зөвлөгөө

Солонгосын шоронд хоригдож буй Монгол иргэнээс ирсэн захиа

Монгол Улсын төрийн дуулалаар эхлүүлэн бичсэн нэг захидал манай редакцид ирсэн юм. Хэдийгээр би өөр улсын шоронд хоригдож байгаа ч Монгол Улсын иргэн гэдгээрээ омогшиж тун удахгүй Монголдоо буцаж очно гэдэгтээ итгэж сууна.

Ялын хугацаа ч удахгүй дуусна. Гэхдээ иргэдээ өмөөрч бичдэг “Зууны мэдээ” сониндоо нэгэн захиа илгээх нь зөв гэж бодсон юм. Бусадтайгаа ч зөвлөлдсөн. Учир нь гэвэл харьд суугаа монголчуудад алс хэтдээ хэрэгтэй.

Бас БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамныхан тэнд түр болон бүр хугацаанд буй монголчууддаа анхаарал тавьдаг болоосой гэдэг үүднээс захидлаа тэрлэсэн юм гэжээ. Уг захидлыг эхээр нь нийтэллээ.

БНСУ-ын Дэжон хотын хорих газраас.

Сайн байцгаана уу. “Зууны мэдээ” сонины хамт олон та бүхэнд захиа очих өдрийн мэнд хүргэе! Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний бие Солонгос улсад гэмт хэрэгт холбогдсоны улмаас хоригдож байгаа билээ. Хятад улсын иргэнийг зодож танхайрсан хэргийн улмаас дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн болно.

Ийм хэрэг хийж шийтгүүлсэндээ танай сонинд хандаж байгаа биш билээ. Солонгос улсад байгаа Монгол Улсын Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтан албан хаагч нарт хандаж байгаагаа танай сониноор дамжуулахыг хүсч байгаа билээ. Ямар учраас танай “Зууны мэдээ” сонины газарт хандах болов гэвэл танай “Зууны мэдээ” сонин бусад сонин хэвлэлийг бодвол миний энэхүү бичиж байгаа асуудлыг үнэн зөвөөр бичих байх гэдэгт итгэж байна. Миний бие Солонгос улсад ирээд хэдэн жил болсон.

Энэ хугацаанд Монгол Улсаас Солонгос улсад суугаа Элчин сайд болон яам нь ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй юм. Анх намайг гэмт хэрэгт холбогдоход манай улсын Элчин сайдын яамнаас ямар ч хараа хяналт байхгүй байсан. Одоо ч мөн адил алга л байна. Ганц надад ч биш энд шоронд байгаа монголчуудад. Бусад орны Элчин сайдын яамнаас байнга хүмүүсээ эргэж тойрч хараа хяналт тавьж учирсан асуудал бэрхшээлийг нь шийдэхэд тусалж байдаг юм билээ.

Намайг ял авсан цагаас хойш гурван жил орчим хугацаанд манай Монгол Улсын Элчин сайдын яамныхан ямар ч сураг чимээ алга байна. Хааяа нэг Монголоос ар гэрээс нь хүн ирвэл тэр хүмүүстэй цуг манай Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан Батзориг гэж хүн ирсэн сураг дуулддаг. Бид энд хоригдож байх хугацаанд Монгол орныхоо талаар ямар ч мэдээлэл, сураг чимээгүй байгаа билээ. Дуулдах юм нь хямрал хямраад л байгаа сураг дуулдана.

Үгүй ядаж л манай Монгол Улсын Элчин сайд болон яамны ажилтан албан хаагчид Монголынхоо өдөр тутмын мэдээ сонин хэвлэлээр хангагдаж байгаа байлгүйдээ. Тэр сонин хэвлэлээ бөөгнүүлж байгаад өнгөрсөн ч гэсэн бидэнд ганц удаа авчраад өгчихвөл бид чинь баярлана даа. Энэ шоронд солонгос, хятад хэл дээр л юмаа хэвлэдэг бид ойлгохгүй бид чинь монгол хүмүүс шүү дээ. Урьд нь 2013 оноос өмнө манай Элчин сайдын яамнаас жилд ганц удаа ирээд уулзаад мэдээ мэдээлэл хийгээд явдаг байсан гэсэн.

Уучлаарай манай улсын Элчин сайдын яамныхаан. Энэ бол миний хувийн ойлголт шүү. Тэрнээс биш бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яаманд олон ажилтан албан хаагч байдаг байлгүй яав л гэж дээ. Монгол Улсаас Солонгос улсад суугаа Элчин сайдын яамныхан минь. Сая өнгөрсөн оны арванхоёрдугаар сард миний энэ хоригдож байгаа Дэжоны шоронгийн ажилтан хэлснээр танай Элчин сайдын яамнаас хүн ирнэ гэж сураг сонсоод бид нар овоодоо манай Элчин сайдын яамныхан гэж баярлаад байж байтал танай Элчин сайдын яамныханд ажил гарсан гэнэ ирж чадахгүй гэсэн гээд биднээр манай Монгол Улсын хөдөлмөрийн яамнаас ирсэн хүн амын тооллогын юмуу мэдэхгүй нэг маягтыг шоронгийн харгалзагчаар бөглүүлсэн.

Бид тэгээд хүн амын тоонд орсон юмуу үгүй юмуу юун маягт бөглөснөө ч мэдэхгүй байгаа. Бид чинь уул нь туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улсын иргэд биз дээ. Биднийг ийм газар орлоо гээд үнсэнд хаясан шалз шиг хаяж болохгүй биз дээ. Хэдийгээр бид хүний нутагт гэмт хэрэгт холбогдсон ч гэлээ Монгол Улсын иргэд. Мөн ч байх болно байсаар байх ч болно. Сая энэ Солонгос улсын сонгууль болоод шоронд хоригдож байгаа энэ улсын иргэн хоригдлууд сонгууль өгсөн.

Манай улсад сонгууль болсон. Бидэнд мэдэгдсэн юм алга. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход Б.Бат-Эрдэнэ аварга ирээд л явж байсан. Би тэгэхэд эрх чөлөөтэй байсан учраас сонгууль өгч байсан. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Гэхдээ бидний хувьд тэр нь хаалттай байж болох юм сонгох эрх нь.

Бид Монгол Улсынхаа Элчин сайдын яам руу удаа дараа захиа захидал бичиж илгээдэг боловч хариу ирүүлж байсан удаагүй. Биднийг манай Монгол Улсын иргэн гэж боддог юмуу асуудал бэрхшээл гараад л бид ганц харж хандах газраа хандаж байгаа шүү дээ. Энд бидний аав, ээж, ах дүү нар маань хүрч ирээд байх тийм боломж ч байхгүй шүү дээ. Энд байгаа болон бусад оронд байгаа Элчин сайд болон Элчин сайдын яамныхан татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж цалинжиж байдаг байх.

Тэгвэл тэрэнд чинь бидний аав, ээж, ах дүү нар бас татвараа төлж байгаа хойно. Биднийг жилд ганц удаа эргэж ирээд мэдээ мэдээллээр хангаж, өнгөрсөн ч байсан хамаагүй сонин хэвлэл өгч байхыг хүсч байна. Тэгвэл бидний хэсэг нөхөд хүний газар эрх чөлөөгөө хасуулсан Монгол Улсын иргэд баярлаж талархах болно. Бид илүү юм хүсээгүй. Хийсэн хэргийнхээ шийтгэлийг даагаад гарах болно. Хийсэн юм чинь дуустал нь суух болно. Эх орондоо очно.

БНСУ. Дежон хотын хорих газар, Монгол Улсын иргэн н.Мөнхбат

Эх сурвалж: “Зууны Мэдээ”

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!