд тохируулаад, бариад, жолоог нь татаад, хазаарлаад хөлийг нь чөдөрлөөд байхыг хүсдэггүй. Тэртэй тэргүй ундраад байгаа юмыг чинь би яах юм. Уураар дарахаас илүүтэй ухаанаар хөглөж явахыг хичээдэг.
Б.Галсансүх хэлдэг дээ, сэтгэл гэдэг эрхтэн гээд. Тэгвэл тэр эрхтэн чинь уйлмаар, дуулмаар байна. Битгий тэр нэг амьтныг уйлуулж, дуулуулахгүй, хориод, ухаантай царайлаад бай л даа. Тэр чинь өвдөж байна, зовж байна, жаргаж байна. Жаргалаа мэдэрмээр байна. Түүнийг боловсролоор, жудгаар, болсон болоогүй хууль журмаар битгий богтлоод бай л даа. Хааяа ч болов өөрөөр нь байлга. Өөрөөрөө нисч чадаагүй сэтгэл бол хоригдол. Чиний зүрхэнд хоригдол байна уу, сэтгэл байна уу гээд бодоод үз дээ. Сэтгэлээ сэтгэлээр нь тавьж, зоргоор нь нисгэж чаддаг нь магад миний төрөлхийн зан байх.
Нөгөө талаар би хоёр хүүтэй хүн. Хөвгүүд маань энэ ертөнцөд надаас тасарч унахдаа хувь хүн гэдгээ зарлан уйлж, хашгирч, бүр хөмсгөө атируулж ирсэн. Тиймээс тэднийг бие хүн, хувь хүн гэдэг үүднээс нь хүндлэх хэрэгтэй. Тэр утгаараа миний амьдрал зөвхөн минийх биш, хөвгүүдийн маань ирээдүй, тэдний маань алдаа онооны хөрс учраас манайх яахаараа хаалга, цонхоо дэлгээд хаячихсан айл шиг байх ёстой гэж? Хөвгүүдэд маань өөрийгөө хүндлэх, Эмүжингийн хүү гэдгээрээ биш өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлэх боломжууд, хувилбарууд, сонголтууд байх хэрэгтэй. Түүнийг нь би нандигнаж, гэр бүлдээ үлдээдэг.
Гэвч энэ удаад бичдэг өгүүллэгүүд шигээ, найраг шүлэг шигээ нээлттэй, өөрийнхөөрөө, бардам байна гэж амлаж болох уу? Чи панаалдаж байнаа /инээв/. Тань шиг хүний дотоод ертөнцийг нээнэ гэдэг надад тун амттай, сонирхолтой санагдаж байна. Хорь ч хүрээгүй насандаа “Хонгор хүү минь чи намайг энхрийл, Хориглож байсан ч даашинзыг минь тайч” гэж шүлэглэж байсан найрагч бүсгүй одоо хэд хүрч байна вэ?
Хорь ч хүрээгүй Эмүжинг ийм янаг тачаангуй, дурламтгай мөртүүд тодорхойлж байсан бол энэ насны Эмүжинг ямар мөртүүд тодорхойлж байна вэ? /инээгээд/ Одоо юу? /бодлогоширсноо/ “Намайг шүлэг бичдэг болохоор чи дурласан юм уу Нар мэт шатааж, сар мэт хайрдаг болохоор хайрласан юм уу Буцах цагийг дуулахад минь чи дагаж аялсан уу Будант талд ангахад минь чи намайг ундаалсан уу Намайг уйдамхай болохоор чи явсан юм уу…” гэж шүлэглэж байна.
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.