зөвлөгөө

Б.БАТЗОРИГ: Би тэнгэрийн оронд суугаа хань-тайгаа уулзахдаа нүүр бардам байхын тулд хичээж амьдарч байна.

Гашуун яриа” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт “Эко гар утасны тавиур” компанийг үүсгэн байгуулагч, сайн хань, сайн аав Б.Батзоригийг урилаа. Амьдралын нугачаанд амраг ханиа алдаж, хүнд бэрхийг туулсан ч тэр бууж өгөөгүй. Тэнгэрийн оронд буй ханийнхаа, гурван сайхан үрийнхээ төлөө хоёр дахин илүү хичээж, амьдралаа илүү өнгөлөн тордож, өөрийгөө зоригжуулж явна. Чин үнэнч хайр гэгч чухам болох, хайрын үнэ цэнэ, амьдралын утга учрыг түүнтэй ярилцах цөөн хоромд илүүтэй мэдрэв. Тэр эгэл жирийн боловч олон хүний зүрхэнд гал асаах цуцашгүй хөдөлмөрч, онцгой нэгэн ажээ. Ингээд түүний яриаг хүргэе.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

ААВЫН ХАЙРААР ХАЙРЛАХ УЧИРТАЙ ГЭЖ БОДСОН

Би энэ хүнийг аавын хайраар хайрлах ёстой. Охин шигээ асрах ёстой гэсэн сэтгэл зүйг гаргаж шантраагүй. Мэдээж намайг хардаг харцыг, үнсдэг уруулыг нь, тэврээд авдаг мэдрэмжийг маш их үгүйлж байгаа. Энэ бүгдийг гурван хүүхдийнхээ төлөө л давж туулж байгаа шүү дээ.

ХАМТДАА БҮХНЭЭ БОСГОЖ БАЙЛАА

Анх бид хоёр гэр бүл болохдоо айлын хашаанд гэр бариад, хайлаастын ууланд, жалга гараад машин тэрэг очдоггүй газар амьдарч байсан юм. Хүүхдүүдээ өсгөнө. Нүүрс түлээ, усаа бариад л хоёулаа уулын өөдөө алхдаг байсан. Хамт бүхний төлөө зүтгэж, хамт байшингаа хүртэл барьж байлаа. Намайг огт ганцаардуулж байгаагүй. “Чи буруу зүйл хийлээ” гэж намайг хэзээ ч шүүмжилж байгаагүй.

Үргэлж итгэдэг байсан. Сүүлд өвдөж байх хугацаандаа хүртэл, хүмүүс би өвдөөд байна гээд л хэлдэг шүү дээ. Манай хүн огт “өвдөж байна” гэж хэлдэггүй. Надаас нууж уйлдаг байсан. Би түүнийг нь мэдэрнэ шүү дээ. Эмч нар маань, “Ийм биеийн байдалтай хүн ингэж удаан амьдарч байгаа нь гайхамшигтай юм аа.

Та хоёр минь мундаг шүү” гээд л тусалдаг байсан. Хамт удаан л байхыг хүсэж байгаа шүү дээ. Цаг хором мөч бүхэн маш үнэтэй байсан. “Хоёулаа эдгээд байраа засна” гэдэг байсан. Явснаас нь хойш би байраа зассан байгаа. Манай хүн ээждээ машин авч өгнө гэж ярьдаг байсан юм. Одоогийн байдлаар би машиныг нь аваад бэлэглэчихсэн байгаа. Бид хоёр эмнэлэг явчхаар манай хүүхдийг хараад өгдөг том эгч байсан.

Том эгчийгээ баярлуулах юм сан гэж боддог байсан бол, ханьтайгаа хамт барьсан хашаа байшингаа өнөөдөр эгчийнхээ төрсөн өдрөөр бэлэглэх гэж байгаа. Манай хань чинь аавтайгаа амьдрах боломжгүй өссөн. Ээж, өвөө, эмээтэйгээ л өссөн юм. Аавтайгаа л нэг уулзмаар байна гэж ярьдаг байсан.

Тэгээд аавыг нь хайсаар байгаад, “та ирэх боломж байна уу” гэхэд, өөрөө их дуртай ирсэн. Ирэхэд нь манай хүний бие их хүндэрсэн байсан. Ковид тусаад зовууриа дийлээгүй. Олон зүйл хавсарсан байсан. Тэгээд үнэхээр аварч чадаагүй.

ЭЭЖИЙГ ДУРСВАЛ ААВ УЙЛЧИХНА ШҮҮ ДЭЭ

Том хүү маань одоо гуравдугаар анги. Есөн нас хүрч байгаа. Охин маань нэгдүгээр анги. Долоон настай. Бага хүү маань таван нас хүрч байна. Бид дөрвийн зорилго бол ээжийгээ эрүүл байлгах, ээжийгээ асрах гээд багаасаа хүүхдүүд маань их хэрсүү, юмыг ойлгодог, нэгдмэл болчихсон. Ээжийгээ асардаг хувцсыг нь угаадаг, эм танг нь уулгаж, босгоод хоолыг өгдөг. Манай хүү өөрөө талхаа барина. Охин маань ахтайгаа нийлээд бичнэ. Тийм тийм хүнсний ногоо дууссан. Ногоо авчраарай. Үнсний боолт авчраарай, саван вок дууссан гээд л бичнэ шүү дээ.

Манай гурав санаатай, санамсаргүй ээжийгээ ярьж байгаа. Ярихаар нь яагаад ч юм би уйлчхаад байдаг юм. Тэгэхээр манай охин, “Битгий аавын хажууд ээжийг яриад бай. Аав уйлчихна” гээд л. Тэр хүнийг мэдээж орон зайнаасаа хасаж чадахгүй. Мөнхөд л байна. Бид хоёр их бэлтгэлтэй байсан юм аа. 2018 онд хүндрээд, салах ёс ч хийсэн. Тэгэхэд би, “Миний хайр өнөөдөр л тэсчих. Хайр нь бүх юм аа зараад гадаад руу эмчилгээнд явуулна” гээд чихэнд шивнэж байсан юм. Тэгэхэд гайхамшиг тохиож, эмч нар маань сэхээнд бүхнийг хийж авч үлдэж чадсан. Буцаад нэг өдөр л би тэнгэрт очоод ханьтайгаа уулзах байх. Тэгэхээр би маш хариуцлагатай, бардам байж хайр нь бүхнийг чадаад ирсэн гэхийн тулд сэтгэлээ барьж байгаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!