Тань руу нүүж явна киноны Жаргалын дүрд тоглосон Р.ГЭРЭЛ: Соёлын тэргүүний ажилтан цол гэдэг бол миний мөрөөдөөгүй мөрөөдөл байлаа.. Та нартаа..

Дулам гуайд хүүгээ өргүүлчих үү. Яах вэ дээ, айл сахалт юм чинь өдөртөө хэд л бол хэд уулзаад байна шүү дээ. За Цэрэн минь ухаан богино бол жаргал богино гэдэг шүү” хэмээн нөхөртөө хэлж буй “Тань руу нүүж явна” киноны өр зөөлөн, өгөөмөр сайхан Жаргал хэмээх эмэгтэйн дүрийг монголчууд андахгүй. Харин уг дүрийг бүтээсэн яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин эмэгтэйг Р.Гэрэл гэдэг юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ. Монголчуудын мэдэх Жаргалтай ярилцсанаа хүргэе. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, бид уулзаж чадаагүй гэдгээ энд цохон тэмдэглэж үлдээе. Сайн байна уу, та. Соёлын тэргүүний ажилтан (СТА) гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хүмүүс таныг “Арай л хожуу Соёлын тэргүүний ажилтан боллоо доо” гэцгээж байсан.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?-Үнэхээр хөл газар хүрэхгүй шахам сайхан байна. “Сэтгүүл зүй, яруу найраг, кино урлаг гэдэг үнэхээр өндөр модон босготой байдаг юм байна шүү” л гэж бодож суулаа.Би “СТА болно” гэж ёстой бодсонгүй. МҮОНТ-ийн “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлгийн бичлэгийн үеэр надад шагнал гардуулсан. Тэр олон Ардын жүжигчин, гавьяатуудын дэргэд СТА гэх цолоор шагнуулсандаа маш их баярлалаа. Би бүүр уйлах шахсан гээд боддоо. Миний нэрийг дуудаад, шагнал гардуулахад нь хажууд байсан жүжигчин Туяа эгчид “Яг уйлах нь шүү” гэсэн чинь “Уйлахгүй л гэвэл уйлахгүй шүү дээ” гэхээр нь хэлээ тас хазаад, нулимсаа залгичихсан. 60 нас гэдэг тийм ч хожимдсон гэж би бодохгүй байгаа. Ийм хэцүү цаг үед энэ шагналд намайг тодорхойлж, миний төлөө алхсан бүх хүнд талархаж сууна. Хэрэв намайг тэд минь тодорхойлж явуулаагүй бол би энэ эрхэм шагналыг авахгүй байлаа. Надад бол ирээгүй байсан шагнал, мөрөөдөөгүй мөрөөдөл маань байлаа шүү дээ. Хүн баярлана гэдэг шагнал, тэмдэгтээ гол биш юм байна лээ.
Чин сэтгэлээсээ баярлана гэдэг чинь үгээр хэлэхийн аргагүй сайхан зүйл байдаг юм байна.-Монголын кино урлагийн салбарт хэчнээн дүр мөнхөлсөн юм бэ, та?-Миний амьдралын бүхий л хугацаанд яруу найраг надтай хамт байсан. Би чинь кино урлагт тийм ч олон дүр бүтээгээгүй. Багаасаа л шүлэг бичих дуртай хүүхэд байлаа. Дөрөвдүгээр ангиасаа эхлээд Радиод хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. “Өсвөрийн сүхбаатарчуудын хаан амрыг эрж, “Өглөөний мэнд” нэвтрүүлэг эхэлж байна. Хүүхдүүдээ “Залгамжлагч” станц үзүүлж байна” гээд л ярьж өгдөг байлаа шүү дээ.18 настай байхдаа “Гул Аранжин” МУСК-нд гол дүр бүтээж, дараа нь “Тань руу нүүж явна” кинонд Жаргалын дүрийг бүтээсэн юм. Хоёулаа л миний хувьд зөөлөн, нандин, ховор эмэгтэйчүүдийн дүр санагддаг. Юугаа ч мэдэхгүй жаахан охин гол дүр бүтээчихсэн байдаг юм.Одоо бодохоор инээд хүрээд байдаг шүү. Нөгөөтэйгүүр айдастай ч юм шиг санагддаг. Гэхдээ олон сайхан чадварлаг жүжигчин, найруулагчтай хамт ажилласан болохоор тухайн үедээ даваад л гарсан даа.
“Тань руу нүүж явна” киноны зохиолыг маш чадварлагаар бичсэн зохиолч С.Оюун эгчид дандаа талархаж явдаг. Заримдаа тийм сайхан зохиол эмэгтэйчүүдийн ухаанаас л гарсан байж таараа гэж онгирмоор санагддаг юм (инээв).-Монголын ард түмэн таныг “Гул Аранжин” киноноос илүү “Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрээр нь мэднэ. Амьдрал дээрээ Жаргалаас тэс өөр хүн шиг санагдлаа?-Би чинь дуу цөөтэй, зөрүүд хүн. Доошоо хараад л, нэг их юм бодож явдаг юм. Эсвэл тас тас хөхрөөд л, инээхээрээ зогсохоо больчихдог сонин хүн л дээ. Энэ бол яруу найрагч хүний зан байх. Жаргалтай адилхан гэж ёстой хэлж боломгүй.-Таныг яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ “Ойрын хэдэн жил сураггүй шахам байсан” гэх хүн олон юм билээ. Амьдралынхаа сонин сайхнаас хуваалцаж болох уу?-Хүний амьдрал гэдэг зүтгэл, бүтээл байдаг юм байна. Би олон жил сэтгүүлчийн мэргэжлээрээ ажилласан.
12 жилийн турш Монгол хэвлэлийн биржид өөрийнхөө өгүүллэг, зохиолыг нийлүүлсэн. Гурван ч улсын хэл эзэмшсэн. Москва хотод 10 гаруй жил сургуульд сурч, амьдарсан. Бусдаас ялгарах зүйлгүй л энх тунх амьдарч байна даа.Одоо бол “Урсгал Туулын усаар Үсээ гоёсон охидын чинь нэгэн билээ” гэдэг шиг эх орондоо байгаадаа, Монголд төрсөндөө баярлаж сууна. Өөр хэлэх үг орж ирдэггүй ээ. 60 жилийг үдэж байгаа миний амьдрал одоо л тэгширч, сайхан болж байгаа юм шиг санагдаж байгаа. Одоогоор “Хар цувд” гээд хайрын тухай роман бичиж байгаа. 12 жил гадаадад амьдарсан болохоор монгол хэлний зарим дүрмээ мартчихаад уймарч л сууна (инээв). Гэхдээ энэ сайхан бүтээлийн ард гарчих юм бол санаа амрах гээд л байна. -Та олон сайхан дууны үг бичсэн шүү дээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?-Би Монголын сор болсон яруу найрагчдын нэг биш шүү дээ. Зүгээр л уран бүтээлчид намайг ажилтай байлгахын тулд надаас шүлэг авдаг байх гэж боддог. Чамлахааргүй олон дууны үг бичсэн.
Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Хурд” хамтлагийн “Ханьдаа” дууны үгийг бичиж байлаа. Талархаж явдаг хүмүүсийн нэг минь бол “Хурд” хамтлагийн хөгжмийн зохиолч Цогоо. Яагаад ч юм бэ яруу найрагч эмэгтэйг тоож, “Хотын шүлгүүд” номыг минь сонирхож, “Ханьдаа” дууны үгийг минь ард түмний аялах дуртай дуу хүртэл нь намайг өргөж өгсөнд баярлаж явдаг.-Та одоо Улаанбаатар хотод суурин амьдардаг уу?-1998 онд эх орондоо ирсэн. Тэрнээс хойш эх орондоо, Улаанбаатартаа л байна. Хөдөө явбал над шиг хүнд зохихгүй, хотын Гэрэл гэдэг чинь хотдоо л байх ёстой (инээв).-Хувийн амьдралаасаа ярьж болох уу? -19-хөн настайдаа ээж болж, хөөрхөн охинтой болсон. Тухайн үед нөхөр минь 21 настай байсан. Бид хамтдаа 14, 15 жил амьдарсан байх аа. Хоёр жаахан амьтан учраа ч мэдэхгүй аав, ээж болж, ганц охин төрүүлээд, өсгөсөн. Одоо охин минь хоёр зээг минь төрүүлж, намайг эмээ болгочихоод байна. Тухайн үед гадаадад сурахаар яваад, нөхөртэйгөө хоёр талд хэсэг амьдарсан. “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг нь болсон юм байлгүй дээ. Тэрнээс хоёр жаахан амьтанд ямар буруу байх билээ.
Бид нэг л мэдэхэд тус тусын амьдралаа хөөж эхэлсэн. Үүнээс өөрөөр ч хувийн амьдралд минь ярих юм алга. Одоо ганц бие ээж, эмээ тэтгэвэртээ суугаад, дуртай ажлаа л хийж байна.-Та хэн нэгэнд гомдож байв уу. Яагаад ч юм ийм асуулт санаанд ороод ирлээ? -Би зарим сэтгүүлчид гомдож явдаг юм. Миний амьдралыг миний зөвшөөрөлгүйгээр дандаа шүүдэг. Дээрээс нь миний ганц үрийг хүртэл бичдэг улс шүү дээ. Алдаатай, оноотой амьдралыг минь надаас өөр хэн ч шүүх эрхгүй. Тэд намайг бор дарс ч гэнэ үү, нэг юманд гүн гүнзгий орсон гэж ярьж, бичдэг. Дандаа доошоо тонгойж, хүнтэй дуугарахгүй явдаг болохоор тэгж хэлдэг байх. Эсвэл нэг инээхээрээ галзуу хүн шиг байдаг болохоор тэгж бичдэг байх л даа. Нэг сэтгүүл дээр миний доошоо хараад алхаж байгаа, эсрэг талд нь миний үеийн алдартай нэг сэтгүүлчийн сарнай тэврээд алхаж байгаа зургийг хамтад нь нийтэлсэн байна лээ. Яах вэ дээ, тэр чинь хүний л амьдрал шүү дээ. Би яагаад доошоо хараад алхаж болдоггүй юм бэ. Дээрээс нь миний ганц үрийн зургийг хүртэл тавиад тарчлаадагт нь би гомддог. Бусдаараа би хэндээ гомдох вэ дээ. Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Учир нь, тэрбээр өнөөдөртөө яриагаа ингээд дуусгахыг хүслээ. Харин бид дараа, цагийн сайханд түүний гэрт цай уунгаа бүхий л амьдралыг нь уудлахаар товлосон билээ.