зөвлөгөө

Баян гэгдэх Сэтгүүлч Өнөрцэцэгийн наадмын гоёл олны нүдийг хужирлаж байна..

Монголын сэтгүүлзүйн энэ цагийн түүхийн хуудаснаа нэр нь яалт ч үгүй бичигдэн үлдэх сэтгүүлч бол Н.Өнөрцэцэг. Түүнийг хүмүүс “Зариг”-ийн Өнөрөө гэдэг нэрээр нь илүү сайн танина.
“Монполимет” компанийн нэхэмжлэлтэй хэрэгт Монголын хуульчдын холбооноос эрх зүйн тусламж хүсээд байгаа Зариг.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийн талаарх дараах баримтыг хүргэж байна.
Н.Өнөрцэцэгийн тухай

-Аав ээж, төрсөн нутгийнхаа талаар танилцуулаач?
– Төв аймгийн Өндөрширээт суманд Наран хэмээх малчин айлын дунд охин болж, 1985 оны наймдугаар сарын 4-нд мэндэлсэн.

-Дунд болон их сургуулиа аль сургуульд төгссөн бэ?
-Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

-Ам бүл хэд вэ?
-Нөхөр, хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг.

Зариг.мн мэдээллийн сайт ба Н.Өнөрцэцэг

-Зариг.мн мэдээллийн сайтыг хэдэн онд, ямар шалтгаанаар байгуулсан бэ?
-Сайтаа 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд нээсэн. Хэн нэгний нөлөөнд, хэн нэгний захиалгаар, хэн нэгнээс цалин авч ажиллахыг хүсээгүй. Хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилготой ажлаа эхлүүлж байлаа.

-Зариг.мн мэдээллийн сайтын хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигчдийн талаар цөөнгүй таамаг явдаг. Бодит үнэнийг хэлж өгөөч?
-“Зариг”-т хөрөнгө оруулалт гээд байх юм байхгүй. Анх гар утсаараа шууд дамжуулалт хийгээд л, үүргэвч үүрээд гүйдэг байсныг санаж байгаа биз дээ. Ажилтан ч үгүй, төрсөн дүү маань машинтайгаа, миний жолоочоор ажиллаж, надад тусладаг байлаа.
“ТМ” телевизийн “Танил хүн” нэвтрүүлгийг сонгуулийн үеэр хийсэн. Тэр нэвтрүүлэгт оролцоогүй нэр дэвшигч үлдээгүй байх. Нэвтрүүлэг хийж, төлбөртэй зочин олсныхоо мөнгөн дүнгийн 15 орчим хувийг авсан нь чамгүй мөнгө болсон. Энэ мөнгөөрөө ойр зуурын хэрэгцээгээ хангаад “Зариг”-ийн ажлаа эхлүүлсэн.

-Зариг.мн мэдээллийн сайтын хамт олны бэлтгэж, сурвалжилсан сурвалжилга, мэдээллээс хэчнээн нь бодит үр дүнд хүрсэн бэ?

-Манай хамт олны өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн мэдээ, сурвалжилсан сурвалжилга бүхэн олон нийтийн төлөө байсан гэж хэлнэ. Эдгээрээс онцолбол, Хойд эцэгтээ зодуулж хүчирхийлэлд өртсөн Энхүүлэй, Мөнхүүлэй нарын асуудлыг хөндөж манай сэтгүүлч Ц.Анхзул маш сайн сурвалжилга бэлтгэсэн. Манай редакци руу сайхан сэтгэлтэй маш олон хүн залгаж, хүчирхийлэлд өртсөн хүүд туслах саналтай байгаагаа илэрхийлсэн. Анхаа бид хоёр ярьж байгаад хандивын аян өрнүүлэх саналыг хүүгийн ар гэрийнхэнд тавьснаар 10 хоногийн дотор Энхүүлэй, Мөнхүүлэй хоёр байртай болсон.

Тэд одоо ээжтэйгээ сэтгэл тайван, дулаахан өвөлжиж байгаа. Хөвгүүдэд хандив өргөсөн сүү шиг сэтгэлтэй иргэд болоод аж ахуйн нэгж, төрийн байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Арав хоногийн хандивын аяны хүрээнд 82 сая төгрөг цуглаж, 60 сая төгрөгөөр нь хоёр өрөө байр авч, 20 сая төгрөгийг хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулсан. Мөн Тээврийн цагдаагийн албаны, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын нэр дээр байдаг орон сууцанд автомат тоглоомын газар ажиллаж байсныг ЗАРИГ ил болгосноор түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын Хэлтсийн дарга нар архидаж, бусдын толгойг архины шилээр цохисон баримтыг “Зариг” мэдээлсэн. Мэдээллийн мөрөөр Хурандаа н.Даваанямыг ажлаас нь чөлөөлж, хурандаа Ж.Төгс-Очир сануулах арга хэмжээ авсан юм. Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидалт болж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа амиа алдсан. Тухай хэрэг гарах үеэр “В.Рэнцэндорж “Хариуцлагатайгаар хэлье, манай өрөөнд архидалт болоогүй” гэж худал ярьсныг “Зариг” газар дээр нь очиж ажилласнаар илчилж, аймгийн дарга худлаа ярьсан нь тогтоогдсон.

Тиймээс манай мэдээллийн мөрөөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байв. Хамгийн сүүлд л гэхэд хандивын мөнгөнөөс сая сая төгрөгийн урамшуулал авсан дарга нар мөнгөө буцааж төлж байна. Мөн Налайхын уурхайн гүнд гурван жил гаруй хугацаанд дараатай байсан хүүгийнх нь цогцсыг ээж, аав нь гаргуулж өгч хүн ёсоор оршууллаа гэх мэт дурдаад байвал маш олон мэдээ, сурвалжилга маань үр дүнд хүрчээ.

-Хэрвээ редакцын удирдлагууд хийсэн материалдаа мониторинг хийдэг бол өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн контент бүтээсэн байна вэ. Түүний хэд нь улстөрчдийн болоод нэр бүхий албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаа, авлига, хээл хахуультай холбоотой мэдээлэл байна вэ?
-Манай сайтын зүгээс “Санах ой”, “Төсвийг мөшгөе”, “Шууд асууя”, “Газар дээрээс нь”, “Арван асуулт”, “Та завтай юу” гээд видео сурвалжлагууд хийж байна. Огт тоолж байгаагүй юм байна.

-Шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдсан гомдлуудаас гарсан шийдвэрийн байдлыг хэлж өгнө үү. Зариг.мн бодит мэдээлэл нийтэлсэн нь нотлогдож, ялсан нь хэд вэ?

-2019-2020 онд “Зариг”-ийн мэдээлэлтэй холбоотой 17 гомдол хуулийн байгууллагад шалгагдсан. Үүнээс 15 нь “Зариг”-ийн талд шийдвэр гарч, хэрэгсэхгүй болсон. Одоогийн байдлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Генерал Д.Гэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын гомдол хуулийн байгууллагын шатандаа явна. Ялагдсан нэг ч тохиолдол байхгүй.

Зариг.мн сайтын хамт олон ба Н.Өнөрцэцэг
-Зариг.мн хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай баг 13-улаа ажиллаж байна.
-Зариг.мн мэдээллийн сайтын редакцынхны бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Шуурхай.

-Зариг.мн сайтын удирдлагууд сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ ур чадварыг сайжруулах, урмыг нь бадраах тал дээр ямар бодит арга хэмжээ авдаг вэ?
-Яг үнэнээ хэлэхэд ур чадвар нэмэгдүүлэх гадна, дотнын сургалтаар хангаж чадахгүй л байна. Гэхдээ бодсон, төлөвлөсөн зүйл олон бий.

-Зариг.мн мэдээллийн сайтын хамгийн оргил хандалт хэд хүрсэн бэ?
-БНХАУ-ын 800 гаруй иргэн Монгол Улсад цахим гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг “Зариг” анх мэдээлсэн. Бид гурван газраас зэрэг шууд дамжуулахад хоёр сая орчим иргэнд хүрсэн. Харин дараагийнх нь ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүтэй хийсэн ярилцлага.

-Танай редакцид хаягласан захидал, баримт цөөнгүй ирж байсан байх. Тоолж байсан бол хэд, тэдний дийлэнх нь ямар асуудлаар хандсан байдаг вэ?
-Манай сайтын редакцийн утас болох 7600-9966 утас яг л лавлах шиг ажилладаг. Ихэнхдээ төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, хээл хахуультай холбоотой мэдээлэл, гомдол ирүүлдэг. “Зариг”-ийн мэдээллийн эх сурвалж нь дарга, сайд, гишүүн биш, харин олон нийт байдаг юм.

Сэтгүүл зүй ба Н.Өнөрцэцэг
-Мэргэжлийн гараагаа хаанаас эхлүүлж, хэд дэх жилдээ сэтгүүлчээр ажиллаж байна вэ?
-“Бизнесийн мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлж байсан, 13 дахь жилдээ сэтгүүлчээр тасралтгүй ажиллаж байна.

-Хэвлэлийн эрх чөлөө Монголд бий гэж боддог уу. Үгүй гэж бодож байвал тодорхой жишээгээр тайлбарлаж өгөөч?
-Хэвлэлийн эрх чөлөө Монгол байдаггүй. Яагаад гэвэл Монгол Улсад ажиллаж байгаа нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй хувь нь улстөрч эзэнтэй. Тиймээс улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, олон нийтийн толгойг хангалттай сайн угааж чадаж байна. Энэ нь жил жилийн сонгуулиар маш тод харагддаг. Авлигажсан улстөрчид сэтгүүлчийн микрофоныг ашиглаж, дуртай дуугаа захиалдаг нь нууц биш.

-Нэр бүхий улстөрч, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааг илчилсний төлөө шүүхэд дуудагдахад МСНЭ тэргүүтэй байгууллагууд хууль, эрх зүйн талаас хэр тусалж, хамгаалж байна вэ?
-Х.Мандахбаяр энэ тал дээр зарчимтай, зоригтой байсан. Олон асуудалд сэтгүүлчийнхээ талд зогссонд талархаж явдаг.

-Одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Ц.Гарамжав гэдэг алтны уурхайтай, үйлдвэртэй, мөнгөтэй, өртэй, намтай, хуулийн байгууллагад нөлөөтэй байж болзошгүй эрхэм нэг сэтгүүлчийн хоёр хөлнөөс нь барьчихаад дуртай мэхээ хийж байна. Хуулийн хүрээнд яаж тоглодогийг нь ч би сайн мэдэрч явна. Баримт нь байгаа цагт түүнд даврах боломж олгохгүй. Монгол Улс хуультай, сэтгүүлчтэй орон гэдгийг тэр удахгүй мэдрэх болно.

-Монголд сэтгүүлзүйн үүргээ биелүүлж үйл ажиллагаа явуулах, сэтгүүлчээр ажиллах хууль, эрх зүйн орчныг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Сэтгүүлч нэг л хазгай гишгэх юм бол Эрүүгийн гэмт хэрэгтэн болох хуулийн дор бид ажиллаж, амьдарч байна. Биднээс шорон нэг их хол биш байгаад сэтгэл эмзэглэж явна. Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон сэтгүүлчийн хувьд ухрахгүй, нугарахгүй, нялцагнахгүй урагшлаад сэтгүүлчээр ажиллах хугацаандаа мөртэй үлдэнэ гэж боддог. Харин бидний араас гарч ирэх сэтгүүлч дүү нарыг маань ийм шоронжсон, хахир салбар хүлээж авч болохгүй. Хууль, эрх зүйн маш хатуу орчныг өөрчлөх ёстой. Ийм байдлаар сэтгүүлчийг хуулийн байгууллагаар дарамтлуулдаг байдал арван жил үргэлжлэхэд Монгол Улс цусаа урсгаж, олж авсан тусгаар тогтнолоо алдана гэж бодогддог. Хуулийн орчин ийм муу, ийм дээрэлхүү учир үнэн, шударгын тухай дуугарах сэтгүүлч ч олдохоо болилоо шүү дээ.

баян сэтгүүлч гэгдэх Өнөрцэцэгийн наадмын гоёлын зураг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!