зөвлөгөө

Экс ерөнхийлөгч маань ийм зүйл хийж явна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш олон нийтийн өмнө ил гараагүй нам жим байсан билээ. Тэрбээр баяр наадмын амралтын өдрүүдэд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэлтэй нь танилцан, амжилт хүсчээ. Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчаар ажилладаг билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж буй юм. Тэд бэлтгэлээ хангаж, тун удахгүй Монгол Улсаа төлөөлж Япон Улсыг зорих гэж байна.

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-нөөс 31-ний хооронд явагдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ

Эмэгтэй

-48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг

-52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам

-57 кг-ын жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч

-78 кг-ын жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй

-60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин

-66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү

-73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар

-81 кг-ын жинд Саиед Моллай

-90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана

-100 кг-ын жинд МУГТ Л.Отгонбаатар

+100 кг-ын жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдана.

Шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно. Мөн холимог багийн тэмцээнд монгол тамирчин өрсөлдөх юм. Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.

“Спортын өнгө” ёониныхоо албан ёсны анхны дугаарт УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын спортын нэрт зүтгэлтэн Халтмаагийн Баттулгыг урьж, спортын тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Та МЖБХ-ны ерөнхийлөгчөөр 2006 оны есдүгээр сараас ажиллаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг танд анх хэн тавьж байв?

-Ч.Насантогтох багш санал тавьсан. Надтай уулзаж, “Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэчихвэл бидэнд боломж байна” гэж байсан. Би тухайн үеийн МЖБХ-ны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цэрэнпунцаг нартай ярилцаад ерөнхийлөгч болсон.

-Таныг ажил авахад МЖБХ ямархуу байдалтай байсан бэ?

-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос бүх спорт уналтад орсноор олимп, ДАШТ-ээс хааяа нэг хүрэл медаль авдаг болсон байсан. Намайг энэ ажлыг авах үед ганц Х.Цагаанбаатар л жиндээ дэлхийн чансааны эхний 10 байрт бичигддэг, монголчууд бөхийн төрлүүдээс сүмог л үзэж баясдаг байлаа. Гэвч олимпийн наадам хоёр жилийн дараа БНХАУ-ын нийслэл Бээжинд болох гээд байдаг. Зуны олимпийн наадам Ази тивд дахиж хэдэн жилийн дараа болоо ч билээ.

Хоёр жил бага хугацаа ч гэсэн бидэнд материал байгаа юм чинь болно гэсэн эрмэлзэлтэйгээр зүтгэсэн. Тэгээд ч Монгол Улсын төрийн дуулал Бээжингийн тэнгэрт эгшиглэх нь монгол хүн бүрийн туйлын хүсэл байсан.

-Та ажлаа юунаас эхлэв?

-Олон улсын цуврал тэмцээний 80 хувьд нь цөөнгүй тамирчин оролцуулах нь нэн тэргүүний зорилт байлаа. Хэдэн жилийн өмнө гадагшаа тэмцээнд явах нь өдрийн од шиг ховор байсан бол одоо бараг залхаж байгаа биз. Хүмүүс “Жүдогийн ийм олон тэмцээн болдог болсон юм уу” гэж асуудаг. Эдгээр тэмцээнд манайхан л оролцдоггүй байсан болохоос байдаг л байсан. Тамирчдаа Япон, Францын мундаг жүдочидтой нэг зочид буудалд байрлуулахыг зорьсон.

Гадны шилдэг тамирчидтай адилхан хоол идэж, адилхан хувцас өмсөх нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ. Монголчууд хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс болж тэмцээн болж буй хотын захад, манайхаар бол Яармаг, Биокомбинатын хямдхан буудалд байрладаг байсан. Тэндээсээ тэмцээн болох газар руугаа цаг гаруй явж хүрч, жингээ үзүүлчихээд буцаад явдаг байсан. Ингэх нь жин хасч буй тамирчинд маш хүндрэлтэй.

-Тантай хоёр жилийн өмнө ярилцлага хийхдээ Спортын төв ордны “Б” заалыг хэрхэн жүдогийнх болгосон тухай асуусан. Тэгэхэд та “Юм юм болж байж шийдвэрлэсэн” гээд өнгөрсөн. Харин энэ удаа тодорхой хариулт өгнө биз дээ?

-“Бид засвараа хийнэ, улсаас юу ч авахгүй” гэж хэлээд авсан. Теннис ч бил үү ордог байсан. “Жүдогийнхон яахаараа ингэж монопольддог юм бэ” гээд бөөн юм болж байсныг санаж байна. Намайг тамирчин байхад жүдогийн заал жижигхэн, нэг, хоёрдугаар шигшээ багийн нийт 20-30 хүн бэлтгэл хийдэг байсан. Өөрөөр хэлбэл нэг жингийн хоёр гуравхан хүн хоорондоо уйдталаа барилдаж, бие биеэ нэвт шувт мэддэг болоод байлаа.

Харин Спортын төв ордны “Б” зааланд шигшээ багийнхныг клубүүдтэй хамт бэлтгэл хийлгэх болсноор тамирчид өөрсдийгөө хүссэн хүсээгүй дайчлах болсон. “Хилчин” юм уу “Хангарьд” клубийн жаахан хүүхэд бэлтгэлийн барилдааны үеэр Х.Цагаанбаатараас үнэлгээ авчихвал урамшина. Дархлагдсан нөхөд сураггүй гарт үнэлгээ алдаад юм бодно биз дээ. Цөөхөн хэдэн жүдочоо Спортын төв ордны “Б” зааланд хамтад нь бэлтгэл хийлгэж, цагийг клубүүдэд нээлттэй болгосон нь хоёр дахь том зорилт байлаа.

-МЖБХ 2006 оноос шинэ менежмент хэрэгжүүлснээр 50 дэд ерөнхийлөгчтэй ажилласан. Тэднийг хэрхэн татав?

-Тоо нь 50 арай хүрээгүй байх аа. Монголчууд бүгдээрээ бөхөд, тэр тусмаа үндэсний бөхөд дуртай. Гэхдээ үндэсний бөх маань дотогшоогоо бодлоготой. Би МЖБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа бизнесмен, бөхөд элэгтэй хүмүүст хандаж “Та нар найрааны начин төрүүлдэг мөнгөө их спортод зарцуулж, олимп, дэлхийн аварга болох нутгийнхаа тамирчдыг дэмжээч ээ” гэж аймаг, дүүргийг хариуцуулж өгсөн.

МЖБХ-ны дэд ерөнхийлөгчийн жилийн татвар нь 20 сая төгрөг. Үүнийгээ татами, кимоно, дасгалжуулагчийн цалинд зарцуулдаг. Увс аймгийн бараг сум бүр татамитай болсон байна.

-Дэд ерөнхийлөгчид жилийн татвараа МЖБХ-нд хураалгадаггүй юм уу?

-Харин үүнийг тодруулж хэлэхийг хүсч байлаа. Хүмүүс энэ мөнгийг намайг хурааж авдаг юм шиг санадаг. Дэд ерөнхийлөгч нарын татварын мөнгө миний гараар дамждаггүй шүү.

-Тэгвэл тэд жилийн татвараа тухайн хариуцсан дүүрэг, аймагтаа яг зарцуулж чадаж байна уу?

-Эхний үед нэлээн идэвхитэй байсан. Харин сүүлийн үед жаахан алдаг оног болоод байна.

-Та “Материал бий” гэдгээрээ Монгол бөхийн орон гэсэн санааг илэрхийлж байна уу?

-Тийм. Монгол хүүхэд бүр барилдаж өсдөг. Бараг сум бүрт Н.Түвшинбаяр, А.Сүхбат, Д.Дагвадорж байгаа. Энэ түүхий эдийг жаахан боловсруулахад л амжилтад хүрнэ. Харин Европын дасгалжуулагч нарт барилдах хүүхэд олдохгүй байна.

-Манайд материал байна. Харин дэлхийн хэмжээний дасгалжуулагч бэлтгэхийн тулд яах ёстой юм бэ?

-Манайд яг бэлтгэгдсэн дасгалжуулагч байхгүй. Гадагшаа суралцахаар явсан хүмүүс тэндээ амьдралаа олохоороо эргэж ирэхгүй юм. Бат-Эрдэнэ гэж монгол залуу Японы залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэнд сургууль төгсөхөд нь аваад үлдчихсэн юм билээ. Жүдо бөхийн дасгалжуулагч хийх хүн Японд олдохгүй байв гэж. Тэгэхээр мань хүн сайн байгаа хэрэг. Япон дахь нөхцөл нь сайн болохоор Монголд ирэхгүй байна.

-Манайд дасгалжуулагч нарын нөхцөл ямархуу байна вэ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш О.Балжинням сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?

-Монголд хэцүү шүү дээ. Сарын цалин нь хэд юм бол. Цалинг нь Спортын бэлтгэлийн төв олгодог. МЖБХ-ноос урамшуулал олголгүй яах вэ.

-Итали дасгалжуулагч Эцио Гамба ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багт өндөр амжилт дагуулж ирсэн. Гаднаас дасгалжуулагч урих бодол танд төрж байсан байлгүй?

-Цалинг нь дийлэхгүй. Сард 10 мянган еврогийн цалин өгөх хэцүү. “Роснефть” л гэхэд ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийг жилд төсвөөс гадуур 10 сая ам.доллараар ивээн тэтгэдэг.

-Монголын жүдочид сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг олонтаа гаргалаа. Харин төр засаг жүдочдоо хэр дэмжиж байна вэ?

-Ойлгохгүй байна. МЖБХ баян болохоор мөнгөө өөрсдөө гарга гэсэн хандлагатай. Бид сая ДАШТ-д оролцохын тулд 50 сая төгрөг зээлж, онгоцны тасалбараа бичүүллээ. Инчёны Азийн наадмаас хойш болсон бүх тэмцээний зардлыг МЖБХ, тамирчид гаргасан. Зовлон яривал их юм бий.

-Та Монгол Улсын гурван Ерөнхий сайдтай хамтарч ажилласан. Спортыг хамгийн их ойлгодог нь хэн байсан ?

-За бараг л ойлгохгүй дээ. С.Баяр л “Жүдо бөх овоо амжилт гаргаж байна шүү” гэж ганц л өгүүлбэр хэлж байсан байх.

-Ерөнхийлөгч нараас?

-Ц.Элбэгдорж их зориг гарган байж олимп, ДАШТ-ий медальтнуудад насан туршийн урамшуулал олгох зарлиг гаргасан.

-МЖБХ-ны жилийн төсөв хэд вэ?

-Хоёр тэрбум орчим төгрөг.

-Таны халааснаас хэд нь гарч байна вэ?

-Тэрбум гаруй. Би МЖБХ-ны ерөнхийлөгчөөр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадам хүртэл ажиллаад “зодог тайлна” гэж бодож байгаа (инээв).

-МЖБХ-ноос 2012 оны олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдадаа тэрбум, 500 сая, 300 сая төгрөг өгөхөө амлаж байсан. Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нар шагналын мөнгөө авсан уу?
-Тамирчдаа идэвхижүүлэхийн тулд тийм урамшуулал зарласан. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал их байгаа болохоор өгч чадаагүй байна. Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нар зовлонг нь мэдэх болохоор ойлгож байгаа. Монголын жүдогийн ордноо барьж дууссаны дараа гүйцээж өгнө.

-Та тамирчдадаа юуг их захьдаг вэ?
-МЖБХ “Хамтын хүч-Амжилт” уриатай. Нэг хүний амжилтын ард маш олон хүн байдаг. Аав ээж, ах дүү, манай холбооны дэд ерөнхийлөгч, багш дасгалжуулагч, бэлтгэл хангагчаас эхлээд заал цэвэрлэж буй хүний оролцоо хүртэл байдгийг ойлгуулахыг хичээдэг. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн, 20 гаруйхан настай залуучуудад биеэ тоох гэж айхавтар юм тохиолдоно.

-Та тэр үед нь уулздаг биз дээ?
-Уулзана аа уулзана (инээв).

-Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөчлөг талаасаа илүү гарчээ. МЖБХ хоёр жил хүрэхгүйн дараа болох олимпийн наадамд ямар зорилт тавьж оролцох вэ?
-Бид эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоо, нийт 14 жинд бүтэн багаараа хүч үзэх зорилготой байна. Ингэхийн тулд манай тамирчид ОУЖБХ-ны чансааны жин бүрт эхний 32 байрт бичигдэх шаардлагатай.

-Медалийн хувьд?
-Хоёроос гурав. Түүнээс олныг хүртэх хэцүү. Монгол жүдоч эрэгтэйчүүдийн 60, 66, -100, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшээ барилдаанд шалгарсан байхад хэн ч гайхахгүй.

-Монголын олон шилдэг жүдочийн нас явчихлаа. Тэднийг залгамжлах, ирээдүйд Монгол Улсын нүүрийг тахлах тамирчид хангалттай хэмжээнд бэлтгэгдэж байна уу?

-Хичээж л байна. Ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Монголын жүдо академийг 2009 онд байгуулсан. Жишээлбэл ОУХМ Г.Алтанбагана эндээс л төрж гарсан. Бас нэг зовлон байна. Ирээдүйтэй сайн тамирчин болох хүүхдүүд хөдөөнөөс ирдэг. Хуучных шиг хамаатнууд нь гэртээ тэр бүр байлгаад байхгүй юм. Охин хүүхэд бүр хэцүү. Тэднийг Дэнжийн мянгаас Спортын төв ордон руу хүргэж өгч, авах хүн олон биш.

Энэ мэт шалтгаанаас болж шилдэг тамирчин болох хүүхдүүдээ алдчихаад байна. Харин Монголын жүдогийн ордон баригдчих юм бол энэ мэт асуудал тулгарахгүй. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд жүдогоор хичээллэж, сургуульдаа явж, ордондоо байрлана. Япон, солонгосчуудынх шиг бэлтгэлийн төвтэй болох гэсэн санаа юм.

-Монголын жүдочид ордныхоо шавыг Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт жилийн өмнө тавьсан. Барилгын ажил ямархуу шатандаа явж байна вэ?
-Хундаамаа ухаад эхэлсэн. Цемент, арматурыг хүнээс зээлэх гээд явж байна. Уг нь бөхөд хайртай өрх бүр нэг хонь, ямаа хандивлахад л босчих юм.

-Монголын жүдогийн ордон босчихвол Спортын төв ордны “Б” зааланд бэлтгэл хийх шаардлагагүй болно гэж ойлгож болох уу?

-Үгүй. Спортын төв ордны “Б” зааланд бэлтгэлээ хийсээр байх болно.

-Та ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визертэй ямархуу харилцаатай байдаг вэ?

-Жаахан ярвагар хүн л дээ. Томчууд угаасаа тийм байдаг хойно. Гэхдээ МЖБХ богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн болохоор их үнэлдэг, надтай гайгүй харилцаатай. Нэг холбоог нэг хүн гэж бодвол мань эрийн удирдаж буй 200 хүний нэг нь би.

-Жүдо бөх дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаагийн нууц нь юунд оршиж байна вэ?

-Та бүхэн АНУ-ын Форт-Лодердейл хотод саяхан болсон залуучуудын ДАШТ-ий мэдээллийг авсан байх. Япон долоон алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнг тэргүүлж, араас нь нэг аваргатай есөн улс жагссан. Иймэрхүү зүйл ДАШТ, “Их дуулга”, “Гранпри”-гээс ажиглагддаг. Аливаа тэмцээний алтан медалийг жигд хүртээх ОУЖБХ-ны бодлого явж байна.

-Бодит жишээ дурдахгүй юу?

-Өнгөрсөн жил Бразилын Рио-де-Жанейрод болсон ДАШТ-ий эхний өдөр монголчууд алт, мөнгөн медаль хүртсэн. Гурав дахь өдөр болсон эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хагас шигээд С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар таарч, нэг нь шигшээд шалгарах магадлал өндөр байсан. ОУЖБХ-ны бодлого алдагдах гээд байсан болохоор шүүгч нар Францын Уго Леграныг манай хоёртой барилдахад улайм цайм дэмжсэн.

-Та энэ бодлогыг дэмждэг үү?

-Дэмждэг. Хэдэн тамирчин хохирох ч жүдо бөх дэлхий даяар хөгжих боломж бүрдэж байна. Оросууд шүүгчтэй нийлж ялж, бараг бүх жинд аварга болдог болохоор самбо бөх дэлхий даяар хөгжихгүй байна.

-Монгол Улс ОУЖБХ-ны Дэлхийн цомыг 2009-2012 онд дөрвөн удаа, “Гранпри”-г 2013 оноос хойш хоёр удаа зохион байгуулсан. Тэмцээнээ “Их дуулга”-ын зэрэглэлтэй болгоход юу шаардагдах вэ?

-Мөнгө (инээв). Бүгд л мөнгө шүү дээ. Зохион байгуулах эрхийн төлбөр болон шагналын сан нь тус бүр 100 мянган ам.доллар. Үүний хажуугаар зохион байгуулалтын зардал гэж багагүй юм гарна.

-Тэгвэл ДАШТ бүр үнэтэй байх нь ээ?

-Таван сая ам.доллар төлж байж зохион байгуулна.

-Том тоо байна шүү …

-Монгол Улс ДАШТ-ийг зохион байгуулж болно. Гэхдээ төр засаг дэмжих хэрэгтэй. МЖБХ бөөн мөнгө гаргаад зохион байгуулахад ямар ч ашиггүй. Энэ жилийн ДАШТ Челябинскт болоход “Трактор” ордон зургаан өдөр дүүрэн үзэгчтэй байлаа. Урд талын суудлын үнэ 50 евро байсан ч бүгд зарагдсан. Харин монголчууд ДАШТ-ий тасалбарыг ийм үнээр худалдаж авах уу. Өндөр цалинтай хүн амралтын өдөр спортын тэмцээн уралдаан үзнэ. Харин автобусныхаа мөнгийг яаая гэж байгаа хүн ингэхгүй л болов уу. Спорт бол улс эх орны эдийн засгийг дагаж хөгждөг том салбар.

-Ө.Дүүрэнбаяр Монголын жүдочдоос залуучуудын ДАШТ-д анхлан түрүүллээ. Дотоодын өрсөлдөөн их сул байгаа +100 кг-ын жинд аварга болсон нь сайхан санагдлаа?

-Хүнд жинд бэлтгэл хангагч байхгүй. Би Б.Тэмүүлэнд “Чи үндэсний бөхийн найз нараа бэлтгэлд дуудаж ирүүл. Тэгээд жаахан худлаа унаж урам өг. Өөрөөсөө хөнгөн жингийн бөхчүүдтэй барилдсанаас 140-150 кг жинтэй өрсөлдөгчтэй тулах нь чамд бэлтгэл болно” гэж хэлдэг юм.

-Монгол үндэсний бөхийг шинэ шатанд хэрхэн гаргах вэ?

-Дотогшоо хумигдсан бодлогыг халах хэрэгтэй. Япончууд гадагш тэлсэн бодлого баримталснаар жүдо, сүмогоо гаргаад ирлээ. Япон, монгол хүн хоорондоо барилдах нь ямар ч хүний сонирхлыг төрүүлнэ биз дээ. Харин үндэсний бөх ялзарч гүйцлээ. Ингэхэд улсын гарьд Д.Рагчаа хэдэн настай юм бэ?

-1976 оны луу жил төрсөн. 36 настай.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр?

-1978 оны морь жил төрсөн. 38 настай.

-Уг нь тулааны маягийн спортод ид залуу хүмүүс амжилт гаргамаар юм. Гэтэл залуучууд ахмадуудаа дийлэхгүй байгаа нь энэ спорт хөгжөөгүйг хэлж байна.

-Залуучууд яагаад их спортыг гэхээсээ үндэсний бөхийг илүүтэй сонгоод байна вэ?

-Үндэсний бөхөд мөнгө хийх боломж байна шүү дээ. Тэгээд баавар гэж нэг сайхан зүйл байна. Хөдөө явж байхад сумын заан цолтой бөх хэнийхээр ч орсон хүндлүүлдэг. Айлынхан нь “Чшшш, заан унтаж байна” гэж шивэгнэж ярих нь энүүхэнд (Инээв). Их спортын бэлтгэл сургуулилалт хүнд л дээ. Хүүхэд байхаасаа хичээллээгүй болохоор, дэг жаягийг дийлэхгүй байна. Жүдогоор олимпийн аварга болсон ч бааварлаж болохгүй. Багш, хамт олноо хүндэтгэсэн хэвээр байдаг.

-Та зарим жил улсын баяр наадмын бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрэлээнд очиж үздэг. Шулуухан асуухад хэдэн хүнийг дэмжиж цолд хүргэсэн бэ?

-Сонгуулиар явахад нутгийн хүмүүс “Манай Баянхонгор улсын цолтой бөхгүй боллоо” гэж их ярьдаг. Нэг бие муутай өвгөн хүртэл утсаар “Чи улсын нэртэй засуул хүний хүүхэд. Ахыгаа амьдад нутгаас улсын цолтой бөх төрүүлмээр байна” гэж ярьсан. Тэр өвгөн өөрийнхөө биед биш бөхөд санаа зовж байгаа нь Монгол бөхийн орон гэдгийн илрэл. Тэгэхээр нь би улсын цолтон төрүүлж өгөхөө амлана биз дээ. Сонгогдсоны дараа амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй. Гурван бөхийг дэмжиж улсын цолд хүргэсэн юм байна.

-Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, үндэсний бөхийн улсын начин Б.Сугаржаргал энэ жилийн улсын баяр наадмын үеэр хөлийн цэцээр ажиллаж байсан Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Таныг энэ үйлдэлд хатуу шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан тухай дуулсан?

-Тэр бөх МЖБХ-нд харьяалагдахаа больсон. Өөрөөр хэлбэл бид Б.Сугаржаргалыг жүдогоор дахиж барилдуулахгүй. Цаашид зөвхөн үндэсний бөхөөрөө барилдана биз. Гавьяа байгуулсан ахмад хүнд тэгж хандсан нь Б.Сугаржаргалын ёс зүйгүйг харуулж байна.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

-Та бүгдэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Д.НАНЖИД, С.ШИЖИРБАТ

Эх сурвалж: “СПОРТЫН ӨНГӨ”

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!